Даргыг хамгаалж, иргэдийг боомилох “доромжлох” заалт хэрхэх вэ?

🕔 2022/05/26 10:51

Даргыг хамгаалж, иргэдийг боомилох “доромжлох” заалт хэрхэх вэ?

 

Хуулийн нэг л үг, өгүүлбэр бидний амьдралд шууд нөлөөлөл үзүүлж байдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Яг л өөрийн бие, эргэн тойрны амьдрал дээр нь тохиолдохоос нааш хуулийн цэг, таслал хүртэл ямар чухлыг ойлгодоггүй юм билээ. Харин эрүүгийн гэмт хэрэг биш хэмээн үзэж хуулиас хассан нэгэн заалт эргэн ирэхээр хуулийн төсөлд тусгагдсаныг уншигч та бүхэн мэдсэн үү. Энэ бол доромжлох гэмт хэрэг.

Доромжлох гэмт хэрэг гэдэг нь манай улсын Эрүүгийн хуульд сүүлийн 90 орчим жил амь бөхтэй оршиж, “Социалист маягийн гэмт хэрэг” хэмээн цол автлаа явсан зүйл. Харин 2017 оны долоодугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар энэхүү заалтыг хуулиас хассан. Ингэхдээ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөмжийн дагуу хасаж байлаа. Гэвч ердөө тав хүрэхгүй жилийн дараагаар өнөөх “Хадны мангаа” чинь дахин амилахаар хөдөлж байна.

Ингэхдээ анх “Толгойг нь тас цавчиж” байсан эрхэм дахин амилуулсан гэж хэлж болно. Учир нь өдгөөгийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын гишүүн байхдаа 2017 онд “доромжлох” заалтыг хасаж байсан бол Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөрөө эргэн сэргээв. Энэ өргөн барьсан төслийнх нь 13.15 дугаар зүйлд “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ. Нэг үгээр өнөөх хасагдаж байх үеийнхээ заалтаас утгын ямар нэгэн өөрчлөлт байхгүйгээр шууд оруулж ирсэн байна.

Харин дарга удирдлагууд өмнө нь Эрүүгийн хуулиас хасангуутаа Зөрчлийн хуульд оруулж, тун ч идэвхтэйгээр торгож эхэлсэн байдаг. Үүнийг нь хуулийн хулгайгаар төр ашиг хийж байна гэж хэлэх хуульчид ч байдаг юм билээ. Тэгвэл гүтгэх, доромжлох гэсэн заалтаар хамгийн их дуудагдаж, ял, шийтгэл авдаг хүмүүс бол сэтгүүлчид аж.

Судалгаанаас харахад, 2017 онд 28, 2018 онд 486, 2019 онд 355 хүн холбогдож бүртгэгдсэн байна. Үүнээс, 2017 онд дөрвөн сэтгүүлч, 2018 онд 17 сэтгүүлч, нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 2019 онд дөрвөн сэтгүүлч, нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоёр сая болон хорин сая төгрөгөөр торгуулжээ. Тэгвэл 1999-2015 онуудад нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, гүтгэлэг, доромжлолтой холбоотой шүүхээр иргэний 665 хэрэг шийдэгдсэний 363 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой бол эрүүгийн 73 хэргийн 37 нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.

Энэ бүхнээс харахад гүтгэх буюу доромжлох гэсэн гэмт хэрэгт ихэнхдээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл холбогдсон нь анхаарал татаж байна. Хуулиар далайлган дөрөв дэх засаглалын дуу хоолойг барьж, айдаст автуулах гэсэн эдгээр оролдлого нь манай улсын хэвлэлийн эрх чөлөөг хэдэн арваар ухраасан байж мэднэ. Харин доромжилсон гэдгээр жирийн иргэд хоорондын хэрэг огт шийдэгдэж байгаагүй аж. Нэг ёсондоо хэн нэгэн дарга, албан тушаалтан л “Энэ намайг доромжиллоо” хэмээн гомдол гаргадаг. Эргээд тухайн хүнийг доромжилсон гэдгийг нь хэн тогтоох вэ гэдэг өөрөө өрөөсгөл асуудал.

Ямар жинтэй хүнийг бүдүүн гэх вэ, ямар өндөртэйг нь намхан гэж хэлж болох вэ гэдгийг тодорхойлох аргагүй учраас зөвхөн тухайн гомдлыг хянаж байгаа цагдаа, прокурор, шүүгчийн үзэмжээс л хамаарна. Харин нэхэмжлэгч буюу гомдол гаргагч тал нь дарга, албан тушаалтан учраас тэдний талд шийдэгдэх нь олонтаа.

Хэдэн жилийн өмнө нэг сэтгүүлч “Дарга 13 удаа томилолтоор явжээ” гэсэн утга бүхий мэдээ нийтлүүлснийхээ төлөө буруудаж, Зөрчлийн хуулиар шийтгүүлж байсныг санаж байгаа байх. Учир нь тухайн дарга гомдол гаргаж, түүнийг нь шалгаж хянахад өнөөх нөхөр 12 удаа л томилолтоор явсан болж таарсан. Харин түүнийг нь сэтгүүлч 13 гэж гүтгэн доромжилсон учраас буруудсан юм.

Тэгвэл Эрүүгийн хуульд доромжлох заалтыг эргүүлэн оруулж ирэхдээ салбарын сайд нь “Сэтгүүлч, коммедиан нарын “элэглэл” доромжлол биш” хэмээн хэлж байлаа. Тэгвэл эргүүлээд асуухад элэглэсэн гэдгийг нь хэн нотлох вэ. Дээрээс нь нэмээд жирийн иргэн яагаад үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө доромжилсон гэгдэж эрүүгийн гэмт хэрэгтэн болох ёстой гэж. “Доромжлол” гэж үүнийг хэлнэ гэсэн тодорхойлолт байхгүй, сэтгүүлч, коммедиан нарыг энэ заалтад хамруулж үзэхгүй гэж хуульд бичээгүй. Бичих ч арга байхгүй. Тиймээс гомдол гаргасан л бол хэн байхаас үл хамаарч дээр бичсэнчлэн Эрүүгийн хуулийн заалтаар ял авна. Ингээд нэг насаараа ял шийтгэл эдэлж байсан гэсэн хар тамгатай болно.

Мөн худал мэдээлэл тараах гэдэг зүйл ангиар шүүхээр өнгөрсөн 2020 онд 15 хэрэг шийдэгдсэн байна. Энэ дотор нь гутаах, дорожлох үг хэллэг хэрэглэсэн хэмээн буруутгагдсан хэрэг ч байгаа гэдгийг хуулийнхан тайлбарлаж байна лээ. Ер нь бол эцсийн дүндээ энэ заалтыг Эрүүгийн хуульд оруулахыг санаархаж байгаа нь ганц л далд санаатай бөгөөд тэр нь дарга нарыг хамгаалах. Хэвлэл мэдээлэл, сошиал орчноор элдвээр нь хэлж, бичиж, нэр хоч өгч болохгүйг л анхааруулах гэсэн хэрэг. Улмаар гэмт хэрэгт холбогдсон гэдэг үндэслэлээр тайлбар, мэдүүлэг авах, мөрдөн шалгах, залхаан цээрлүүлэх мэтээр айдас бий болгоно. Айдас бий болсноор хараат бусаар хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь хумигддаг гэдгийг учир мэдэх нь хэлж байгаа.

 

Ийм л агуулга байгаа болохоос бус Бат, Дорж хоёрын уурандаа хэлсэн үг, нэгнээ доромжилсон байдлыг хуулиар шийдэх гэсэнгүй. Жирийн иргэдийн хооронд ийм төрлийн гомдол гарч байгаагүйг ч дээр дурьдсан. Өнгөрсөн сонгуулийн үеэр асар олон хүнийг өөрийн цахим хуудастаа сэтгэгдлээ илэрхийлснийх нь төлөө Зөрчлийн хуулиар далайлган шалгасан, дуудаж байсан ч гэж яригддаг билээ.  Магтаал, доромжлол нь ердөө л нэг зоосны хоёр тал. Нэг нь байж гэмээнэ нөгөөх нь байдаг, сайн муутайгаа сав дүүрдэг жамтай. Ёстой л нөгөө “Бүдүүн хүүхнүүд байгаа учраас бусад нь туранхай харагдаж байгаа юм шүү” гэсэн хошин яриа шиг ойлгож болно. Олон улсын жишгээр нэр төр, алдар хүндийг гутаасан, доромжилсон гэж үзвэл асуудлыг Иргэний хуулиар шийддэг аж. Ингэхдээ тухайн нэхэмжлэл гаргагч нь өөрийгөө доромжлогдсон, алдар хүндийг нь гутаасан гэдгээ нотлох ёстой болдог. Хүн нэрээ тогос өдөө гэдэг шиг хэр цэвэр гэдгээ батлах шаардлагатай гэсэн үг.

 

Харин эрүү болон зөрчлийн хэрэг гэж үзвэл хэрэгт холбогдогч өөрийн үг, үйлдлээ нотлох хэрэгтэй болдог. Хэн нэгэн даргыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хэлсэн хүн тухайн хүнээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг нотлох шаардлагатай болно. Ингээд нотолж чадахгүй учраас мөнгөн торгууль болоод бусад ял авна. Тиймээс л Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон хүн энэ төрлийн ял авах болчихоод байгаа юм. Тэр ч бүү хэл “Хүзүүгүй, данх, бидон, боов, бохь, Хатан ижий” гэж хочлон дуудаж, цахим орчинд сэтгэгдэл бичиж, хэвлэн нийтэлж болохгүй болно. Харин энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Намайг данх гэдэг. Тэгж л байг л дээ. Улс төрийн албан тушаалтай, хариуцлагатай, эрх мэдэлтэй нөхдийг хэлж л байх ёстой шүү дээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна билээ. Тэгвэл шийдвэр гаргах түвшинд хэт олуулаа суугаа олонхын бүлгийнхэн та, бидэнд “Хүзүүгүй, данх, бидон, боов, бохь, Хатан ижий” гэж бичих эрхийг үлдээх эсэхийг харах л үлдлээ.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

скачать dle 12.0

Санал болгох