Нөөцийн мах худалдаанд гарлаа

🕔 2016/05/17 11:50

Нөөцийн мах өчигд­рөөс эхлэн худалдаанд гарлаа. Үүнтэй холбог­дуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нар мах бэлтгэлийн "Баатарууд тэнгэр” ХХК-ийн агуулахад очиж, нөөцийн махыг бэлтгэж буйтай газар дээр нь танилцсан юм. 

Засгийн газраас өнгөрсөн онд "Мах хөтөлбөр”-ийг баталж,  Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан дотоодын зах зээлд тогтвортой үнээр мах нийлүүлэх болон экспортлох сонирхолтой мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, хөргөлттэй зоорийн аж ахуй эрхэлдэг компани, аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн.


Энэ ажлын хүрээнд нөөцийн махыг бэлтгэн борлуулах "Баатарууд тэнгэр”, "Дархан мийт фүүдс”, "Эй Эн Ди Эм”, "Мах импэкс”, "ХКҮ”, "Эрдмийт”, "Саян Уул” зэрэг компаниудад нийт 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жилийн 12.5 хувийн хүүтэй 2018 оны найм­дугаар сар хүртэлх хугацаанд олгох ажил эхлээд байгаа юм.

Нөөцийн мах бэлт­гэлтэй танилцах үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа 2013-2015 онд хэрэгжсэн "Махны нөөц бүрдүүлэх үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор нийт долоон компанид 198.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, 40.5 мянган тонн махыг нөөцлөн ху­дал­дан борлуулсан гэдгийг хэллээ. Мөн "Өмнөх жилүүдэд санхүүжилтийн дийлэнх хувийг Монголбанк гаргадаг байсан бол энэ жил махны нөөцийн бүх санхүүжилтийг арил­жааны банк өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж, хяналт тавина. Энэ нь махны үнэ тогтворжуулах, нөөц бүрдүүлэх үйл ажил­лагаа илүү зах зээлийн зарчмаар зохицуулагдаж, төсөвт ачаалал үүсэхгүй байх эхлэлийг тавьж байгаа юм” хэмээн онцоллоо.

Нөөцийн махыг Улаан­баатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын ирэх долдугаар сар хүртэлх хэрэгцээнд зориулан батлагдсан бор­луулалтын цэг, дэлгүү­рээр тогтвортой үнээр нийлүүлэх юм.

Ханшийн тухайд өнгөр­сөн оны нөөцийн махтай харьцуулахад дунд­жаар 300 орчим төг­рөгөөр хямд байгаа аж. Харин тавдугаар сарын 11-ны өдрийн статистик судалгаагаар зах зээлд борлуулагдаж буй махны ханшаас 21 хувиар хямд байна.

Өмнөх жилүүдэд мах бэлтгэсэн компаниудад бэлтгэсэн махны нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцож төрөөс урам­шуу­лал өгдөг байсан. Үүнийг энэ жилээс олгоогүй. Гэвч "Мах хөтөлбөр”-ийн хүрээнд хөнгөлөлттэй зээл олгосноор нөөцийн мах иргэдэд хямд үнээр хүрэх боломжтой болж байгаа юм.

Махны жижиглэн худалдаалах үнийн харьцуулалт

Махны төрөл

Нөөцийн махны үнэ, 1кг/төг

Зах зээлийн үнэ, 1кг/төг

Харьцуулалт, хувиар

үхрийн ястай мах 

5750

8500

32.3 хувиар хямд

хонины ястай мах

5400

7125

24.2 хувиар хямд

ямааны мах

4400

5300

16.9 хувиар хямд

/Монголын Үндэсний статистикийн газар 2016.05.11-ний өдрийн байдлаар/

Эх сурвалж: www.polit.mn

скачать dle 12.0

Санал болгох