Засгийн газрын нийт өр 2021 оны жилийн эцсийн байдлаар 26 их наяд 900 тэрбум төгрөгтэй тэнцэж байна

🕔 2022/04/28 17:54

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн (2022.04.27) хуралдаан 11 цаг 18 минутад 75 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулсан Тэрбээр, дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварт цар тахлын тархалт 2022 он гарснаар эргэн идэвхжиж, үүнтэй зэрэгцэн ОХУ болон Украин улсын хооронд нөхцөл байдал хүндэрсэн нь Монгол Улсад эдийн засаг, хэрэглээний үнийн өсөлтөд өндөр нөлөө үзүүлж буй учир 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг нэн яаралтай хэлэлцэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд Төрийн хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан, Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төсөлд тусгалаа.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсооно. Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлнө. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлнэ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ гэдгийг танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төсөл санаачлагчаас Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуур, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авав. Ж.Батсуурь гишүүн төсвийн тодотголоос орон нутагт бодит үр дүн харагдахгүй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг орон нутагт хуваарилсан. Энэ мөнгөнөөс бараг ороогүй. Оны сүүлээр орох магадлал ч харагдахгүй байна. Нийт төсвийн тал шахам хувь орон нутагт орохгүй болохоор төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх боломжийг шийдэх үү гэдгийг тодруулав. Тэрбээр мөн цаасан дээр хэмнэсэн юм шиг харагдаж буй ч бодит нөхцөл байдалд хүндрэл нь анхан, дунд шатанд гарч ирж, дахин тодотгол хийгдэх асуудал үүсэхгүй биз гэдгийг анхаарууллаа. Асуултад Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн энэ оноос эхлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь тухайн үйл ажиллагаа явуулсан аймагтаа хуваарилагдахаар тухайн аймгийн суурь орлогод хянагдаад явж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлт эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор харилцан адилгүй байгаа. Татварын онцлог нь жилийн турш жигд төлөгддөггүй. Улсын хэмжээнд ийм эрсдэл бий. Үүнийг нэгдсэн төсвийн төлөвлөлттэй уялдуулж оруулсан хэмээн хариулсан бол Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болж өгвөл орлогыг батлагдсан хэмжээнд оруулахын төлөө Засгийн газар хичээж ажиллаж буй талаар хариуллаа.
Гишүүн Б.Пүрэвдорж төсвийн тодотгол өргөн барьсантай холбоотойгоор Засгийн газрын гадаад, дотоод болон бусад өр нийлээд хэд болсныг тодруулав. Гишүүний энэ асуултад Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Одонтуяа 2021 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын нийт өр 26 их наяд 900 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Үүнээс дотоод өр 657 тэрбум төгрөг байгаа. ойролцоогоор 95 орчим хувийг гадаад өр эзэлж байгаа талаар хариуллаа. Гишүүн Б.Пүрэвдорж нэмэлтээр төсөв өргөн барьсантай холбоотойгоор Засгийн газрын өр 33 их наяд 967 болох уу гэдгийг тодруулж, хариулт авав.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын өр 2022 оны эцсээр одоо байгаагаас нэмэгдэнэ. Эдийн засгийн байдал сайжруулах арга хэмжээ дорвитой авахгүй байна хэмээн байр сууриа илэрхийллээ.
Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
скачать dle 12.0

Санал болгох