В.Путин: Славяны 2 том үндэстэн хоорондоо дaйтaж, АНУ, Европ галыг нь өрдөж байна !!!

🕔 2022/03/24 17:30

УКРАИНЫ ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ…
Путины хэлсэнчлэн орос, украинчууд яг нэг үндэстэн биш юмаа гэхэд славяны хоёр том үндэстэн хоорондоо алалцаж, цаанаас нь энэ галыг АНУ болон Европ өрдөж өгч байгаа. Үүнийг эмгэнэл гэхгүй юм бол …
Нэг.
1986 онд “Ард” кинотеатрт зөвлөлтийн “Хатыны эмгэнэлт явдал” хоёр ангит уран сайхны киног үзэж билээ (Дуусгаад үстэй малгайгаа суудал дээрээ мартаж гарсан учраас сайн санадаг, тэгэхээр өвөл байсан). Орос нэр нь “Иди и смотри”. Үйл явдал гэвэл Эх орны дайны үеэр германы СС-ийн отряд белоруссын хоёр тосгоны иргэдийг хядсан тухай юм. Эхний тосгоноос нэгийг ч амьд үлдээлгүй буудаад овоолсноор харуулдаг бол хоёр дахь тосгоны иргэдийг том амбаарт хөөж оруулан түгжээд, томчууд нь хүүхдүүдээ үлдээгээд гарч болно гэхэд зөвхөн Флёра гэдэг жаал, бас нэг залуу хүүхэн нялх хүүхдээ тэврээд цонхоор бууж гарч ирэхэд хүүхдийг нь булааж дотогш буцаан шидээд бүх хүнийг амьдаар нь шатаадаг.
Миний мэдэх, дайны тухай хамгийн хүчтэй кино бол Алесь Адамовичийн “Хатынская повесть”-ийн дагуу Элем Климовын найруулсан энэ кино. Одоо цагийн аймшгийн кинонууд дэргэд нь зугаа төдий. Дараа нь уг киног Германд болон европын бусад оронд үзүүлэхэд тухайн үедээ маш их дуулиан тарьж, хүлээн зөвшөөрөхгүй, бүр зөвлөлтийн пропаганда гэж үзсэн нь бий.
Үнэхээр пропаганда буюу нэг том гуйвуулга энэ кинонд оржээ. Жинхэнэ үйл явдал нь гэвэл 1943 оны 3-р сарын 22-нд Белоруссын нутаг дэвсгэрт Германы цуваа руу дайрч гурван цэргийн албан хаагчийг алсан партизануудаас өшөө авч Хатынь тосгоны (эхлээд оршил болгож өөр нэг тосгоны 26 хүнийг хүйс тэмтрээд) бүх оршин суугчийг хамтралын сарай руу оруулж 149 хүн, тэдний дотор 75 хүүхдийг (ес, бас долоон хүүхэдтэй гэр бүлийг тэр чигээр нь) шатаасан нь германчууд биш, харин Schutzmannschaft Battalion 118 хэмээх отряд байсны дийлэнх нь Улаан армид алба хааж байгаад дайны эхээр сайн дураар бууж өгсөн зэрэг украинчууд, украины үндсэрхэг үзэлтнүүд байсныг тухайн үедээ зөвлөлтийн ард түмнүүдийн эв нэгдлийг эрхэмлэх үүднээс нуусхийж, германы СС-ын цэргүүд, хажуугаар нь нутгийн хэд гурван полицай оролцсоноор кинон дээр харуулдаг.
Хоёр.
2014 оны хавар Украинд Евромайдан хөдөлгөөний үр дүнд төрийн эргэлт гарсны дараа уг үйл явдлыг дэмжигч украины үндсэрхэг үзэлтнүүд болон хүлээн зөвшөөрөөгүй “антимайдан”-чууд буюу орос үндэстэн голдуу иргэд гудамжинд жагсаал цуглаан хийж, хоорондоо сөргөлдсөн олон хотын нэг нь Одесса юм. Явсаар 5-р сарын 2-ны өдөр хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн ордны өмнөх Куликовын талбайд антимайдан-ы идэвхтнүүд олон палатка босгож Украиныг холбооны улс, орос хэлийг албан ёсны хэл болгох санал асуулга зохион байгуулах үеэр евромайданчууд дайрахад цаадуул нь ордон руу орж нуугдсан байна. Ингээд жинхэнэ аймшиг эхэлжээ. Ордныг битүү бүсэлж, талбай дээр шууд Молотовын коктейль бэлтгэн шидсэнээр байшин шатаж, амь тэмцсэн хүмүүсийг гаргахгүй өөдөөс нь буудаж, цагдаа нар таслан зогсоогоогүйн улмаас албан ёсны мэдээллээр 48 хүн амиа алдсаны зарим нь цонхоор үсрэхдээ, бусад нь амьдаараа шатаж, бэртэж шархадсан хүний тоо 200 давжээ.
Энэхүү эмгэнэлт явдлаас хойш бараг найман жил өнгөрсөн ч мөрдөн шалгах ажил дуусаагүй ажээ. Ордныг хэрхэн шатааж, Молотовын коктейль бэлтгэн шидэж, буудсан зураг, бичлэгээ эзэд нь тухайн үедээ нийгмийн сүлжээнд бахархалтайгаар нийтэлснээ хэрэг бишэдмэгц нэгд нэгэнгүй устгасан боловч тэдний гар хүрэхгүй Интернэтийн булан тохойд хангалттай хуулбарлагдан үлдэж хоцорчээ. Гэвч ганц ч ял аваагүй өнгөрч, эрх баригчид антимайдан-чууд өөрсдөө буруутай, дотроосоо гал тавьсан гэж буруутгаж үзээд нотолж чадаагүй.
2022 оны 2-р сарын 24-нд В.Путин Украинд цэрэг оруулахаа мэдэгдэж хэлсэн үгэндээ “энэ хэргийг үйлдсэн гэмт этгээдүүд шийтгэл хүлээгээгүй. Тэднийг хэн ч эрж хайхгүй байгаа. Гэвч бид тэднийг нэр усаар нь мэднэ. Тэднийг олж шүүхэд өгч шийтгэхийн тулд бүгдийг хийх болно” гэжээ.
Гурав.
Евромайданыг Одесса төдийгүй Украины зүүн өмнөд нутгийн орос хүн ам зонхилсон муж, хотууд хүлээн зөвшөөрөөгүй. Үүнийг ашиглан Оросын Холбооны Улс санал асуулга явуулах замаар Крымын хойгийг өөртөө нэгтгэв. Харин Украины шинэ засаг эсэргүүцлийн хөдөлгөөнийг төдөлгүй дарж авсан ч нүүрсний уурхай, хүнд үйлдвэр зонхилсон Донецк ба Луганскийн мужуудийн зүүн хэсэг өөрсдийгөө тус бүрдээ Бүгд Найрамдах улс хэмээн тунхаглаж амжсан. Киев цэрэг хөдөлгөж байлдааны ажиллагаа эхлүүлэв.
Найман жил үргэлжилж байгаа энэ дайнд 13 мянган хүний амь үрэгджээ. Үүнийг зогсоохын тулд Украин, Орос, Герман, Франц дөрвөн улсын удирдагч нар уулзалт хийж, улмаар 2015 онд Минск хотноо тохиролцоонд (гал зогсоож хэлэлцээр эхлүүлэх, орон нутгийн сонгууль явуулж энэ хоёр мужид онцгой эрх олгох гэх мэт) хүрсэн боловч Украины тал хэлэлцээрт орохоос татгалзжээ. Хамгийн том саад тотгор нь Украины байнгын армийн ангиудаас илүүтэй дайнч, нацист үзэл суртлаа ил дэлгэж туг, далбаа, тэмдгээрээ нотолсон Азов, Айдар, Правый сектор нэртэй зэвсэгт бүлгүүд тэргүүн шугаманд байрлан дайтаж ирсэн явдал юм.
Фронтын шугам Донецкийн хот суурингуудад ойрхон, олон тосгодын захаар өнгөрч амиа алдсан зөвхөн хүүхдийн тоо 150-д хүрчээ. Оросууд үүнийг геноцид хэмээн үзэж дэлхий нийтийн анхаарлыг татахыг оролдож түгшүүр зарладаг ч Москвад нэг хүнийг бороохойдоход сүйд болдог барууныхан таг дуугүй явж ирсэн, тэнд юу болж байгааг Путин геноцид гэж тодорхойлсон нь инээдтэй хэрэг гэж Германы шинэ канцлер Олаф Шольц хэлээд оросуудыг хилэгнүүлээд авсан.
Дөрөв.
Оросын эзэнт гүрэн, дараа нь ЗХУ-ын хэсэг байсан, хүн ам нь тэр чигээрээ славян (слав)-чууд, ихэнх нь орос хэлтэй, тал нь орос байсан Украин улс нэг мэдэхэд бүрэн форматлагдаж Оросоос тусгаар төдий бус Оросын эсрэг улс болон хувирчээ. Украин хэлийг цорын ганц албан ёсны хэлээр зарлаж, дунд сургуульд орос хэлээр сургалт явуулахыг бүрэн хориглосон бол сүүлдээ оросоор ярихыг албан ёсоор хязгаарлаж эхлэв. 2021 оны 6-р сард баталсан уугуул иргэдийн жагсаалтаас оросуудыг хаслаа. Украинд оросууд хэн ч биш болов. Киевийн гудамжаар Орос, оросуудыг устгаж сөнөөнө гэж 1930-аад оны фашистын Германых шиг бамбартай жагсдаг хэт үзэлтнүүд украинчуудын оюун санааг хордуулж, энэ улсыг барьцаанд авснаас ялгаагүй болсон байна.
Украин бол Оросын эсрэг үзэл, үйлдлийн зөвхөн үзүүр нь. Хүйтэн дайнаас хойш Оросыг зогсоо зайгүй доош хийж, коммунизм, тоталитаризмаар далимдуулан түүхийг нь үгүйсгэж, 27 сая амиар олдсон Их ялалтыг Гитлерийн Германтай хутган гутааж, дотоод хэрэг явдалд нь эрээ цээргүй оролцож, эцэс төгсгөлгүй олон хориг тавьж, сүүлдээ оршин тогтнох эрхийг нь хасч хаагуур хэд хуваахыг төлөвлөж, цэрэг зэвсгээ тулгаж байршуулан овоо хараандаа оруулж гэтсэний хариу эцэстээ тултал шахагдсан пүрш тавигдах мэт Украин дээр буув. Оросуудын хэлж буйгаар, баруун зүгээс өөрсдийг нь төхөөрөх гэж ирэхийг 1941 он шиг хүлээхгүйгээр шийдээд хөдөлсөн нь энэ дайныг авчирлаа. Путины хэлсэнчлэн орос, украинчууд яг нэг үндэстэн биш юмаа гэхэд славяны хоёр том үндэстэн хоорондоо алалцаж, цаанаас нь энэ галыг өрдөж өгч байгаа. Үүнийг эмгэнэл гэхгүй юм бол …
Тав.
2022 оны 2-р сарын 24-нд Путины Украинд халдаж эхлүүлсэн байлдааны ажиллагаа хоёр долоо хоног үргэлжилж байна. Урьдчилж тооцоолсон төлөвлөгөөний дагуу яв цав явагдаж байгаа гэж Путин өөрөө мэдэгдсэн, Оросын Украины нисэх буудал, онгоц, танк, их буу, холбооны цамхаг төхөөрөмж, зэвсгийн агуулах зэргийг эхний өдрүүдэд л устгаж жагсаалаас гаргасан гэж Батлан хамгаалах яам нь зарласан ч санаандгүй ширүүн эсэргүүцэл, хүмүүнлэгийн болоод бусад бэрхшээлтэй тулгарч, зурагтаар харагдаж байгаа шиг шаварт суусан болов уу. Байлдаан эхлээд долоо хоносны дараа буюу 3-р сарын 2-ны байдлаар ОХУ-ын 498 цэргийн албан хаагч алагдаж 1597 нь шархаджээ.
Бараг 500. Энэ бол маш өндөр тоо, асар их хохирол. Зөвлөлт Холбоот улс 1980-аад онд Афганистанд найман жил байлдахдаа 15 мянган хүнээ алдсан. Тэгвэл Украинд долоохон хоногт хагас мянга. Одоо дахиад долоо хоног өнгөрөхөд алагдсан цэргийн тоо хэд болсныг зарлаагүй байна. 1990-ээд оноос хойш дампуурч байсан Оросын зэвсэгт хүчнийг 2012 онд сайд болмогцоо буцаагаад хөл дээр нь босгосон хэмээн сүүлийн арван жил тэнгэрт тултал магтуулж (манайхан хүртэл монгол цустай, Сүбээдэйн удам гэж) ирсэн Сергей Шойгу жанжин цэргүүдээ мянга мянгаар алдана гэж “яв цав” төлөвлөөгүй байх.
Эх сурвалж : Ноён Ажиглагч
http://tatap.mn/18590.html
скачать dle 12.0

Санал болгох