Х.Баттулга Д.Монголхүүд бус Ө.Шижир, Б.Саруул нарын хэн нэгэнд МоАХ-ы даргын ажлаа өгнө

🕔 2022/02/24 09:46


2-р сарын 8-нд Монголын Ардчилсан холбооны анхдагч, үүсгэн байгуулагчдын үндэсний анхдугаар чуулган нэртэй арга хэмжээ зохион байгуулагдсан билээ. Уг арга хэмжээнд Х.Баттулга, Б.Билэгт хоёроос бусад бүх МоАХ-ы даргаар ажиллаж байсан улс төрчид болон жүжигчин Д.Сосорбарам, АН-ын дарга С.Эрдэнэ,  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, ардчиллын анхдагч Д.Рэнцэнтавхай нар оролцсон юм.
Улмаар уг зөвлөгөөнөөр МоАХ-ы дарга Х.Баттулгын бүрэн эрх дууссан гэж үзсэн тул МоАХ-ны Ерөнхий Зохицуулагчид иргэний нийгмийн идэвхтэн Д.Монголхүүг нэр дэвшүүлж, түүнд МоАХ-ы 5-р их хурлыг зохион байгуулах үүрэг өгсөн билээ. Гэвч өдгөө бүрэн эрхээ хэрэгжүүлж буй МоАХ-ы Хэрэг Эрхлэх Газар болон Хяналтын Зөвлөлийн удирдлагууд  Д.Монголхүү тэргүүтэн нь МоАХ-ны дүрмийг илт зөрчин, бусдыг төөрөгдөлд оруулж, МоАХ-г шинээр байгуулж байгаа мэт, эсхүл түүний зохион байгуулалтыг өөрчилж байгаа мэтээр дураараа авирлаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17-р зүйл, 19-р зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн гомдол гаргасан юм.
 
Өчигдөр МоАХ-ы төв байран дээр өөрийгөө МоАХ-ы Ерөнхий Зохицуулагч гэж үзэж буй Д.Монголхүү, МоАХ-ы гишүүн Б.Цэрэнбатын хамт очин, Х.Баттулгатай уулзах хүсэлт гаргахын сацуу МоАХ-ы 5-р их хурлыг албан ёсоор зарлахаар очсон ч тус холбооны Хэрэг Эрхлэх Газар, Хяналтын Зөвлөлийн удирдлагуудад хөөгдөв. Ингэхдээ Д.Монголхүү, Б.Цэрэнбат нар нь МоАХ-ы 5-р их хурлыг зарлах нь бүү хэл тус холбоонд албан ёсоор гишүүнчлэл ч үгүй болохыг баримтаар нотолсон юм.
 
Өөрөөр хэлбэл Д.Сосорбарамаас туг гардаж аваад, миний ээж ардчиллын анхдагч байсан юмаа гэж ярих төдийгөөр л МоАХ-ы дарга болчихно гэх Д.Монголхүүгийн бодол бодит биеллээ олоход тун хол гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ Д.Монголхүү мэтийн сонирхогчдын мэхэнд унахгүй ч цаашид МоАХ-г өөрөө биечлэн удирдах нь нийгэмд төдийгүй нам, холбоо дотроо ч муухай харагдана гэдгийг "Женко" Х.Баттулга ухаарч, шинэ төлөвлөгөө боловсруулсан аж.
 
Тодруулбал 2006 оноос хойш 16 жилийн турш Монголын Ардчилсан Холбоог удирдаж буй Х.Баттулга өөрийн ажлаа ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, ЕТГ-ын дэд дарга асан Б.Саруул нарын аль нэгэнд шилжүүлэхээр шийдсэн байна. Энэ шийдвэрийг МоАХ-ы Их хурал бус Удирдах Зөвлөл нь гаргах дүрмийн боломжтой аж.
Одоогийн байдлаар МоАХ-ы Гүйцэтгэх Захирлаар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг ажиллаж буй юм байна.
 
Sonin.mn 
Э.Мягмар
скачать dle 12.0

Санал болгох