Монголын үндэсний бөхийг эрлийзжүүлэхийг зөвшөөрөхгүй ээ!

🕔 2021/12/21 10:31

Үндэсний бөх монгол өв уламжлалыг олон зууны турш хадгалж, хамгаалж ирсэн. Бөхөөр нь улс үндэстнийг маань гадныхан таньж мэддэг монголчуудын нандигнаж ирсэн цэнгээний нэг гэж хэлэхэд болно.
Тэр ч үнэн. Гэхдээ энэ удаа магтаал үгийг хойш тавьж сүүлийн жилүүдэд монгол бөхийн нэр хүнд сүрхий унаж, үнэлгээ нь яагаад суларсан тухай ярьмаар байгаа юм.
Зөнгөөрөө буюу олон зуун жилийн уламжлалаараа явж ирсэн бөхийн энэ төрөл зохион байгуулалтад орж, удирдан чиглүүлэх холбоо гэдэг байгууллагатай бас өргөөтэй болж бөхийн эгнээг өргөжүүлсэн үе байсан. Дээрээ их хуралтай түүгээрээ дэг журмаа, дүрмээ батлуулж зохион байгуулалтын хувьд шинэчлэгдсэн байдаг.
Р.Нямдорж, Д.Данзан нарыг МҮБХ-г хөдөлгөж байх үед олон шинэ юм хийгдсэн гэдэг басхүү үнэн л дээ. Гэтэл түүнээс хойш буюу сүүлийн 20-иод жил бөхийн хүрээнд хэрүүл маргаан голлож "Их эе" хуралдуулж чадахгүй болж түүнээс шалтгаалан бөхчүүдийн дунд хагарал, санаа бодлын зөрөлдөөн үүсэх болсон.
 
Нэр хүнд бүхий зарим аварга цолтнууд толгойлсон нэг хэсэг янз бүрийн санаа сэдэж бөхийн хүрээний гаднах хүмүүстэй хуйвалдан бүлгэрхсэн хурал цуглаан хийж бөхийн холбоог ихэрлүүлэн байгуулж эрх мэдлээ булаалдаж байлаа. Мөн л бөхийг улс төржүүлэх хандлага ч гарч байсан. Үүнийг бөх судлаачид, сонирхогчдын зарим тайлбарлахдаа,
 
-Энэ бол бөхийн хөгжлийг түргэтгэх, зөв зам руу залах биш холбооны тэргүүний сандал суудалд санаархсан төдий ч биш цаанаа орлого олох боломжтой гэгдэх Бөхийн өргөө гэдэг бөөрөнхий байшингийн төлөө тэмцэл гэж хэлсэн бий. Үүнд бас үнэний тал ч байгаа байх л даа. Хагралдуулагчид нэг биш удаа Бөхийн өргөө рүү дайрч хаалга үүдийг нь эвдэж үймүүлснээрээ тэгж дүгнэгдсэн биз. Одоо ч энэ байдал давтагдаж болзошгүй сурагтай. Саяхан дархан аварга А.Сүхбат МҮБХ-ны мэдэлд халдаж одоогийн холбоо дүрмийн бус, эрх зүйн чадамжгүй гэсэн үгийн дайралт, халдлага хийсэн гэнэ. Яасан ч дуусч өгдөггүй өшөө хонзон, атгаг санаа юмбэ дээ.
Уг нь улсын заан Ц.Магалжав тэргүүтэй арай эрүүл сэтгэлгээтэй нөхөд бөхийн холбоог сэргээж олон жил хийж амжуулахгүй байсан "Их эе"-ээ хуралдуулж удирдах бүрэлдэхүүн, цэцдийн зөвлөлөө шинэчилж, дүрэм журмаа гайгүй цэгцэлж авсан. Тэд бөхчүүдийн дунд допинг буюу сэргээш хэрэглэх явдлыг таслан зогсоохыг хичээж авах арга хэмжээ, шийтгэлийг чангатгасан нь зөв зам юм.
Урьд нь допингийн асуудалд холбогдсон бөхчүүдэд илэрхий ялгавартай шийтгэл ногдуулж ирснийг засахыг оролдож байгаа. Тэгтэл үүнийг эсэргүүцэгчид ч гараад ирэх нь бололтой. Улсын баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн өндөр цолтой бөхчүүд хүртэл допинг хэрэглэсэн нь тогтоогдсон явдал сүрхий завхрал бий болсны илрэл гэж болно.
 
Тэгээд уг алдааг засахын төлөө ажиллая гэхээр "Үгүй ээ та нар буруу юм хийж байна" гэж орилоод элдвээр хатгаж шүтгээд байх нь ер ямар аятай байхав дээ.
 
Чухамхүү саадын садаа гээч энэ байх. Эртний Монголын түүхэнд бий дээ. Монголчууд дотроо эв түнжингүй байсны уршгаар бусдын олз болж байсан тухай хэн хүнгүй уншсан л байх. Тэр утгаар бодоход бөхийн хүрээнд бий болсон хагарал, эв нэгдэлгүй байдлыг ашигласан зүй бус санаархал газар авах янзтай болжээ. Тухайлбал, "Хил хязгааргүй спорт" гэсэн нэртэй төрийн бус байгууллага гарч ирээд "Монгол бөхийг дэлхийд гаргана" гэсэн уриатайгаар үндэсний бөхийн мэргэжлийн лигийн барилдаан гэж зохион байгуулаадхав даа.
Уг барилдаааа хийхдээ чөлөөт болон жүдо бөх шиг цаг хугацаатай зай талбайн хязгаартай бас болоогүй ээ даваа бүрт тогтоосон цаг нь дуусвал хэн нэгнийх нь онооны давууг харж идэвхээр давсанд тооцох, тогтоосон талбайн гадна гишгэсэн, өрсөлдөгчийн хийсэн мэхийн улмаас дэвжээнд гар хүрсэн тохиолдолд оноо олгох энэ тэр гээд монгол бөхийн уламжлалд халдсан дүрэм зохиосон байгаа юм. Үүнийгээ бид бөхийн ёс жаяг, дүрмийг өөрчилсөн юм биш гэж тайлбарлаж байгаа ч монгол бөхийн уламжлалыг саармагжуулсан хандлага гэж ажиглагдаж байна.
 
Ер нь монгол бөх зай тайлбай, цаг хугацааны ямар ч хязгаарлалтгүй байдаг өвтэй гэж болно.
 
Бөхийн түүхэнд ч байдаг даа. Хоёр бөх наадмын эхний өдөр хаялцаагүй учир барилдааныг нь "тавьж хоноод" маргааш үргэлжлүүлдэг байж. Үүнийг алдаа оноо гэхийн оронд бахархалтайгаар домог болгон ярьдаг юм шүү дээ.
 
Нэг бөх сонирхогч нөхөр лиг гэх барилдааны дараа сэтгэгдлээ хэлэхдээ,
-За даа монгол бөх маань удахгүй хятад юм уу, англи командаар барилддаг болох янзтай. Түүнээс өмнө л үхэх юмсан гэж хошигнох аястай хэлж байв.
Ёс бус зүйл хүний сэтгэл санаанд ингэж л нөлөөлдөг байх нь. Хэдэн жилийн өмнө бас хэсэг нөхдийн санаачлагаар "Хасу" нэртэй нэг барилдаан зохион байгуулж нэг, хоёрхон үзүүлээд алдарсан. Их ариун сайхнаараа он жилийг элээсэн үндэсний уламжлалтай юмыг эвдэж болдоггүйн жишээ энэ л дээ.
 
Тэгвэл саяын лигийн барилдаан гэдгийг сар бүр л зохион байгуулаад байх юм ярих шиг болсон. Гэтэл чимээ алдрав янзтайдаг. Монгол бөхийг дэлхийд гаргаж болохгүй биш болно оо. Гагцхүү ёс жаяг, өв уламжлалыг нь алдагдуулахыг цээрлэх ёстой. Японы мэргэжлийн сүмог олон мянган жилийн түүхтэй гэдэг. Тэр л хэвээрээ дэлхийд гарсан шүү дээ. Олон улс орны тамирчид оролцсон сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн монголд болж байлаа. Тэгэхэд дүрмийн, ёс жаягийн ямар ч өөрчлөлт ажиглагдаагүйг бид харсан. Бас монгол бөхийн нэр хүнд муудаж өнгө төрх нь сааралтаад ирэхлээр үзэгч олны санаа сэтгэл ч бас алдрангуй болох юм.
 
Бөх сонирхогч гэх нэг нөхөр сонинд санлаа бичихдээ бүр болоогүй ээ үндэсний бөхийг жингийн ангилалтай болгож бөхийн зодог шуудаг, засуулын хувцас хунарыг шинэчилмээр байна гэсэн байна лээ. Тэгвэл бөх ихээхэн сонирхолтой болж хөгжих юм гэнэ дээ. Үүнийг ёстой эндүүрэл гэж хэлмээр байна.
 
Зарим нь аягүй бол монгол бөхөд жүдо шиг цагаан кимоно өмсгөе гэх нь л дээ.
Бөхөө ингэж эрлийзжүүлэхийг хэн ч дэмжихгүй биз ээ. Дэлхийд монгол бөх, японы сүмо, солонгосын шырым гэх өр өөрийн онцлогоороо ялгэгддэг барилдаан бий. Тэд улс үндэстнийхээ өвөрмөц өнгө төрх, нүүр царай нь болж байдаг юм. Тиймээс цаашдаа монгол үндэсний бөхийн  өв уламжлал, ёс заншлыг алдагдуулахгүй явахын төлөө бөхийн хүрээнийхэн эв нэгдэлтэй байж бөхийн холбоогоо ажиллах боломжоор хангаж өгөх нь зүйтэй санагддаг. Сайн юманд садаа бологсод монгол бөхийн замналаас "савраа татвал" таарна. Басхүү наадмыг монгол төрийн баяр гэдэг ч улстөрчдын оролцоог тун учиртай болгомоор. Баяр наадмын тухай хуульд ч шинэчилмээр юм бий л байх. Монгол бөхийг эрлийзжүүлэхийг бас сандааж сарниулахыг бөхдөө хайртай олон түмэн хэзээ ч зөвшөөрөхгүй. Юу үнэн. Тэр л үнэн.
Эцэст нь "Гарьд магнай" киноны үзэгчдийн хайртай дүр "Молиго" Очир гэдэг бөхийн "Монгол бөхөө ёс бус юмаар сэвтүүлэхгүй ёстой юм шүү" гэсэн үгийг олзуурхан тэмдэглэж энэ бичлэгтээ цэг тавъя.
 
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох