Хоцрогдлыг хоцрогдлоор нөхсөн хичээлийн улирал өвлийн амралт руу шилжлээ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг энэ сарын 10-ны өдрөөс цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон билээ. Улмаар 20-ны өдрөөс өвлийн амралтыг эхлүүлэх юм. Сурагчдын өвлийн амралт урт хугацаанд үргэлжлэх ба ирэх оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс хоёрдугаар улирлын хичээл орно.
Хоёр жилийг хөл хорионд өнгөрүүлж, цахимаар сурч боловсорсон сурагчид энэ удаад 51 хоног амрах ажээ. Сурагчдын хичээлийн хоцрогдол, холбогдох байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хичээлийн амралттай холбоотой мэдээллийг хүргэхээр энэ удаагийн сурвалжилгыг бэлтгэлээ.
ӨВЛИЙН АМРАЛТААР СУРАГЧДАД ДААЛГАВАР ӨГӨХГҮЙ
Нэгдүгээр улирлын хичээлийн амралт удахгүй эхлэхтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яам болон холбогдох боловсролын байгууллагууд хичээлийн сүүлийн долоо хоногийнхоо бэлтгэл ажилд орсон. Цар тахлын улмаас хоёр жил цахимаар хичээллэсний эцэст хосолсон хөтөлбөрөөр 2021-2022 оны хичээлийн жилийг өнгөрүүлэхээр болсон билээ. Энэ удаагийн хичээлийн жилийн эхний улиралд сурагчид 16 долоо хоног хичээллээд зургаан долоо хоног амрахаар зохицуулагдсан. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл ирэх оны нэгдүгээр сарын 31-нээс эхлэх ёстой байсан юм. Гэсэн ч Цагаан сарын баяртай давхцаж байгаа тул баярын амралтыг дуусгаад хоёрдугаар сарын 07-ны өдрөөс хичээлийн хоёрдугаар улирал эхлэх зохицуулалтыг яамнаас хийжээ.
Тэгвэл сурагчдын хичээлийн нэгдүгээр улирлын амралт тун удахгүй эхлэх юм. Үүнтэй холбоотойгоор БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон яамны байр суурийг хуваалцлаа. Тэрбээр “Тухайн жилийн хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Боловсрол, шинжлэх ухааны яам бүтцээ баталж гаргадаг. Улирлын амралтын хугацаанд теле хичээл болон цахим хичээлийг оруулахгүйгээр амраахаар шийдвэрлэсэн.
Яамнаас аймаг, нийслэлийн Боловсролын газруудад амралтын хугацаанд сурагчдыг бүрэн амрааж, ном уншуулах чиглэл өглөө. Олон хуудас хуулан бичлэг, цээж бичгийг хүүхдэд их хийлгэдэг. Энэ нь хүүхдүүдийг ядрааж, дараагийн улирлын хичээллэх идэвхийг бууруулдаг сөрөг талтай. Тиймээс хүүхдүүдийн тархийг амрааж, цахимаас холдуулахын тулд номтой нөхөрлүүлж байгаа юм” гэлээ.
Т.САЙНСАНАА: СУРАГЧДЫН ХИЧЭЭЛ ХОЁР ЖИЛ ЦАЛГАРДСАНААР ЗӨВ БИЧИХ ДҮРМЭЭ МАРТСАН БАЙНА
Сурагчдын хоцрогдол болон цахим хичээлийн талаар Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Т.Сайнсанаа өөрийн байр суурийг хуваалцсан юм.
-Цахим хичээлийн үр өгөөж таны хувьд хэр үр дүнтэй байсан бэ?
-Цахим хичээлийн үр өгөөж бага байсныг онцолмоор байна. Монгол хэл, бичиг, уран зохиолын судлагдахууны хувьд ихэвчлэн хүүхэдтэй харилцахгүй л бол ойлгохгүй агуулга их байдаг. Цахимаар ороход идэвхгүй холболт хийх нь их байлаа. Ангийн 10 хүрэхгүй хувь нь хичээлд хамрагдсан бэрхшээл орон нутгийн багш нарт түлхүү тулгарсан юм билээ. Нийслэлийн хувьд сурагчдын хамрагдалт гайгүй байсан ч хичээлээ ойлгохгүй бэрхшээл хамгийн их тулгарсныг багш нар хоорондоо ярилцсан.
-Сурагчдын хичээлийн хоцрогдол хэр байна вэ. Цахимаар хичээллэхэд ямар шалтгааны улмаас сурагчид хоцорсон байв?
-Сурагчдын хувьд цахимаар ороход бичиж тэмдэглэж амждаггүй, түүнээсээ болж дахин хоцордог асуудлууд гарсаар байна. Тэдний хувьд хоцрогдол их байгаа. Хүүхдүүдийн хувьд хөл хорионы идэвхгүй байдалд дассанаас үүдэж мэдээллийг хүлээн авах чадамж бага зэрэг муудсан. Уламжлалт арга барилаас зайлсхийж, сурагчдын сонирхлыг татсан, сурах хүслийг нэмэх хэрэглэгдэхүүн бэлтгэж хичээл сургалтдаа ашиглаж байна. Давтлага хичээллүүлдэг ч сургуулийн анги танхимын бололцоо бага учраас байнгын давтлага өгөөд байх боломжгүй.
-Хичээлийн хоцрогдолтой холбоотойгоор өвлийн амралтаар ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Цахим болон танхимыг хослуулж хичээллэж буй нь халдвараас сэргийлж байгаа ч нөгөө талаас хоцрогдлыг хоцрогдолтойгоор нөхөж байгаа сул талтай. Сурагчид хичээлийн агуулгаа есөн хоногийн дараа хичээлдээ ирэх үедээ мартаад ирж байна шүү дээ. Би 6-8 дугаар ангийн сурагчдад хичээл ордог. Үзсэн агуулгаа 45 хоногийн хугацаанд мартуулахгүй байх үүднээс дасгал даалгавар бэлтгэнэ. Хоёр жил хичээллээгүй явдал нь сурагчид монгол хэлний зөв бичих дүрмээ мартахад хүргэсэн. Монгол хэлний үгээ зөв бичиж чадахгүй байна гэдэг хичээлийн хоцрогдол хэр байгааг илтгэж чадна гэж бодож байна. Тиймээс эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цээж бичиг бичүүлэх, хүүхдүүддээ ном уншуулах зэрэг даалгаврыг өгнө дөө. Сурагчдыг хөгжүүлэх үүднээс, үгийн баялгийг нэмэгдүүлэх, ном унших дадалтай болгохын тулд ном унших даалгавар өгч байгаа.
УРТ ХУГАЦААНЫ АМРАЛТ СУРАГЧДЫН СЭТГЭЛ ЗҮЙГ ТОГТВОРГҮЙ, ХААЛТТАЙ БОЛГОЖЭЭ
Хувь хүн болж төлөвшихөд хамгийн чухал үе бол ерөнхий боловсролын сургуульд суралцах үе юм. Хүүхдийн хувьд наснаас хамаарч танин мэдэхүйн хөгжил, онцлог харилцан адилгүй байдаг. Ийм үедээ хөл хорионд орсон сурагчдын нийгэмшихүйн үйл процесст сөрөг нөлөөллүүд илэрдэг байна. Энэ талаар Логарифм дунд сургуулийн сэтгэл зүйч А.Сүхбатаас тодрууллаа. Тэрбээр “Хүүхэд дотор хуримтлагдсан эрч хүчээ нийгмийн харилцаанд орох, гүйж, харайх зэргээр гаргадаг.
Цар тахлын үед урт хугацааны амралтаас үүдэж энэхүү хуримтлагдсан энергийг шилжүүлж, гадагшлуулах боломж хомсодсон. Мөн цахим болон танхим хослуулан хичээллэх нь хүүхэд бүрд харилцан адилгүй нөлөөлдөг. Жишээлбэл, дотогшоо төрлийн хүүхдэд ганцаар байх хэрэгцээ тодорхой хэмжээнд бий.
Тиймээс цахим болон танхимын хичээл тохирдог мэт боловч сурах үйлийн хувьд агуулгаас хоцрох, хичээлийн уялдааг ойлгохоо болих зэрэг шинжүүд илэрдэг. Улмаар өөртөө итгэлгүй болж, өөрийгөө голох үзэгдлүүд гарч ирэх эрсдэлтэй байдаг юм” гэв. Мөн өнгөрсөн хөл хорионоос үүдэж хүүхдийн зориудын анхаарал төвлөрлийн хугацаа үлэмж хэмжээгээр багассан талаар онцолсон юм. Тэрбээр “Цахим хичээлээс үүдэж хүүхдийн дэлгэцийн хамаарлын түвшин ихэссэн. Зориудын анхаарал төвлөрөлт байхгүй байх нь хичээлдээ анхаарч чадахаа болих, тогтвортой суухгүй байх үр дагаврыг бий болгож байдаг” гэлээ.
Хөл хорионы дараах нийт хүүхдүүдийн сэтгэл зүй нийгмийн харилцаанд орохоос илүү өрөөндөө ганцаар байх хүсэл ихтэй болжээ. Мөн гэр бүлийнхэнтэйгээ төвөгшөөсөн байдалтай харьцах нь элбэгшсэн байна. Хичээлд оролцох идэвх, оролцоо ч буурсан зэрэг сэтгэл зүйн дарамт сурагчдын дунд түгээмэл байгаа ажээ.
ӨВЛИЙН АМРАЛТААР ХОЦРОГДЛОО АРИЛГАХ СУРГАЛТАД СУУНА ГЭВ
Хэдийгээр сурагчдын өвлийн амралт эхэллээ ч хичээлийн хоцрогдол гэх ачаа тэдний нуруунаас салахгүй. Яамнаас сурагчдад ачаалал өгөхгүйн тулд зөвхөн ном уншихыг зөвлөж байгаа хэмээн хэлсэн ч сурагчдын хувьд үгүй л болов уу. Өвлийн амралт эхлэхтэй зэрэгцэн ерөнхий боловсролын сурагчдын сэтгэгдлийг сонслоо. Амралтын үеэр чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх талаар өөрсдийн төлөвлөгөөгөө хуваалцсан юм.
84-р сургуулийн сурагч М.Анхболор “Өвлийн амралтаар бие даан суралцана хэмээн төлөвлөсөн. Гэртээ байж, ойлгоогүй үлдээсэн хичээлүүдээ нөхнө. Мөн нэмэлт сургалтад суухаар төлөвлөж байгаа. Өмнөх хоёр жилийн хичээлийн хоцрогдлоо ерөнхийдөө арилгасан. Ахлах ангийн сурагч болохоор хичээлээ аль болох их давтсан л даа. Тэгэхээр хичээлийн хоцрогдлоо харьцангуй бага гэж бодож байна. Цаашдаа шинжлэх ухааны хичээлүүдээ илүү сайн давтах шаардлагатай хэмээн харж байгаа. Учир нь цахим хичээлийн үеэр шинжлэх ухааны хичээлүүд хамгийн ихээр хоцрогдсон. Тэр дундаа хими, физик болон математикийн хичээлүүд хоцрогдол ихтэй байлаа” гэв.
Мөн тус сургуулийн сурагч Б.Билгүүн “Уншиж дуусгаагүй номнуудаа амралтын үеэр уншиж дуусгана. Нэмэлт сургалтад суухаар төлөвлөсөн. Учир нь сүүлийн дөрвөн жил байгалийн ухааны хичээлээ гүйцэд ойлгоогүй. Түүнээс хоёр жил нь хөл хориотой холбоотой. Физикийн хичээлтэй холбоотой мэргэжлийг сонгон хэмээн төлөвлөсөн ч цар тахлын үеэр цахимаар заахад ойлгоогүй. Тиймээс сургалтын төвүүдийн үнийн талаар болон хэрхэн заадаг талаар судалж байгаа. Амралт тавьсан даруйд сургалтад сууна” хэмээв.
Өвлийн амралтаар хаана, ямар сургалт байгааг сурагчид хайн, үнийн дүнгийн талаар хэдийн судлаад эхэлжээ. Тэр тусмаа ахлах ангийн сурагчдад сургалтын төв хайна гэдэг их сургуулиа сонгохтой адил зүйл. Ахлах ангийн гэлтгүй нийт сурагчдын төлөөлөл болж тэд ийн хэлсэн ч үүний цаана өвлийн амралтаар амарч чадахгүй сурагчид байгаа юм.
ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨВ Ч БИЙ БОЛЖЭЭ
Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд нэмэлт давтлага, дугуйлан явуулах төвүүд хөл хорионоос хойш борооны дараах мөөг шиг олширсон. Өвлийн амралт, зуны амралт гэж ялгахгүйгээр дөрвөн улирал, 12 сарын турш янз бүрийн сургалтын төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Төрөл бүрийн хичээлийг нас насны ангиллаар явуулдаг нь нэг талаараа хоцрогдолтой сурагчдад тустай. Тухайлбал, математик, англи хэл, физик, монгол хэл гэх мэтээр төрөл бүрийн сургалтаас сонгон хүүхдээ сургах боломжтой юм. Сурагчдын амралт эхлэх дөхсөн эдгээр өдрүүдэд сургалтын төвүүд өвлийн амралтын элсэлтээ хэдийн аваад эхэлжээ.
Ингэхдээ сургалтууд нь цахимаар болон танхимаар гэсэн сонголттойгоор хичээллэдэг байна. Мөн өдөр өнжүүлэх эрчимжүүлсэн сургалтын төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг болжээ. Энэ төрлийн сургалтын төв нь сурагчдын өвөл болон зуны амралтаар ихэвчлэн үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тухайлбал, өдөр өнжүүлэх эрчимжүүлсэн сургалтын төв нь өглөө 07.30-19.00 цагийн хооронд өвлийн амралтаар хичээллэдэг ажээ. Энэ үеэрээ хүүхдүүдэд өдрийн таван удаагийн хоолтойгоор хичээлийг заадаг байна. Мөн 1-5 дугаар ангийн сурагчдыг энэ төрлийн сургалтын төвүүд хамруулдаг ажээ. Нөгөө талаасаа сургалтын төвүүд нэмэгдсэнээр сурагчид цаг хугацаа, эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөр хохирох эрсдэлтэй юм. Сургалтын төв нь магтаал, хардалтыг зэрэг дагуулж байгаа хэдий ч хүүхдийн боловсролын төлөө гэх зорилгыг мөнгөнөөс дээгүүрт тавибал хүүхдүүд боловсролыг хамгийн чанартайгаар хүлээн авах боломжтой.
Бага, дунд, ахлах бүхий л ангийн сурагчдад хичээлийн хоцрогдол гэх том ачаа өвлийн амралтыг амралт биш болгож байна. Хоёр жилийн хоцрогдлыг хоёрхон сард арилгах боломжгүй. Тиймээс ч амрах ёстой саруудад сурагчид амрахгүйгээр хоцрогдолтойгоо тэмцэх хугацаа болгон ашиглахаар шийдсэн нь сэтгэл болоод биеийн хувьд ядрааж байгаа юм.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН