Улстөрийн хоёр хүчинг сүйрүүлсэн Г.Уянга, Л.Цог нар дахин хамтрахаар боллоо
УИХ-ын гишүүн Л.Цог Г.Уянга гишүүнийг дагаж МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлгээс хамтдаа гарсан билээ. Үүний дараа Г.Уянга гишүүн Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/-ын дарга болж, Л.Цогийг уг намд элсэх нь гэсэн таамаг дэвшигдэж байсан. Таамаг ёсоор, Л.Цогийг Г.Уянга хажуудаа авч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд Улстөрийн бодлогын зөвлөхөөр ажиллуулахаар болжээ. Л.Цогийг ингэж ажиллуулах болсон нь Үндсэн хууль боловсруулахад оролцох явсан, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан хүний туршлага улстөрийн шинэхэн хүчинд хэрэгтэй болсонтой холбоотой болов уу. Л.Цогийн хувьд МАХН-аас УИХ-д сонгогдсон 7 гишүүнээс өөрийнхөө хүчээр гарч ирсэн цорын ганц хүн, МАХН-д хэрэгтэй хүмүүсийн нэг байсан юм. Гэсэн ч түүнийг Г.Шийлэгдамба нарын адилаар намдаа мөнгө олж ир, цаашлаад УИХ-д МАХН-аас нэр дэвшүүлэхгүй гэх зэргээр дарамталснаас болж намаасаа алдсан.
Түүнчлэн Л.Цогийн адилаар МАХН-аас саяхан Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар гарсан. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намын жагсаалтаар гарч ирсэн ч тийм зүйлгүйгээр МАХН-д суудал авчирч чадах хүмүүс байсан. Харамсалтай нь, МАХН Л.Цог, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыгаа явуулж, "оймсныхон” гэгддэг хэдтэйгээ үлдсэн. Тэгвэл саяхан О.Баасанхүү намаасаа гарч МАН-д элсэхээр болж байгаа тухай шуум чих дэлслээ. Түүнчлэн МҮАН-аас Н.Батцэрэг, М.Сономпил нар гарахаар болжээ. Ерөнхийдөө, УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлэг шударга бус үйл ажиллагаа явуулж байсан ч энэ бүлгийг Л.Цог, Г.Уянга нар нураалаа. Цаашлаад эрхзүйн чадамжгүй болсон энэ эвслийн бүлгээс шалтгаалж Засгийн газар тарах дээрээ туллаа.
Үндэстэн.мн