Төрийн дэмжлэгийг үл огоорогсдод төмөр нударга үгүйлэгдэж

🕔 2021/12/08 14:19

Гэр хорооллын нэгэн дэлгүүрээс хар хурдаараа гүйн гарах 10 орчим насны жаахан охин “Ааваа, талхны үнэ өсчиж. Мөнгө хүрэхгүй байна” гээд аав дээрээ гүйж очиход
“Хохь чинь, талх ч идэх заяагүй хөр гөлөгнүүд...” гэж хараал урсгаад хашаа руугаа орж явчхав. Энэ дүр зургийг хараад сэтгэл өвдлөө.
Талхных нь таван цаасыг олох гэж туйлдаж ядартлаа зүтгэсэн аав нь  хүүхдүүддээ уураа гарж байгаа нь тэр. Тэр уур бухимдал цаашилж даамжраад гэр бүлийн хүчирхийллийн нэг шалтгаан болох вий дээ гэхээс айдас төрж жихүүдэс хургалаа...
Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчид төрөөс уур ус, дулаан, цахилгааных нь мөнгийг даасаар байхад талархахын оронд харин ч пээдийж ард иргэдийн хамгийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэг талх, гурилан бүтээгдэхүүний үнийг ийнхүү нэмсээр. Мөн мах, махан бүтээгдэхүүний үнэ ч өссөн байна.
Монголынхоо хөрсөнд ургасан улаан буудайгаар хийсэн гурилаар талхаа барьдаг, 70 саяар тоологдох малынхаа махнаас хиам, махан бүтээгдэхүүнээ хийдэг хэрнээ зовлон дээр зоолж байгаа нь шударгад, үнэнд үл нийцнэ.
Тиймээс төр төмөр нүүрээ харуулж бас болно.
Яагаад гэвэл Үндэсний үйлдвэрлэгчид тэр тусмаа хүнсний үйлдвэрүүд цар тахалд хоригдолгүй, давуу эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулсан бол бар ресторан, хоолны газрууд үсчин зурагчин, гуталчин гэх зэрэг хувиараа  хөдөлмөр эрхлэгчид, үзвэр үйлчилгээний газрууд үнэндээ дампуурсан.
Гэтэл эдгээр дампуурсан газруудад хариуцлагын гэрээ гэгч сүржин үйл ажиллагааг явуулж хариуцлага тооцож чадаж байгаа. Тэгвэл үндэсний  үйлдвэрлэгчидтэй ч   тийм гэрээг байгуулж үнээ нэмсэн тохиолдолд эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч яагаад болохгүй гэж.
Бид гурилаа аваад боорцог бингээ хайрч идээд байвал тэдний талх хог дээр хаягдах нь тодорхой. Бас хиамыг нь авч идэхгүй, хайрцаг савтай ундаа, жүүс, шүүс, аарцыг нь авч уухгүй  байвал энэ үйлдвэрүүд бүрэн утгаараа дампуурах нь мэдээж.
Тиймээс төр засгаас үзүүлж буй хөнгөлөлтийг эдэлж буй хэрнээ зовлон дээр зоолж мөнгө олж байгаа үндэсний үйлдвэрүүдтэй хариуцлагын ЧАНГА гэрээ хийж,  төрийн төмөр нүүр, төмөр нударгыг харуулахад яагаад болохгүй гэж.

Erennews.mn
скачать dle 12.0

Санал болгох