Үндсэн хуулийн цэц дээр сайхан мэтгэлцье, Н.Уртнасан сайд аа!!
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы танхимд асуудлыг аргагүй нухацтай судалсан, нутагаа мэддэг хүн шиг асуултууд Байгаль орчны сайдад тавьсан. Гарц гаргалгааг нь ч битүүхэндээ хэлээд өгчих шиг болсон. Харамсалтай нь сайд бүсгүйн мэдрэмж дутав уу, мэдлэг дутав уу, мэдэл дутав уу бүү мэд, ямартай ч Говийн их дархан газрын Б хэсгийн оноосон нэрийг Зүүн гарын говь болгож УИХ-аас давсан шийдвэр гаргаж, хууль зөрчсөн алдаагаа засалгүй өнөөдрийг хүрлээ. Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул иргэдийн бухимдлаа хурцаар илэрхийлэх саналыг өнөөдөр хүртэл хазаарлаж, төрийн ажил төрийнхөө шугамаар шийдэгдэг хэмээн түдгэлзүүлж буй нүгэлтний нэг нь миний бие билээ. Төрийн сайд нь алдаагаа засах байх хэмээн итгэж нутаг сэтгэлтнүүдээ өдий хүртэл ийнхүү тайвшруулсан сан. Харамсалтай нь Байгаль орчны сайд маань УИХ дахь Говь-Алтайчуудын төлөөлөл Б.Энх-Амгалангийн тавьсан асуулт болгонд бүдэрсэндээ цочроо аваагүй бололтой. Одоо яалтай билээ, хуулийг хамгийн сайн мэдэж судалж байж шийдвэр гаргах ёстой эрхэм Сайдад хуулийн зөвлөгөө өгөхөөс дөө. Н.Уртнасан сайд аа, Та бол жирийн нэг иргэн биш, Монгол төрийн Сайд хүн учраас дараахи хэдэн зүйлд онцгойлон анхаарал хандуулна уу. Үүнд:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Хоёрдугаар бүлэг, 8-р зүйлийн 3-3-т Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулна гэж бий. Бид Таныг Засгийн газрын гишүүний хувьд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа учраас хуулийн энэ заалтыг нэг анхаарчихаарай.
2. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэж бас бий. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан үзэж, магадлан шийдвэрлэж, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгааг хангах зорилт бүхий хууль байгаа юм. Тус хуулийн 13 дугаар зүйлийн 2-5-д Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг Үндсэн хуулийн Цэц хянаж дүгнэлт гаргана гээд заачихсан байгаа. Энэ бол Тантай шууд хамааралтай заалт болохоор амархан цээжлэгдэх байх.
3. Газар усны нэрийг дур мэдэн өөрчилсөн тань Үндсэн хууль зөрчсөн үйлдэл учраас Таны нэр дээр гомдол гаргах эрх дээрх хуулийн 16-р зүйлийн 2-т заасны дагуу иргэн надад олдож байгаа гэдгийг дараа нь анхааралдаа авчих. Энэ бол Монгол Улсын иргэн миний бие төдийгүй гадаадын иргэд, харьяалалгүй этгээд ч бас эдэлдэг түгээмэл эрх юм байгаа юм. Б.Энх-Амгалан гишүүн ч үүнийг Танд гайгүй тодорхой сануулж харагдсан.
4. Таны хууль бус шийдвэрийг Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл анхнаас нь эсэргүүцсэн, одоо ч эсэргүүцэж байгаа. Та ч өөрийгөө чадлаараа зөвтгөх гэж оролдож байгаа. Дээрх хуулийн дагуу Үндсэн хуулийн Цэц нь төвийг сахиж, маргагч талуудад чөлөөтэй мэтгэлцэх бололцоо олгодог учраас хэдүүлээ Цэц дээр уулзаж, Та яагаад тийм шийдвэр гаргаснаа, бид яагаад Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа талаараа соёлтой сайхан мэтгэлцэцгээе, тэгэх үү?
ХҮСЭЛТ УЛАМЖИЛСАН: Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Урианхан овгийн Б.Галаарид
2021.11.22.