Ресторануудын хоолны нэр төрөл танагдсан ч үнээ нэмжээ

🕔 2021/11/17 12:26

“The Bull” орсон чинь гурилтай, банштай шөл уучихлаа”, “Энэ янзаараа удвал ресторануудын цэс мах, гурилны цуглуулга л болох шинжтэй”, “Хоолны газруудад шинэ ногооны салат гарахгүй байна” гэх яриаг ойрын өдрүүдэд олонтаа сонслоо. Бодит байдал дээр ямар байгаа талаар сурвалжилж, зарим ресторануудын хаалгыг татав.
Хамгийн түрүүнд Хүүхдийн паркын зүүн талд байрлах “Cork Wine&Kitchen” ресторанаар орлоо. Тус ресторанд өдрөөр хүн бага, харин оройн цагаар хүн ихэсдэг гэнэ. Цэсэнд бичигдсэн ихэнх хоол нь гарч байгаа ч хил хаагдсантай холбоотойгоор зарим нарийн ногоо орсон зоог нь гарахгүй байгааг зөөгч нь сануулж байлаа. Тухайлбал, брокколи орсон бүх төрлийн хоолнууд нь гарах боломжгүй гэлээ. Эхний орсон газар маань нарийн ногооны тодорхой хэмжээний хомсдолд орсон нь ойлгомжтой байлаа.
Энэтхэг хоолны газар гэдгээрээ алдаршсан “Namaste”-ийн талбайн урд талын  салбараар оров. Хил гааль хаагдсантай холбоотойгоор тасалдсан хүнс ногоо байгаа эсэхийг лавлахад “Хил хаагдсанаас үүдэж нарийн  ногоо тасалдсан байгаа. Гэхдээ манайх Энэтхэг хоолны газар болохоор ихэнх захиалгын хоолнууд маань гарч байгаа. Ганцхан шинэ ногооны салат л гарахгүй” гэсэн юм. Тус газраар үйлчлүүлж байсан иргэн Н.Балжиннямаас хоолных нь үнэ өртөгт өөрчлөлт орсон эсэхийг лавлахад “Би эдний байнгын үйлчлүүлэгч. Өнгөрсөн жилээ бодоход ихэнх хоол нь 2000-8000 төгрөгөөр нэмэгдсэн. Юмны үнэ нэмэгдэхээр дагаж нэмсэн юм байлгүй” хэмээж байлаа.

“Namaste”-гаас гараад сүшиний газар орлоо. Учир нь монголчууд сүүлийн жилүүдэд япон сүшинд сүжирдэг болцгоосон билээ. “Sushi Hero” рестораны хувьд хил хаагдсантай холбоотойгоор зарим төрлийн салат хачир нь гарахгүй байгаа талаар онцолж байлаа. Тухайлбал, мөөг орсон болон бусад төрлийн нарийн ногоотой хоолнууд гарахгүй байгаа. Харин үндсэн сүши нь гарч байв. Учир нь сүшигээ урдаас татдаггүй аж. Ойрын хугацаанд хоолны үнэд огт өөрчлөлт ороогүй байгаагаа мөн онцолж байлаа.
Гадаад харилцааны яамны баруун талд байрлах “Takesan Miso Ramen” ойрын үед ихэнх хоолныхоо үнэд 1000-2000 мянган төгрөг нэмсэн гэнэ. Тус газрын зөөгч “Манай бүх хоол хэвийн гарч байгаа. Ганцхан “Веган рамен” түр тасарсан. Өнөөдөр агуулахаас амтчлагчаа авсан. Удахгүй хэвийн гарна” гэлээ.

“Веранда” рестораны хувьд ихэнх салат нь гарахгүй гэлээ. Мэдээж энэ бол хил гаальтай холбоотой гэсэн юм. Рестораны байнгын үйлчлүүлэгч Т.Туяацэцэгийн хэлж буйгаар уг газар хоолны үнээ сүүлийн үед огцом нэмсэн гэж байлаа.
Рамен, сүши, энэтхэг хоол зэрэг хүмүүсийн зорьж очиж идэх дуртай хоолны газруудын хувьд иймэрхүү иймэрхүү байдалтай байлаа. Харин нийтийн буюу хүмүүс өргөнөөр үйлчлүүлдэг сүлжээ хоолны газруудын үнэ ханш ямар байдалтай байгаа талаар тодрууллаа. Олон салбартай шөлний газар буюу “Little sheep”-ийн Улаанбаатар галлерейн салбарт өдрийн цаг байсныг ч хэлэх үү хүний хөл бага, танхим нь сийрэг байлаа. Угтах үйлчилгээний ажилтны ярьж буйгаар тус газрын бүх хоол гарч байна. Хоолны цэсэн дээрээс  гарахгүй ганц ч хоол байхгүй гэж байлаа. Нарийн ногоо нэг хэсэг тасалдсан ч одоо хэвийн байгаа тухай учирлаж байв.
Олон нийтийн хамгийн их үйлчлүүлдэг хоолны газруудын нэг яах аргагүй солонгос хоолны ресторанууд байдаг. Тэгвэл тэдний нэг төлөөлөл болох МУИС-ийн гуравдугаар байрны эсрэг талд байрлах “Ганнам” солонгос хоолны газарт хүн ихтэй байсан бөгөөд энэ нь олон хүн төвлөрсөн сургуулийн хажууд байрлалтай байдагтай нь ч холбоотой байж болох. Тус хоолны газрын ажилтан “Нарийн ногоо хомсодсон зүйл байхгүй. Өмнө нь гардаг байсан бүх хоол гарч байна. Хачирнууд ч гэсэн ялгаагүй” гэсэн юм.

Тэгвэл албан байгууллагын ажилчид, иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг зоогийн газрууд ямархан байдалтай байгаа талаар сонирхлоо. Чингэлтэй дүүрэгт байрлах, олны мэддэгээр нийслэлийн Цагдаагийн удирдах газар”-ын зүүн талд байрлах “Нүнжигтэй монгол”-ын хувьд нарийн ногоо орсон бүх хоол гарахгүй байгаагаа ярьсан юм. Тус хоолны газраас холгүйхэн байрлах “Заан” нэртэй цайны газарт мөн л чинжүү, мөөг, брокколи зэрэг нарийн ногоо орсон хоолнууд гарахгүй байгаа аж. Хоолны газрын ажилтны хэлж буйгаар энэ долоо хоногтоо багтаад бүх төрлийн хоолнууд хэвийн гарна гэнэ. Учир нь нарийн ногоо татан авахаар болсон аж.

Худалдааны төвүүдээр ойрын хугацаанд ногоо түгээлт жигдэрнэ гэх мэдээллийг өгч байлаа. Ийнхүү “Нарийн ногоо орсон хоол тасарсан байна” гэх олны яриа ортой болох нь тодорхой байлаа. Ресторан, зоогийн газруудын хувьд хоолныхоо үнийг тодорхой хэмжээгээр нэмсэн ч иргэдийн үйлчлүүлэх тоо багасаагүй байгаа нь ажиглагдаж байв. Үүнийг гэрчлэх нэг зүйл бол Статистикийн нэгдсэн мэдээлэл юм. Тодруулбал, нийтийн хоолны салбарын үзүүлэлтээс харахад энэ оны байдлаар тус салбараар үйлчлүүлэгсдийн тоо өссөн төдийгүй орлого нь нэмэгдсэн дүнтэй гарчээ.
Үнийн хувьд харилцан адилгүй. Ихэнх газар сет хоолны  цэстэй байлаа. Харин ганц хүний порц хоолны хувьд багцлаад хэлбэл, 8000-45000 төгрөгийн хооронд байсан юм. Ресторануудын хувьд хамт олон, байгууллагын шинэ жилийн захиалга авч эхэлсэн байлаа.
З.ЦЭЦЭН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Санал болгох