ТӨСӨВ: Тусгай сангуудын зардал ингэж ӨӨРЧЛӨГДЖЭЭ

🕔 2021/11/09 12:05

УИХ-аас энэ сарын 15-ны өдөрт багтан Монгол Улсын ирэх оны төсвийг хуульчлан батална. 15.8 их наяд төгрөгийн орлого, 18.1 их наядын зарлага гаргах тооцоололтой төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Ирэх оны улсын төсөв  татвар төлөгчдийн мөнгө бүр эдийн засагт үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлаж боловсруулагдсан” гэж буй.
 
Харин эдийн засагчдын олонх нь төсвийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, эдийн засагч  Ж.Дэлгэрсайхан “2022 оны төсвийг сайжруулах алхмыг эхлүүлсэн нь олзуурхууштай. Гэхдээ агуулгын хувьд томоохон өөрчлөлт гарсан зүйл бага байна. Төсвийн шинэчлэлийг нэг жилийн хугацаанд хийх боломжгүй. Шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх ёстой. Хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг төсвөөс олж харахгүй байна. Халамжийг хумьсан гэхээс илүү хэлбэр нь өөрчлөгдсөн, зарлага хэт өссөн байна. Тусгай сангуудын үр ашгийг сайжруулах хэрэгтэй” гэсэн юм.
Тэгвэл 2022 оны төсвийн төсөлд Засгийн газрын Тусгай сангуудийн ЗАРДЛЫГ хэрхэн тооцсоныг хүргэж байна.
Ирэх  онд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,213.3 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Үүний 90 хувь буюу 4,690.4 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага байх бол 10 хувь буюу 522.9 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардалд хамаарч байна.

 
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУДЫН ЗАРДАЛ 2021 ОНЫ ТӨСӨВ БА 2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД

 
 
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН
 
Боловсролын зээлийн санд нийт 79.4 тэрбум төгрөг төлөвлөжээ. Үүнд:
 
  • Оюутны хөгжлийн зээлд 21.8 тэрбум төгрөг
  • Гадаадад суралцагсдын зээлд 18.7 тэрбум төгрөг
  • Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, нэг өрхөөс 3 хүүхэд нь зэрэг их, дээд сургуульд суралцаж байгаа бол 1 хүүхдийн тэтгэлэгт 13.5 тэрбум төгрөг
  • Оюутанд зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн батлан даалт болон хүүгийн татаас 8.0 тэрбум төгрөг
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт 4.9 тэрбум төгрөг
  • Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт 3.4 тэрбум төгрөг
  • Сувилагч мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийн тэтгэлэгт 1.9 тэрбум төгрөг
  • Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадад суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийн тэтгэлэгт 1.9 тэрбум төгрөг
  • Багш мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа суралцагчдын болон орон нутагт хийх багшлах дадлагын тэтгэлэгт 2.3 тэрбум төгрөг
  • Орон нутгаас суралцаж байгаа оюутны замын зардлын хөнгөлөлтөд 1.0 тэрбум төгрөг
  • Засгийн газар хоорондын гэрээний дагуу гадаад улсаас Монгол улсад суралцаж байгаа гадаад оюутнуудын амьжиргааны тэтгэлэгт 0.6 тэрбум төгрөгийг тус тус тусгасан байна.

 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САН
Халамжийн сангийн нийт зарлага 490.4 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оноос 2,504.4 тэрбум төгрөгөөр буурч байна. Зардал буурсан шалтгааныг арга хэмжээгээр нь авч үзэхэд 2021 онд коронавируст халдварын цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор Засгийн газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрд 100 мянган төгрөг байхаар олгохоор тооцож 1,440.0 тэрбум төгрөгийг зарцуулсан мөн хөл хорионы үед иргэн бүрд 300.0 мянган төгрөгийг олгох 1,012.0 тэрбум төгрөг тус тус зарцуулсантай холбоотой байна.
Ирэх онд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлнэ. Ингэснээр нийгмийн халамжийн тогтолцоогоор дамжуулан олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг уул уурхайн баялгийн өгөөжид суурилсан “Хуримтлалтай Монгол хүүхэд” хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

 
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор “Хөдөлмөрт бэлтгэх”, “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх хөтөлбөрүүдээс гадна “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих бодлогын ажил олоход хүндрэлтэй иргэн, ялангуяа нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хүнсний талонд хамрагддаг өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай гишүүнийг хөдөлмөрт бэлтгэж, ажлын байраар хангах, мөн Ковид-19 цар тахлын үед үйлдвэрлэл, үйлчилгээ, мал аж ахуй эрхлэгчдэд үйл ажиллагаагаа сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлж, ажлын байр бий болгох, хадгалах чиглэлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулна.

 
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ САН
Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийн 2022 оны төсвийн нийт зардлыг 92.9 тэрбум төгрөгөөр тусгажээ. Үүнд 2022 оноос хэрэгжих мэргэжлийн боловсролын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд бэлтгэж байгаа ажил мэргэжлийн стандартад үндэслэсэн мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан санхүүжилтэд 74.3 тэрбум төгрөг, МСБ-д суралцагчдад олгодог 200.0 мянган төгрөгийн тэтгэлгийг тухайн суралцагчийг МСБ-г төгссөний дараагаар нэг удаа бөөнд нь олгоход 18.6 тэрбум төгрөгийг тус тус тусгасан байна.

 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН
Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсөвт нийт орлогын хэмжээг 2,379.5 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээг 2,750.9 тэрбум төгрөг байхаар төсөвлөлөө. Энэ нь 2021 онтой харьцуулахад орлого 575.7 тэрбум төгрөгөөр, зарлага 156.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж байна.
 
ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САН
Тэтгэврийн даатгалын сангийн нийт зардлыг 2,474.7 тэрбум төгрөгөөр, орлогыг 1,960.2 тэрбум төгрөгөөр тооцжээ. Тэтгэврийн даатгалын сангийн зардлын 76 хувийг өндөр насны тэтгэвэр, 12 хувийг тахир дутуугийн тэтгэвэр, 4 хувийг тэжээгчээ алдсаны тэтгэвэр, 8 хувийг цэргийн тэтгэвэр тус тус эзэлж байна.
 
ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛЫН САН
Тэтгэмжийн даатгалын сангийн орлого 2022 онд 198.9 тэрбум төгрөгийг бүрдүүлж, 174.8 тэрбум төгрөгийг хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсэн, амаржсан эхийн болон оршуулгын тэтгэмжид зарцуулахаар тооцжээ.
 
ҮОМШӨ-ИЙ ДААТГАЛЫН САН
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний (ҮОМШӨ) даатгалын санд 2022 онд 178.3 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлуулж тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, сувиллын хувьсах зардал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, ҮОМШӨ-ий улмаас тахир дутуу болсон иргэдийн шимтгэлийн зардалд нийт 37.0 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.
 
АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САН
Ажилгүйдлийн даатгалын санд 2022 онд 42.1 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлагдаж ажилгүйдлийн тэтгэмж болон мэргэжил олгох давтан сургалтын зардалд 64.4 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.  Тус сангаас 2022 онд ажилгүйдлийн тэтгэмж авах 25.6 мянган иргэнд 63.6 тэрбум төгрөг, мэргэжил олгох давтан сургалтын зардалд 96.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн аж.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн орлогыг нийт 1,450.8 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж улсын төсвөөс эрүүл мэндийн даатгалын санд тусламж, үйлчилгээний санхүүжилтийг шилжүүлж байна. Үүний дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод улсын төсвийн шилжүүлэг, эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого аж, ахуйн нэгж байгууллага, төсөвт байгууллага болон даатгуулагчаас төлөх шимтгэлийн орлогыг тус тус тусгажээ.
Тус сангаас бүх шатны эмнэлгийн иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлээр олгох санхүүжилтэд нийт 1,358.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Эрүүл мэндийн байгууллагын эмчийн бичсэн жороор хөнгөлөлттэй олгох эмийн нэр төрөл, жагсаалтын дагуу олгох эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 67.3 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдэлийн сангийн хөрөнгийг 40.0 тэрбум төгрөг байхаар тус тус тооцжээ.

ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN 
https://news.zindaa.mn/3xezскачать dle 12.0

Санал болгох