Р.Булгамаа: 14 настай хүүхэдтэй хүсвэл бэлгийн харьцаанд орж болно гэсэн бусармаг хуулиа болиулах ёстой
Хуульч Р. Булгамаа, “Эх үрсийн дуу хоолой “ ТББ, “Нарны охид” төсөл , ТХ Продаkшин, “Хүүхэд эрдэнэ “ сангаас “Охидоо хайрлая” хөдөлгөөнийг өрнүүлж байна.НҮБ-ын гишүүн 193 улс оронд 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ныг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр “ болгон тэмдэглэж ирсэн. Уг өдрийг тохиолдуулан “Охидоо хайрлая” хөдөлгөөнийг өрнүүлж байгаагаа хуульч Р.Булгамаа өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд хүүхэд гэмт хэргийн золиос болох нь их болсон. Ялангуяа охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг ихээр гарах боллоо. Энэ төрлийн гэмт хэрэг их гарч буйн шалтгаан нь төрийн байгууллага болоод мэргэжилийн байгууллагууд урьдчилан сэргийлэх талд оновчтой бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой.
Хүүхдийн эрхийг хамгаалах иргэний нийгмийн цөөн байгууллага ажиллаж байгаа. Хүчирхийлэлд өртсөн охид эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирч ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж түүнчлэн эр хүнийг үзэн ядах хандлагатай өсөж байна. Тиймээс энэ асуудлыг төрийн анхаарлын төвд аваачих шаардлагатай болоод байна.
Хүүхдийн эсрэг эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмээрээ анхаарал хандуулж, хэргийн золиос болсон охидод эрүүл мэнд, сэтгэл зүйн болон айдасаа даван туулах, нэр төрөө хамгаалахад нь туслах оновчтой төрийн бодлого зайлшгүй шаардлагатай байгаа. Хүчирхийлэлд өртсөн охидыг төр гэмт хэрэг шийдэж дуустал төрийн хамгаалалтад авдаг зохицуулалт хэрэгтэй байна.
Хүчирхийлэлд өртсөн охидын сэтгэл санааны хохиролыг тооцох журам гаргах хэрэгтэй. Бага насны охидыг хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд 10-12 жилийн ял оногдуулдаг боловч хүчирхийлэлд өртсөн охидын тоо огтхон ч буурахгүй байна. Сүүлдээ энэ төрлийн гэмт хэрэг ураг төрлийн шинжтэй болж байгаа нь хамгийн анхаарал татсан асуудал боллоо. Тийм учраас бид охидын сайн сайхны төлөө аавуудыг нэгдэхийг уриалж байна” гэв.
Монгол Улсын нийт эмэгтэйчүүдийн 35 хувийг 18 хүртэлх насны охид эзэлж байна. Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд 2017 онд 138, 2018 онд 309, 2019 онд 350, 2020 онд 328 , 2021 оны 8 сарын байдлаар 228 охин бэлгийн хүчирхийллийн хохирогч болсныг тэрбээр мөн танилцуулсан юм.
“Охидоо хайрлая” хөдөлгөөнд нэгдсэн аавуудыг төлөөлж Я.Баярхүү мэдээлэхдээ, “УИХ-ын эмэгтэй гишүүд хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол охид эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах хуулийг санаачлан батлуулах ёстой.
Олон улсад хүүхэд гэж 18 хүртэлх насныхныг хэлнэ гэж тодорхой заасан байдаг. Гэтэл Монголд 14 настай хүүхэдтэй хүсвэл бэлгийн харьцаанд орж болно гэсэн хуулийн заалт байна. Бидний үр хүүхдийн төлөвшил ямар хүн болох нь улс орны ирээдүйтэй шууд холбоотой байтал ийм бусармаг хуулиа болиулах ёстой” гэв.