“e-Mongolia” | Иргэн бүрт Digital ID үүслээ

🕔 2021/10/01 09:10


Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” өнгөрсөн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдаж, нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Тэгвэл тус систем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд өнөөдөр /2021.10.01/ нэвтрүүллээ. 
“e-Mongolia” шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжив. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
 
Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй.
Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг.
Мөн шинэчлэгдэж буй “e-Mongolia” -с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой.
 
Үүний зэрэгцээ, тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй таны мэдээлэл “e-Mongolia” -ийн шинэчилсэн хувилбарт оржээ.
Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм.
скачать dle 12.0

Санал болгох