Бүрэн улсын гадаад бодлогыг хэвлэлийн компанийн захирал барьдаггүй юм
Аливаа улс орны гадаад харилцаа гэдэг бол нэн чухал зүйл төдийгүй, гадаад харилцааны салбарт явуулж байгаа бодлогын үр дүнд улс орны амьдралын өнгө харагддаг. Гэтэл энэ салбарыг нэг хэвлэлийн компанийн захирал удирдах болсноор уруудаж эхэлжээ. Өдгөөгийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урагшгүй бодлого, үйл ажиллагааг олон зүйлээр дурдах ч хэрэг алга. Ганцхан жишээ дурдахад Монгол Улсын хэмжээнд шатахуун, түлш тасраад хэд хоногийн нүүр үзэж байна. Бид хойд хөрш орноос шатахуун түлш импортлоод даруй 100 жилийн нүүр үзсэн ч энэ 100 жилийн түүхэнд шатахуун түлш ийм хэмжээнд тасалдаж зогсож байсан нь үгүй. Нийгмийн амьдрал зогсохдоо тулжээ.
Гэтэл энэ удаад 100 жилийн түүхэнд анх удаа шатахуун түлш ийм удаан хугацаанд тасалдаж, хязгаарлалтад орж байгааг гадаад харилцаанд ихээхэн асуудал байгаатай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн бодлогогүй арчаагүй байдлаас үүдсэн гэдгийг хэллээ. Арга ч үгүй, хэвлэлийн компанийн захирал бүхэл бүтэн улсын гадаад харилцааг яаж удирдах юм. Ямар дүүрчихсэн Засгийн газар гэхээрээ стратегийн чухал салбараа хэвлэлийн компанийн захиралд атгуулдаг байна вэ гэж хэн ч гайхна.
Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын гишүүн орон болоод нэгэн жарны нүүр үзэж байна. Дэлхийн 200 шахам улстай дипломат харилцаа тогтоож, олон улс оронтой найрсаг харилцаа бий болгож, бүхий л чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх болсон. Гэтэл хэвлэлийн компанийн захирал гадаад харилцааны бодлогыг барих болсноор дэлхийн олон улс бүү хэл мөнхийн гэх хойд хөрштэйгөө ч ойлголцож чадахгүйд хүрснийг шатахуун түлшний өнөөгийн нөхцөл байдлаас харж болно. Үүнээс гадна БНХАУ байна гээд бодоход монголчууд шатахуун түлшээр дутаж суух орон биш. Гагцхүү Б.Батцэцэг сайдын өнгөн дээр ийм байдалд хүрлээ. Мөнхийн хоёр хөрштэйгөө ч ойлголцож чадахгүй гадаад харилцааны сайдаа үтэр түргэн явуулахгүй бол шатахуун түлшээр зогсохгүй Монгол Улсын аюулгүй байдалд ч сөрөг нөлөөлөл үзүүлэх вий хэмээн санаа зовох хүн цөөнгүй бий.
Түмэн.мн