Сурвалжилга: Петровисын ШТС шатахуунаа хязгаартайгаар борлуулж, иргэдэд хомсдол үүссэн гэх ойлголт төрүүлж байна
ШТС-уудад шатахуун дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн өдрүүдээс эрэлт эрс нэмэгдээд байна. Түүнчлэн шатахуун импортлогчид энэ сарын 17-ны өдрөөс АИ95 автобензиний үнээ литр тутамд 100 төгрөгөөр нэмлээ. Өнөөдөр өглөөний байдлаар дийлэнх ШТС-ууд үүдээ хаасан байдалтай байсан бол үдээс хойш нийлүүлэлт хийгдэж, колонкуудад маш урт дараалал үүсчээ.
АМГТГ-аас ШТС-ууд шатахуун борлуулахгүй байсан нь нийлүүлэгч талтай холбоотой, зарим борлуулагч компанид тодорхой хэмжээнд нөөц багассан, гэхдээ хомсдол үүсээгүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн шатахууны үнэ өсөх нөхцөл үүсэхгүй гэсэн юм. Тэгвэл жишээ нь Петровисын колонк хэрэглэгчдэд тодорхой хязгаарлалттайгаар үйлчилж байгаа нь зохиомол хомсдол үүсгэж, улмаар үнээ нэмэх гэж байна гэх хардлагыг иргэдийн дунд бий болгожээ.
Өнөөдрийн хувьд ерөнхийдөө Петровисын колонкоос бусад нь ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч ямар нэгэн байдлаар бензин худалдан авах хэмжээнд хязгаарлалт тогтоогүй байна. Харин Петровисын зарим салбар нь бензин зарахгүй, ажиллаж байгаа салбар нь нэг машинд 30 мянган төгрөгийн шатахууныг зөвхөн талон болон картаар л олгож байлаа. Үүнээс үүдэн иргэд шатахууны хомсдол үүсч байна гэх ойлголттой болж, бусад ШТС-уудад ачаалал эрс нэмэгдсэн бололтой. Учир нь бусад борлуулагч компаниудын түгээгчид "Шатахуун түгээлтэд хэмжээ заагаагүй байхад иргэдийн дунд гарсан ярианаас болж ачаалал эрс нэмэгдлээ" гэсэн тайлбарыг хэлж байсан юм. Петровис компанийн түгээгч нарын зүгээс харин ямар ч тайлбар өгсөнгүй.
ОХУ-д шатахууны үнэ нэмэгдсэнээс нийлүүлт саатаж байгаа гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл бас байгаа юм. Хэдийгээр АМГТГ-аас автобензиний хомсдол үүсэхгүй гэж мэдэгдсэн ч бодит байдал дээр эрэлт, нийлүүлэлтийн харьцаа ийм дүр зурагтай байна. Энэ талаар бид холбогдох албаныхнаас тодруулан эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: bolod.mn