Т.Баттулга: "Mongolia Mining" үзэсгэлэнгийн 10 жилийн ой тохиож байна

🕔 2021/09/09 17:14
-КОВИД-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил хойшилсон “Mongolia Mining” үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулагдахаар болж байна. Арга хэмжээнд  оролцогчдын хүлээлт хэр байна вэ? Ялангуяа гадаадын компаниуд хандлага ихээхэн сонирхол татаж байна?
-Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2011 онд анх зохион байгуулагдаж эхэлснээс хойш 2019 он хүртэл тасралтгүй зохион байгуулагдсан. Энэ хугацаанд жилээс жилд өргөжиж ирсэн. Үзэсгэлэнгийн хамрах хүрээ, ач холбогдлын хувьд ямагт өргөжин тэлсэн. Үзэсгэлэнд оролцогчдын маань хувьд үзэсгэлэнгээс хүртэх өгөөж ч тасралтгүй нэмэгдэж байсан. Тийм учраас үзэсгэлэн гаргагч, оролцогчдын хувьд 2020 онд зохион байгуулагдах байсан манай 10 дахь удаагийн үзэсгэлэнгийн хүлээлт асар өндөр байсан. Зохион байгуулагдах байсан хугацаанаас цар тахлын нөлөөгөөр 1.5 жил хойшилсон учраас үзэсгэлэн болох өдрөө бидэнтэй адил хоног тоолон хүлээсэн үйлчлүүлэгчдийн маань тэр өндөр хүлээлт дахин 1.5 дахин нэмэгдсэн гэсэн үг.
Гадаадын оролцогчдын тухайд өмнөх 2020 онд цар тахал гарахаас өмнө өгсөн захиалгаа хадгалсаар байсан. Энэ удаагийн үзэсгэлэнд тэд бүгдээрээ ирж оролцохыг хүссэн боловч хилийн хорионы дэглэмээс болоод ихэнх гадаадын оролцогчид ирж чадахгүй. Гэвч Монголд байгаа өөрийн улсын дипломат төлөөлөгчийн газруудаар болон харилцагч бизнесийн байгууллагуудаараа төлөөлүүлэн оролцож байгаа.  
-Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа бол? Одоогоор хэчнээн компани оролцохоор байна вэ?
-Бид саяхан 8 сарын 16 - ны өдөр УОК-оос Mongolia Mining 2021 үзэсгэлэнгээ 2021 оны 9 сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар албан ёсны зөвшөөрөл авснаас хойш өмнө нь захиалга өгөөд байсан компаниуд дээрээ 50 гаруй шинэ захиалга нэмж авлаа. Цар тахлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшилсноос болж захиалгаа цуцлаад байсан оролцогчид маань захиалгаа сэргээлээ. Ивээн тэтгэгчээр хамтарч ажиллах байгууллагууд нэмэгдлээ. Нийтдээ 130 уул уурхайн ханган нийлүүлэгч компаниуд, гадаад, дотоодын байгууллагууд үзэсгэлэнгээ гарган оролцоно.
Бэлтгэл ажлын тухайд бүх төлөвлөсөн ажил цагтаа бүрэн хийгдээд явж байна. Бид үзэсгэлэнгээ ямагт жилийн өмнөөс товлож бүх бэлтгэлээ хангаж ирсэн. Бэлтгэл ажлыг ямагт өндөр түвшинд урьдчилан хийж ирсэн. Өнөө жилийн тухайд хилийн хорио цээр, хил гааль дээрх түгжрэл гацаа, гадаадад хийлгэдэг зарим сурталчилгаа, бэлэг дурсгалын зүйлийг авахад бэрхшээл учруулж байна, өртөг зардлыг нэмэгдүүлж байна.  
-Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татахад, сэргээхэд “Mongolia Mining” арга хэмжээ нь чухал ач холбогдолтой гэж ойлгодог. Манай төр засаг, яамдууд, уул уурхайн салбарын төрийн гол байгууллагуудын зүгээс арга хэмжээг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа вэ?  
-Mongolia Mining үзэсгэлэн бол уул уурхай салбарын ханган нийлүүлэлтийн маркетинг, худалдааны орчин. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт шууд санхүүгийн хөрөнгө оруулалт авчрахаасаа илүү техник, технологи нийлүүлэх гол суваг. Монголын уул уурхайн салбарт дэлхий дахинд гарсан хамгийн дэвшилтэт технологийг танилцуулж нэвтрүүлэн, салбарын хөгжил, бүтээмжийг дээшлүүлэхэд ямагт жинтэй хувь нэмэр оруулж ирсэн. Үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарын гадаад дотоодын бүхий л тоглогчид хуран цуглардаг учраас хөрөнгө оруулагчид ч салбарын хөгжилтэй танилцаж мэдээлэл авах гэж ирдэг. Үзэсгэлэнгийн үеэр, үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагддаг бусад арга хэмжээгээр дамжуулан хөрөнгө оруулалтын яриа хэлцүүд ч хийгддэг. Тийм учраас бид салбарын хөрөнгө оруулалтыг дэмжихэд ч бас тодорхой хувь нэмэр оруулж ирсэн.
Бид үзэсгэлэн гаргаж эхэлснээс хойш Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллагуудтай байнга хамтран ажиллаж ирсэн. Төрийн өмчийн голлох уул уурхайн компаниуд Эрдэнэс Монгол, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт УҮГ, Багануур, Шивээ Овоогийн нүүрсний уурхайнууд манай үзэсгэлэнгийн үеэр худалдан авалтын бодлогоо танилцуулж, үзэсгэлэн гаргагчид зах зээлийн боломжоо нээж хамтран ажиллаж ирсэн.
-Олон улсын чанартай томоохон арга хэмжээг 10 жил тасралтгүй зохион байгуулж ирсэн Танаас сонирхож асуух зүйл бол дэлхий дахин дахь хөрөнгө оруулалтын хандлага хэр байна вэ? Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар уул уурхайн чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг манай улс татах өнөөгийн боломжийн талаар Та өөрийн байр суурийг илэрхийлнэ үү?
-Ер нь сүүлийн жил хагасын хугацаанд ганц уул уурхай биш эдийн засгийн бүхий л салбарт хөрөнгө оруулалт их хэмжээгээр саатаж, татарсан шүү дээ. Тийм учраас, ковидын хөл хорионы дараа бараа материалын хангамж эрэлтээ гүйцэхгүйд хүрч, түүхий эд, бараа таваарын үнэ их хэмжээгээр өсч байгаа байдал анзаарагдаж байгаа. Түүхий эдээ ихэнхийг гадаадаас авдаг барилга зэрэгт салбарт хүндрэлтэй тусч байгаа бол эрдсийн үнийн өсөлт манай эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлнө.
Харин хөрөнгө оруулалтын тухайд Монгол улсын төрийн бодлогоор ч, улс төржилт, иргэдийн хандлагаараа ч гадаадын хөрөнгө оруулалтад тун таагүй орчин бүрдүүлээд удаж байгаа шүү дээ. Бодлогын тогтворгүй байдал, улс төржилт маш олон хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Нэг хэсэг, Оюу толгойн хөрөнгө оруулалтыг дагаад Монголыг сонирхох байдал эрс нэмэгдэж дэлхийн том том уул уурхайн компани, тэдэнтэй хамтран ажилладаг төрөл бүрийн бизнесийн байгууллагууд Монголд салбар нэгжээ нээж байсан бол дээр дурдсан сөрөг хандлагуудаас болоод бүгдээрээ хаагаад гараад явсан. Саяхан манай ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулагчдаас уучлал гүйж байна, одоо бид ёстой гоё байна гэж амлалт өгч байналээ. Алдсан итгэлийг олж авахад үгээр биш үйлдлээр батлах хэрэгтэй байх, бас нэлээн хугацаа орох байх.
-Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлог бол 10 жилийн ой тохиож байгаа билээ.  Ямар уриатай, хөндөх гол сэдэв юу байх бол гэсэн хүлээлт байна даа?
-2011 онд анх удаа зохион байгуулагдан үүд хаалгаа нээснээс хойш яг 10 жилийн ойн дээрээ 10 дахь удаагийн үзэсгэлэн тохиож байгаа нь онцлог. 10 жилийн ойн лэндмарк 10 дахь удаагийн арга хэмжээгээ чанартай сайн зохион байгуулна. Ковидын хязгаарлалт хүссэн хэмжээгээрээ олон хүмүүс оролцуулж, урьд урьдынхаас өргөн хийх боломж олгохгүй байгаа ч оролцогчдын хувьд өндөр үр дүнтэй, туйлын ач холбогдолтой арга хэмжээ болгохыг хичээж байна. Дашрамд хэлэхэд, халдвар хамгааллын чанд журам боловсруулж, хэрэгжүүлж ажиллана гэдгийг хэлэх нь зүйтэй.
10 жилийн ойн 10 дахь удаагийн үзэсгэлэнгээ салбарын Монголын эдийн засгийн сүүлийн хэдэн жилийн хөгжил болон одоогийн нөхцөл дэх ач холбогдлыг товойлгон, “Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь” (Minerаl sector, the foundation of economic revival) гэсэн уриатайгаар зохион байгуулж байна. Эрдэс баялгийн салбарын эдийн засгийн хөгжилд гүйцэтгэж байгаа үүрэг, боломж, эрдэс баялгийн орлогоор нийт эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй дэмжих шаардлага, боломжийн талаар бодлогын семинар зохион байгуулна.
-Үзэсгэлэнд шинээр оролцох компаниуд болон сонирхолтой технологи, дэвшилтэт техник тоног төхөөрөмж? 
-Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч хамтран ажилладаг бизнесийн байгууллагууд маань жил жилд цоо шинэ техник технологио манай үзэсгэлэн дээрээс л зах зээлд танилцуулдаг. Өнөө жил ч тэр уламжлал давтагдана. Манай үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч Гранд Майнинг компани SANY брэндийн өргөн аралт өөрөө буулгагч машин, Хера Экуйпмент ХХК  Тонли брэндийн хүнд даацын тоног төхөөрөмжүүд, Юнайтед Белаз Машинери ХХК белаз брэндийн уул уурхайн автосамосволууд худалдан авагчиддаа  танилцуулахаар бэлдэж байна.
-Мэдээж, томоохон арга хэмжээг зохион байгуулахад хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг, ивээн тэтгэгчдийн оролцоо тун чухал. 10 дахь жилдээ болох гэж буй үзэсгэлэнгийн дэмжигч, ивээн тэтгэгч болоод шинэ спонсор компаниудыг танилцуулахгүй юу?
-10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй 10 дахь удаагийн үзэсгэлэнг маань Гранд Майнинг Экуйпмент ХХК, Хера Экуйпмент ХХК, Новел групп, Цбон ХХК, Юнайтед Белаз Машинери ХХК, Соёолон Интэрнэшнл компаниуд ивээн тэтгэж, Оюутолгой компани дэмжигч байгууллагаар, Mongolian Mining Journal-сэтгүүл, Блүүмберг ТВ мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна. Энэ дашрамд, манай үзэсгэлэнг үргэлж дэмжиж, хамтын маркетингийн хамгийн үр дүнтэй орчин бүрдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж байгаа ивээн тэтгэгчиддээ талархал илэрхийлмээр байна.
-“Mongolia Mining” үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч “Майнекс Монголиа” компанийн сүүлийн үед хийгдэж байгаа ажлуудаас сонирхуулахгүй юу?
-Манай компани уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын зуучлалын үйл ажиллагаа явуулахаар 2009 онд байгуулагдсанаас хойш Mongolia Mining үзэсгэлэнг жил бүр тасралтгүй зохион байгууллаа. 
Oil and Oil Shale Mongolia олон улсын хөрөнгө оруулалтын чуулган амжилттай зохион байгуулсан. БНХАУ-д болдог China Mining, China Gold, Bauma Shanghai, АНУ-ын Лас Вегас хотноо болдог EXPO Mine, Казахстаны Minex, Индонез улсад болдог Mining Indonesia зэрэг олон улсын үзэсгэлэнгүүд хамтран ажиллаж, Монголын уул уурхайн компаниудын төлөөллүүдийг оролцууллаа. Tianjin Mining Exchange-тэй хамтран БНХАУ-Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын уулзалт зохион байгууллаа. Харамсалтай нь, цар тахлын нөлөөгөөр олон улсын арга хэмжээнүүд нэлээн тасалдлаа. Сүүлийн үед Экспо Монгол ХХК-тай хамтран "Монгол орныг бүтээн байгуулцгаая" уриатай Build Mongolia олон улсын барилга, дэд бүтэц, хүнд үйлдвэрийн үзэсгэлэн зохион байгуулалцсан. Өнөө жил 10 дугаар сард хоёр дахь удаагийн Build Mongolia үзэсгэлэнг зохион байгуулна.
-Танд баярлалаа.
скачать dle 12.0

Санал болгох