Оюутолгойн хэлэлцээрт “ташуур” өгсөн мэдэгдлүүд

🕔 2021/09/06 09:50
 
Зунжингаа намуухан байсан улс төрийн “халуун” огцом нэмэгдсэн долоо хоног өнгөрлөө. Оюутолгойн хэлэлцээр, нөхөн сонгууль гээд улс төр өндөрөө авах өдрүүд эхэлж байна. Дээр нь эрч нь улам нэмэгдэж байгаа цар тахлыг даван туулах төлөвлөгөө, танхимын хичээлийг амжилттай үргэлжүүлэх гээд төр засгийн зүтгэл, зөв бодлого шаардсан ажил ч өрнөнө.
 
ХАРИУЦЛАГА ДАГУУЛСАН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ 
Хоёр жил завсарласны дараа танхимын хичээл эхэлсэн нь энэ намрын хамгийн том хүлээлт байлаа. Эрсдэлтэй зэрэгцээд битүүхэн айдас, хариуцлага ч эхэлж байна. Цар тахлын үеийн хоёр дахь хичээлийн шинэ жил танхимаар эхэлсэн ч Ерөнхийлөгчийн заадаг уламжлалт хичээл, сургууль бүр тууз хайчилдаг нээлтийг энэ удаа өнжив. Тиймээс төрийн өндөрлөгүүд цахимаар мэндчилсэн юм. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий боловсролын тогтолцоонд олон улсын үнэлгээг нэвтрүүлж, Монгол хүүхэд бүр суурь боловсролын 12 жилийн хөтөлбөрт бүрэн хамрагдах тогтолцоонд үе шаттай шилжих замаар хот хөдөөгийн боловсролын тэгш бус байдлыг арилгаж,  Их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ” гэдгийг онцоллоо.
Манай улс танхимаа хичээл эхлүүлсэн нь том амжилт, зоригтой шийдвэр хэдий ч 700 гаруй мянган хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих учиртай юм. Тиймээс хичээлийн шинэ жил дагасан хариуцлага хийгээд хоёр жилийн хугацаанд БШУЯ хэрхэн бэлтгэсэн нь тодорч эхэлнэ.
 
НАМУУД НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭЭ ЗАРЛАВ  
Ерөнхийлөгч, Хотын дарга нарын оронд сонгогдох хоёр шинэ гишүүнтэй болох нөхөн сонгууль ойртож байна. Хэнтий аймгийн 18 дугаар тойрог болон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшүүлэх хүмүүсээ намууд тодруулж дууслаа.
МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас Хэнтий аймагт  Ц.Идэрбатыг, Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугарыг нэр дэвшүүлэхээр батлаад байгаа юм. Харин АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж УИХ-ын 28 дугаар тойрогт Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойрогт Б.Гарамгайбаатарыг, ХҮН Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалааг Сонгинохайрхан дүүрэгт  дэвшүүлэх бол Хэнтийд зөв хүнийг дэмжинэ гэдгээ мэдэгдээд байгаа.
ИЗНН-аас гадаад мэдээний тоймч Ш.Гантулгыг Сонгинохайрханы нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон бол Үнэн ба зөв намаас А.Отгонбаатарыг зарлав.
 
“РИО ТИНТО” УУЧЛАЛ ГУЙЖ, “ОЮУТОЛГОЙ”-Н ХЭЛЭЛЦЭЭР ОЙРТЛОО 
Оюутолгойтой хэлэлцээрийн ширээний ард суух өдөр ойртсоныг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн мэдэглүүдээс харж болно. Мөн Рио Тинтотой Монгол Улсын Засгийн газрын баримталж буй байр суурийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар танилцуулав. Х.Нямбаатар ““Рио Тинто” групп Ерөнхий сайдад ирүүлсэн захидалд дурдсанаар тус групп гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан. Мөн “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэмэлтээр 350 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтойг онцолсон. Засгийн газрын эзэмшиж буй, “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан байна. Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэдгийг онцолсон бол Харин ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо ““Рио Тинто” групп 350 сая ам.доллар төллөө гээд арбитрын шүүх дээрх маргааныг зогсоохгүй. Гүний уурхайн ашиглалт хойшилсноор Монгол Улсын төсөвт ихээхэн сөргөөр нөлөөллөө. Хэлэлцээр ойрын хугацаанд эхэлнэ” гэсэн юм.
 
Харин “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Оюутолгой” дээр Тусгай хороо байгуулагдаж хөндлөнгийн шинжээчид томилж 3-4 сар ажилласны эцэст наймдугаар сарын эхээр дүгнэлт гарсан. Дүгнэлтээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрснийг өмнө нь “Рио Тинто”-гийн тайлбарлаж байснаар геотехникээс үүдээгүй гэж үзсэн.

Геотехникээс үүдсэн зардал нь 90 сая ам.доллар байхад бусад 1.4 тэрбум ам.доллар бол менежментийн алдаанаас болсон гэдэг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, менежментийн алдаа даамжирсаар 22 сар болсон гэсэн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчид гаргасан.

Дүгнэлтийг наймдугаар сарын 9-нд Засгийн газарт гардуулж өгсөн. Холбогдох мэргэжлийн хүмүүс судалж хэлэлцээрийн үе шатанд ашиглах бүрэн боломжтой” гэв. Мөн Оюутолгойн ТУЗ-ийн хурлаар Рио Тинтотой холбоотой хариуцлагын багц асуудлыг ярина гэдгийг онцолсон юм.
 
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХЯМРАЛЫГ ДАВАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ДЭМЖИВ 
 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай тусгажээ. ҮАБЗ-өөс уг хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг дэмжжээ. Өөрөөр хэлбэл, Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо.
 
НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ 
БНХАУ наймдугаар сарын 24-нөөс хилээ хаасны улмаас Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоогоод байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт  дахин тээвэрлэж эхлэв. Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс мэдээлснээр, Монголын Улсын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч БНХАУ-ын талд шинжилгээ өгч сөрөг гарч, богинын нүүрс тээвэр эхлүүлсэн байна.
Нүүрс тээврийн жолооч нарыг COVID-19-ийн шинжилгээнд хамруулж байгаатай холбоотойгоор тээвэрлэлт удаашралтай байгаа аж.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох