Ж.Байден “Лалын улс” бүлэглэлд цохилт өгөхөд бэлтгэхийг үүрэг болгожээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Вилаят Хорасан” террорист бүлэглэлийн объектууд болон толгойлогч нарынх нь байгаа газруудад цохилт өгөхөд бэлтгэхийг үүрэг болгожээ. “Лалын улс” бүлэглэлийн жигүүрүүдийн нэг болох уг бүлэглэл Кабулын нисэх онгоцны буудалд болсон хоёр дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээсэн юм. “ЛУ-Вилаят Хорасан”-ы хөрөнгө мөнгө, объектууд, толгойлогч нарт цохилт өгөх төлөвлөгөөг шуурхай боловсруулах үүргийг бид командлалдаа өгсөн. Бид өөрсдийн сонгосон өдрөө хариуг нь хатуу бөгөөд оновчтой өгнө” гэж Байден хэлжээ.
Халдлага үйлдсэн этгээдүүдийг олж, шийтгэлийг нь хүлээлгэнэ гэж тэрбээр хэлээд тэдэнд хүрэх арга замыг хайж олох л болно гэж цохон тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ Афганистанд болж буй бүх үйл явдлын хариуцлагыг "үндсэндээ" хүлээн зөвшөөрч байгаагаа АНУ-ын төрийн тэргүүн хэлэв. Пүрэв гарагт Кабулын нисэх онгоцны буудалд хоёр дэлбэрэлт болсон юм. Эхний дэлбэрэлтийг амиа золиослогч-террорист үйлдэж, дараа тэсрэх төхөөрөг суурилуулсан автомашин дэлбэрчээ. Хоёр дахь дэлбэрэлт Их Британи, АНУ-ын иргэдийг байрлуулж байсан “Барон” зочид буудлаас холгүй болсон байна.
Халдлагын улмаас 90 орчим хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархадсан гэж Афганистаны Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Пентагоны мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн 15 нь, шархадсан хүмүүсийн 12 нь АНУ-ын цэргүүд аж. Кабулд болсон террорист халдлагад амиа алдагсдад эмгэнэл илэрхийлж, АНУ-ын төрийн далбааг орон даяар бөхийлгөхөөр болжээ. Нисэх онгоцны буудалд үйлдсэн халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн гэж хэвлэлүүд уг бүлэглэлийн мэдэгдлээс эш татан мэдээлсэн юм. Энэ халдлагад “Вилаят Хорсан” бүлэглэл холбоотой гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа аж.