Нийтийн тээврийн үйлчилгээ буюу түгжрэл шийдэх гарц

🕔 2021/08/25 12:59
Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 54.1 хувь нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байна. Жил тутамд 70-80 мянгаар бүл нэмж буй автомашины хэрэглээг багасгаж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах нь түгжрэлийг бууруулахад дөхөм болно гэдгийг энэ удаагийн нийтлэлдээ онцолж байна.
ПАРК ШИНЭЧЛЭЛ ТУЛГАМДСАН АСУУДАЛ
Нийслэлийн нийтийн тээвэрт өнөөдөр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, “Зорчигч тээврийн нэгтгэл” гэсэн нийслэлийн хөрөнгө оруулалттай хоёр компани, хувийн хэвшлийн 17 компанийн 960 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Хамгийн сүүлд гэхэд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ  35 цахилгаан автобусаар бүл нэмснийг эс тооцвол автобуснуудын насжилт үндсэндээ хэтэрсэн. Тиймээс парк шинэчлэл нийтийн тээврийн салбарын хамгийн тулгамдсан асуудал. 2021-2024 онд 500-600 автобусны парк шинэчлэлт хийхээр төлөвлөснөөс энэ онд 105-ыг нь оруулж ирж буй юм. Эдгээрээс 60 автобусны хөрөнгө шийдэгдээд худалдан авах ажиллагаа ид дундаа яваа аж. Эхний 35 цахилгаан автобус үйлчилгээнд гарчихсан бол  багтаамж ихтэй давхар автобус 10-ыг оруулж ирэхэд бэлэн болжээ.
Парк шинэчлэл төсөв хөрөнгө чамгүй шаарддаг ч өгөөж өндөртэй, олон зуун хүний нийгмийн асуудлыг шийдэх гарц. Ирэх оноос нийслэлийн түгжрэлийг бууруулахад зориулан төсөвлөсөн 420 тэрбум төгрөгийн багагүй хувийг парк шинэчлэлтэд зориулахгүй бол нийтийн тээврийн салбар  “хуучин хүү” төрхөөс салахад бэрх.
                                         МЕТРО-ХОЛЫН МӨРӨӨДӨЛ ҮҮ?
Нийтийн тээврийг зөвхөн автобус, троллейбус, таксигаар төсөөлшгүй. Хөнгөн галт тэрэг, метро гэхчлэн хүртээмж сайтай нийтийн тээврийг нэвтрүүлэхээр зориод удаж байна.  Түгжрэлийг 20 хувь бууруулах бага багтаамжийн метроны ТЭЗҮ-г боловсруулж, бүтээн байгуулалтыг үе шаттай эхлүүлнэ гэдгийг нийслэлийн удирдлагын багийнхан онцолсон. Метро байгуулах нь эртний мөрөөдөл. Хамгийн анхны судалгааг 1985 онд гаргаж байж. Түүнээс хойш 2007, 2013, 2017 онд гаргасан судалгаанд үндэслэн  ТЭЗҮ-г боловсруулж буй юм.  
Оюутолгойн гүний уурхайд 1350 метрийн гүнд хонгил, төмөр зам барьж байгуулсан монгол залуустаа итгэж, метро байгуулах ажлыг  даатгах гэнэ. Энэ бүхэнд зарцуулах хөрөнгө мөнгө хотын “халаас”-нд хадгалаатай байгаа хэрэг биш. Тиймээс концессын гэрээ байгуулах, бонд гаргах гэхчлэн урьд нь уралдаж үзээгүй шинэхэн замд хүч сорих шаардлага ч тулгарах нь дамжиггүй.
                              ХҮЛЭЭЛТГҮЙ АВТОБУС ЭХНИЙ ЗОРИЛТ
Нийслэл Улаанбаатар хотод өдгөө 98 чиглэлд 900 гаруй автобус иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Урин дулааны улиралд хичээл сургууль завсарлаж, хүмүүс хөдөө орон нутгийг олноороо зорьсны сацуу цар тахлын дуулианаар хөдөлгөөн саарч, ажлын өдрүүдэд  дунджаар 300-350 мянган хүн нийтийн тээврээр зорчиж байна. Хамгийн оргил үе болох 9, 10, 11 дүгээр сард өдөрт 700 мянган зорчигч тээвэрлэдэг бөгөөд энэ хэмжээний боломж бий гэсэн үг, нийтийн тээвэрт. Тэгэхээр нийслэлийн хүн амын тал нь нийтийн тээврийг эргэлзээгүйгээр сонгодог болчихвол түгжрэл хангалттай хэмжээнд буурах нь тодорхой. Харин иргэд яагаад нийтийн тээврийг эн тэргүүнд тавьдаггүй вэ.  Хүмүүс хүлээх дургүй, тэр дундаа автобус хүлээх бүр ч дургүй. Ялангуяа алсхан зорчихоор бол дамжин суух бүрдээ автобус хүлээхэд хүрдэг нь чанар муу ч болтугай амины унаа авахад хүргэж буй юм.
Одоогийн байдлаар Улаанбаатарт зорчиж буй автобус хоорондын зай дунджаар найман минут. Дундаж гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд хотын төвд зарим чиглэлийн автобус 3-4 минут тутамд ирдэг бол  хотын зах зорчигч урсгал багатай газруудад 10-20 минут, бүр 30-40 минутын зайтай явах нь ч бий гэнэ. Тиймээс автобус компаниудын хамгийн түрүүнд тавих зорилго бол хүлээлтийг багасгах. Автобус хүлээж цаг алдахгүйгээр зорчдог болчихвол иргэд амины унаандаа түгжрэхийг бус, авто замын нэгдүгээр эгнээгээр саадгүй давхиад ажил, гэртээ эрт очихыг л бодно шүү дээ.
Түгжрэл иргэдэд хортой төдийгүй нийтийн тээврийнхэнд ч гарлагатай. Нэг автобус өдөрт түгжрэхгүйгээр 10 удаа эргэх байтал түгжрэлээс үүдэн 6-8 удаа эргэлээ гэхэд төдий хэмжээгээр орлого буурч, боломж алдах юм.
                                  БОГИНО ЧИГЛЭЛИЙН АВТОБУС НЭВТРҮҮЛЬЕ
Улаанбаатар бол Туул голынхоо урсгал даган зүүнээс баруун тийш хөгжиж буй хот. Хотын хөгжил баруун тийш улам бүр тэлж байна. Зүүн дөрвөн замаас цааш цөөн буудал байдаг бол  Баруун дөрвөн замаас баруун тийш хот асар хурдтай өргөжиж байгаа.  Дээрээс нь автобуснуудын олонх нь хотын төвийг зорьдог. Тиймээс автобуснуудыг төвдөө цуглуулах бус, тараан зорчуулах богино чиглэлийг бий болгоё. Тухайлбал, орон сууцны томоохон  хорооллуудаас шууд хотын төвд буюу Их тойруу, Бага тойрууд дөхүүлж өгөөд буцдаг автобустай болчихвол түгжрэл сийрнэ. Жишээ нь: Зайсан-Баянгол зочид буудал, Хүннү Молл - Баянгол зочид буудал, Ривер гарден-Шангри-Ла, Home Plaza-Шангри-Ла, Содон хороолол-Баруун 4 зам, Долоон буудал-Урлан бүтээх төв, Шар хад- ШУТИС, Дарь-Эх-ШУТИС гэх мэт. Мөн 18-20 хүний суудалтай бага оврын автобусыг такси маягаар зорчуулж, хүмүүс гараа өргөөд суучихдаг байх жишээтэй.  
Улаанбаатарын автобусны маршрут хамгийн уртдаа нэг эцсээс нөгөө эцэс хүртэл 11-12 км, бүтэн эргэлтээрээ бол 24-25 км орчим байдаг. Энэ бол хэтэрхий урт зам. Тиймээс богино маршрутын автобустай болох нь түгжрэлийг бууруулах нэг шийдэл байж болох юм.
скачать dle 12.0

Санал болгох