Олимп ба Монголчууд

🕔 2021/07/28 10:00
 
Дэлхийн улс орнуудыг үе үе цочроодог гурван том үйл явдал байдаг.Энэ бол дайн дажин, байгалийн гамшиг, олимп гурав. Эхний хоёр нь хүн төрөлхтөнд ямар их гамшиг сүйрэл авчирч байгааг бид орой болгон л зурагтаар хардаг.  Дээр нь цар тахал гээч юм өнгөрсөн жилээс нэмэгдлээ. Энэ удаа бүгдээрээ муу муухайг мартаж олимпийн наадам нь энх тайван, найрамдлын бэлэг тэмдэг болохын хувьд ямар сонин түүхийг туулсан талаар эргээд нэг санацгаая. Орчин цагийн олимпийн түүхийн талаар дурсахад заавал нэг хүний нэр дагаж явдаг. Энэ бол язгууртан угсаатай ноён Пьер де Кубертен. 1863 онд Францад төрсөн түүнийг дөнгөж долоон настай байхад нь Франц-Германы дайн дэгджээ. Залуу хүү энэ дайнаас үүдэн спортын талбарт хүч чадал авхаалж самбаагаараа өрсөлдөж, баяр цэнгэлийг эдлэх нь улс хоорондын үл ойлголцлыг зохицуулахаас авахуулаад маш олон асуудлыг шийдэж чадах юм байна гэдгийг ухаарсанаас болсон уу ямар ч гэсэн бараг өөрийн бүх амьдралаа олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэхэд зориулсан нэгэн юм билээ. 
 
1894 оны 6 сард тэрээр Парис хотноо олон улсын уулзалт зохион байгуулан анхдугаар Олимпийн наадмыг зохион байгуулах асуудлыг авч хэлэлцсэн байна. Есөн орны 70 орчим төлөөлөгчид цугласан энэхүү уулзалтаар Олон улсын олимпийн хорооны дүрэм журам, сүлд дуу, бэлгэдэл буюу эмблем гээд олон асуудлуудыг шийдсэн юм. 
Уулзалтын үеэр анхдугаар Олимпийн наадмыг олимп анх зохион байгуулагдсан газар нь болох Афин хотноо хоёр жилийн дараа хийхээр тогтжээ. Анхны юм гэдэг ямар ч утгаараа хэцүү байдаг. Тэр тусмаа олон улс орныг цуглуулан их арга хэмжээн зохион байгуулж, дэлхий дахиныг нэгтгэх их зорилго тавьсан учир хөрөнгө мөнгөнөөс эхлүүлээд цөөнгүй асуудалтай тулгарч энэ бүх ачааны ихэнх нь мэдээж Кубертен дээр буусан байж таараа. 
Хүн төрөлхтний анхны олимпийн наадам Грек улсад МЭӨ IҮ зуунд зохион байгуулагдаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бол орчин үеийн олимпийн наадам мөн улсын Афин хотод 1896 онд зохиогдсон түүхтэй. Энэ наадамд 14 орны 241 тамирчид хөнгөн атлетик, дугуй, туялзуур жад, хүндийг өргөлт, бөх, гимнастик, буудлага, теннис зэрэг спортын 9 төрөл, 43 ангиллаар өрсөлджээ. Энэхүү наадмыг анх зохион байгуулах үүсгэл санаачлагчдын хурал 1850 онд Английн Венлок хэмээх жижигхэн хотод болж байсан учир 2012 оны Лондонгийн олимпийн бэлэгдэлд Венлок хүүхэлдэй орсон байна.
 
1932 оны Олимп хүртэл тамирчдын байрлах тусгай байр байдаггүй байсан учир тамирчид өөрсдийн авчирсан майхандаа хоноглодог байж: Хаалтын үйл ажиллагаан дээр аваргуудад медалийг нь гардуулдаг. Тэдгээр медалиуд нь өнөөгийнх шиг алт, мөнгө, хүрэл байсангүй. Түрүүлсэн тамирчдад мөнгөн медаль, чидун модны навч, диплом, хоёрт орсонд нь зэс медаль, лаврын лавч, харин гуравдугаар байранд орсонд нь юу ч өгдөггүй байсан гэдэг. 
 
1908 оны олимпийн наадам уг нь Италийн Неаполи хотод зохиогдох ёстой байлаа. Италичууд ч олимпийн наадамд чадах ядахаараа бэлдэж хөл хөөр болж байтал, хотын ойр оршдог Везуви галт уул гэнэт сэргэн утаа манан хаяж эхэлснээр зохион байгуулагчид өөр хотод шилжүүлэх шийдвэр гаргаж бусад нэр дэвшигчдээ ялан гарч ирсэн хот нь Лондон байсан учраас 1908 онд олимпийн Ү тоглолт энд зохиогдож байж. 
Өвлийн спортын төрөл анх удаагаа олимпод багтсан нь 1908 оны Лондон хотоос эхтэй. Зуны спортын төрлүүд явагдаж өндөрлөснөөс нилээд хэдэн сарын дараа уран гулгалтын төрөл анх энд зохиогдсон байна. 
 
“Тамирчдын ялалт бус оролцоо нь олимпийн хамгийн гол зүйл” гэсэн тунхагийг анх энэ наадмаас эхлэн олон түмэнд зарласан билээ. Олимпод нийт 22 орны 2008 тамирчид оролцож, спортын 22 төрлийн 110 ангиллаар өрсөлджээ. Олимпын нээлт нь 1908 оны хавар 4.27-нд эхэлж байсан бол хаалт нь 6 сарын дараа намар 10 сард болж байв. 
 
Олимпийн таван цагираг таван тивийг бэлэгддэг гэдгийг хүн бүхэн мэддэг боловч, чухам ямар өнгө аль тивийг билэгддэг талаар тэр болгон мэддэггүй. Тэгвэл Хар өнгө Африкийг, цэнхэр өнгө Европыг, шар өнгө Азийг, ногоон өнгө Австралийг, улаан өнгө Америкийг тус тус бэлэгддэг аж. Олимпод оролцогч бүх шүүхчид, тамирчид тангараг өргөдөг ёслол 1920 онд Бельгийн Антверп хотноо зохиогдсон зуны олимпоос эхэлсэн бол эртнээс уламжлалтай олимпын бамбарыг 1928 онд Амстердам хотоос дахин асааж эхэлсэн түүхтэй. 
1948 оны Лондоны XIҮ их наадам спортын түүхэнд нилээд их онцлогтой тоглолт болсон юм. Дэлхийн II дайны улмаас 1940, 1944 онд олимпийн наадмууд тасарч, дайны хөлд эвдэрч сүйрсэн Европын сэргээн босголт ид дундаа явагдаж байв. Мэдээж эдийн засгийн хувьд ч дэлхийн ихэнх орнуудад гамшиг нүүрлэсэн маш хүнд үе байлаа. Хэрэв дайн болоогүй байсансан бол 1936 онд Германы Берлин хотод болсон олимпийн тоглолт 1940 онд Токио, 1944 онд Финляндын Хельсинк хотууд үргэлжлэх байжээ. Дайны хөлд нэрвэгдэж бэртэж гэмтсэн сая сая хүмүүсийг төлөөлсөн тамирчдыг 1948 оны Лондонгийн олимпод тусд нь тоглолт зохион байгуулж оролцуулахаар ОУОХороо шийдвэрлэсэн нь одоогийн пара-олимпын эхлэл үзэл санааг тавьжээ. Олимпийн наадмуудад гарч байсан дээрх бэрхшээлүүдийг эс тооцвол дараа дараачийн тоглолтуудад онцын гачлан гарч байсангүй, харин 1972 онд Германы Мюнхен хотноо болсон зуны олимпийн тоглолтын үеэр Палестины “Патхах” бүлгийн алан хядагч арабууд Израилийн тамирчдыг барьцаалан авч тэднийг чөлөөлөх буудалцааны үеэр 11 тамирчин амь насаа алдсан харамсалтай явдал гарч байв. 1979 онд Оросын цэрэг Афганистан руу дайран орсныг буруутган 1980 оны Москвагийн олимпийг АНУ тэргүүтэй 62 орон бойкотлов. Үүнийх нь эсрэг арга хэмжээ болгож 1984 онд ЛосАнжелос хотод зохион байгуулагдсан зуны олимпийг хуучин соц гэгдэж байсан 15 улс дээр нь Ливи, Иран хоёр бойкотолсон нь олимпийн түүхэнд бас нэгэн хар толбо болж үлдсэн юм. 
 
Олимпийн үеэр тасардаггүй нэг шуугиан бол допингийн асуудал байдаг. 1968 оноос эхлэн ОУОХ энэ тал дээр хатуу хяналт тавьж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл нийт 60 гаруй орны тамирчид медалиа хураалгаад байгаа нь хөдөлшгүй баримт. 2002 оны Солт Лейкийн өвлийн олимпийн үеэр рэгтэйчүүдийн цанын 10, 20, 50 км-ийн зайнд гурвууланд нь тасархай түрүүлж, гурван алтан медалиар энгэрээ мялаалгаж байсан Испанийн цаначин Муклек хэдхэн хоногийн дараа бүх медалиа допинг хэрэглэсэн учир хураалгах яасан хэцүү байсан бол?. Манай жүдоч Б.Буядаа гуай 1972 онд Мюнхений олимпод энэ шалгуурыг давж чадалгүй мөнгөн медалиа хураалгаж байсан гашуун туршлага буй. 
Их Британийн нийслэл Лондон хотод 2012 онд болсон их наадамд дэлхийн 205 орны 12500 тамирчин хурд хүч, тамир авхаалж самбаагаа сорьж, энэ наадамд тамирчид спортын 31 төрөлд 302 медалийн төлөө өрсөлдсөн юм. Цар тахлын хүнд нөхцөлтэй ч энэ  удаа мөн 205 орны 11300 гаруй тамирчид оролцож байна. Монголын Үндэсний Олимпын Хороо нь 1956 онд байгуулагдаж, 1962 онд Олон Улсын Олимпын Хороо хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай улс нь 1964 оноос эхлэн олимпод орж эхэлсэн ба Монголын баг тамирчид зуны олимпийн наадмаас 30 медаль авсан. Өвлийн олимпын хувьд мөн 1964 оноос хойш, оролцсон боловч одоогоор медаль хүртээгүй байна.   
Одоогийн байдлаар Монгол улс жүдогоор хамгийн олон олимпын медаль аваад байна. 
 
 
Ш.Пүрэвсүрэн
скачать dle 12.0

Санал болгох