"Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэнэ"
Зам-Үүдэд үүсээд буй асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагууд багтсан шалгалтын ажлын хэсэг өнөөдөр /2021.7.6/ Дорноговь аймагт ажиллаж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:
-Өнөөдрөөс Замын-Үүдэд ажиллаж буй хэд хэдэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж байна. Мөн нийт 32 албан тушаалтныг нийслэлээс орон нутагт сэлгэн ажиллуулах зохицуулалт хийхээр боллоо. Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарч хил дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг өөр орон нутагт ажиллуулах тушаал гарсан. Сэлгэн ажиллуулах шийдвэрийг агентлагийн даргууд гаргасан байгаа. Замын-Үүд суманд АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан хяналт шалгалтыг мөн хийж байна.
Covid-19 хүнд нөхцөлд ачаалал ихэссэн. Үүнийг далимдуулж оочер дайрч, мөнгө авч албан тушаалаа ашигласан албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана гэдгээ холбогдох албаныхан мэдэгдэж байна. Сүлжээний схем үүсгэж луйвар хийж байгаа албан тушаалтнуудад зохих хариуцлагыг хүлээлгэнэ. Гашуунсухайт боомт дээр ч үүнтэй ижил асуудлууд яригдаж байгаа. Бүхий л түвшинд гарч буй авилга, албан тушаалын хэргийг илрүүлнэ. Энд бугшсан авлига албан тушаалын хэргийг тогтоож, хариуцлага тооцно.
ЗУРГААН АЛБАН ТУШААЛТНЫГ БАРИВЧИЛЖЭЭ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, тус суман дах Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан нарын зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эдгээр хүмүүсийг цагдан хорих, хянан шалгах зөвшөөрлийг прокурорын албанаас авсан.
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ ТОМИЛОВ
Түүнчлэн Замын-Үүд суманд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗХЖШ-ын 1-р орлогч Бригадын генерал Ц.Жавхланбаатар болон ЕС-ийн зөвлөх Л.Алтангэрэл нарыг томилон ажиллуулахаар болсныг мэдэгдлээ. Мөн
- АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалаар Дорноговь аймгийн Автотээврийн төвийн дарга Ж.Сүхбаатарыг чөлөөлж, Замын үүд салбарын даргаар томилсугай. ЗамынҮүд салбарын дарга А.Хатансайхныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дорноговь аймгийн автотээврийн төвийн даргаар томилсугай.
- Замын үүд дэх гаалийн газрын дарга Дэмбэрэлийн Зоригоог ажлаас чөлөөлж, Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Батсуурийг Отгонсүхийг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсугай
- Замын үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууныг Замын үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүрэгт ажилд долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаатай томилсугай
- Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг долдугаар сарын 6-ны өдрөөс хүний нөөцийн бодлого зохицуулалтын газрын мэдэлд шилжүүлсүгэй. Хилийн 0101 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбууг долдугаар сарын 6-ны өдрөөс хилийн 0108 дугаар ангийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсугай
- Дорноговь аймгийн цагдаагийн газрын замын үүд дэх сум дундын цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч Уранбаярыг ажлаас чөлөөлөв.
News.mn