Дэлхийн зөн ОУБ-аас таван төрлийн тоног төхөөрөмж бэлэглэв
Улаанбурханы дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга А.Энхболдын зүгээс тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх хүсэлтийг Дэлхийн зөн ОУБ-д өгчээ. Тус байгууллага нь хүсэлтийг хүлээн авч хүчил төрөгч өтгөрүүлэгч, даралтын аппарат, зүрхний бичлэгийн аппарат зэрэг таван төрлийн 12 сая 300 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг энэ сарын 14-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт бэлэглэлээ.
Өмнө нь Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээнд нэн шаардлагатай байсан 21 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга А.Энхболд тэргүүтэй холбогдох албаныхан ЭМГ-т хүлээлгэн өгсөн. Ингэснээр монитор, памп, амбуу, хүчил төрөгчийн өтгөрүүлэгч аппарат зэрэг тоног төхөөрөмжүүдийг Улаанбурханаар өвдсөн бага насны хүүхдүүдийн эмчилгээнд ашиглаж тодорхой үр дүнгүүд гарч байгаа тухай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга хэлж байлаа.
4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймагт дээрх өвчний 1761 тохиолдол бүртгэгджээ. Нэгдсэн эмнэлгийн халдвартын сэхээний тасагт 0-9 сартай найман хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Улсын Онцгой комиссоос 5 дугаар сарын 5-15-ны өдрүүдэд 18-30 насны хүмүүсийг Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд хамруулахаар болсон байна. Манай аймагт нэмэлт дархлаажуулалтанд 23681 хүн хамрагдана.