Маргааш "Сувилагч чамдаа баярлалаа" хүндэтгэлийн тоглолт болно
Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр олон улсын сувилагчдын өдөр тохиодог билээ. Энэ өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Монголын сувилагчдын нийгэмлэг, ТВ5 телевиз болон Монголын урлаг соёлын уран бүтээлчид хамтран "СУВИЛАГЧ ЧАМДАА БАЯРЛАЛАА" хүндэтгэлийн онлайн тоглолтыг үзэгч та бүхэнд өргөн барих гэж байна.
Уг тоглолтыг анх 2016 онд МУГЖ Ж.Уранчимэг санаачлан Монголын сувилагчдын нийгэмлэгтэй хамтран 21 ардын болон гавъяат жүжигчдийг нэгтгэн Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулж байв. Уг тоглолтынхоо орлогыг Монголын сувилагчдын Нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн болон удирдах зөвлөлийн 100 хувийн дэмжлэгтэйгээр хорт хавдартай гурван сувилагчдад олгож, бодит дэмжлэг үзүүлж байжээ.
Харин энэ жилийн хувьд Монголын сувилагчдын нийгэмлэгийн хүсэлтээр Эрүүл мэндийн сайдын ивээл дор явагдаж буйгаараа онцлог юм.
Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсын хувьд 11 мянган хүн сувилагч мэргэжил эзэмшсэн байна. Энэ хүрээнд Монголынхоо бүх цагаан нөмрөгт баатрууддаа, олон улсын сувилагчдын баярын халуун мэнд хүргье.