"МАШ НУУЦ" УНШААД, УСТГА

🕔 2016/04/11 12:33

"Маш нууц” монгол кино гарч "Өргөө” үзэгчдээр дүүрэн байна. Дарханд болсон гэж домоглодог үйл явдлаас сэдэвлэн социализмын үеийн Ардын армийн дотоод амьдралыг ерөнхийдөө дундажлан үзүүлэх, зарим газар туйлшруулан харуулах гэсэн бололтой. Цэргийн амьдралыг мэдсэн ч байна, үгүй нь ч бас байна.

1967 он. БНМАУ-ын цэргийн байгуулалт шинээр дахин өрнүүн эхэлсэн жил. Улиастайн Мянган цэргийн карантин гэх үнэхээр түүхэн домогт том үзэгдэл байлаа. Тэр жилийн Карантины дарга нь хав хэмээх Чимид дэслэгч. Маш жижигхэн хүн л дээ. Метр тавиас яавч хэтрэхгүй нуруутай нэгэн. Гэхдээ Ардын армийн шилдэг цуутай офицер. Благовещенскийн цэргийн сургууль төгссөн. Спортын бүх төрлөөр монгол, зөвлөлтийн зэрэгтэй. Дурдсан киноны гол баатрууд чанга дуугарах гэж хичээсэн бололтой. Естой юу ч биш, Чимид дэслэгчийн команд өгөх дуу гэж ертөнцөд байхгүй хахир хатуу. Карантины жагсаалын дарга нь ахлах түрүүч Хуанбей. Бидний үед "Жа” гэсэн үг байгаагүй. Юунаас болсныг огт санах биш, гэхдээ нэг өдөр Хуанбей бид хоёр барилцаад авсан.

"Зовлонт хайрхан”-ы энгэрт. Би Узбекистанд суралцаж асан тул бага сага казах хэлээр ч хэрэлдлээ. Тюрк төрлийн хэлний узбек, казах аялгууд зөөлөн хатуугаараа зөвхөн ялгардаг. Жа маань "Манай төр бол албадлагын төр” гэсэн нь миний санаанаас гардаггүй. Өнөө үеийн жа нар төрөө яаж тодорхойлохыг мэдэхгүй байна. Зөвлөлийн цэргийн ангиудад "Чадахгүй бол сургана, хүсэхгүй бол албадна” гэсэн самбар ямагт байх ба энэ нь аль ч армид гол зарчим юм. Жа бээр карантины штаб руу аваад явлаа. Чимид дэслэгч голд ортол муухай орилоод "Шөнө нүхэнд суулга, геологи, уул уурхайгаас ирсэн адуу шиг амьтан байна” гээд гаргалаа. Улс ардын аж ахуйн бүхэл бүтэн салбарыг адуу шиг амьтадтай мэт хэлсэнд гомдож байлаа. Үдийн хоолонд орлоо. Мэдээж, "Байлдагч Эрдэнэ бос, но-омхон!” команд өглөө. Зуны эхэн сар. Халуун гэж юухэв. Жатай ноцолдож маргаснаас ам ангаж хатаад хэцүү байна. Дээгүүр хараад зогсоод л байлаа. Асар дүүрэн цэрэг нэг, хоёрдугаар хоолоо идэх юм, дараа нь хар цайгаа үхэр шиг ууцгааж хөлс нь гарах юм. "Нөхөр ахлах түрүүчид, хоол идэхийг зөвшөөрнө үү” гэхүл жа маань ядаж цай уулгах байсан биз. Гэхдээ гүрийчихлээ. Орой нь шөнө дөл болтол сургууль хийсээр миний нүхэнд суух асуудал замхараад өнгөрсөн. Тэгж байтал зохих тооны бидний хэсэг шинэ цэрэг Дорнод руу ачигдлаа. Ханхай гуч дээр өдөр шөнөгүй сэгсчүүллээ.

 Хичнээн хугацаа өнгөрсөн юм, бүү мэд. Шөнө тэвшин дээр унтахад нэг мэдэхэд урд талд нь бензины торхонд толгой дэлсэж сэрэх, нөгөө бол хамгийн хойт талд дээр дээр ойгоод сая сэрэх. Ядаж бороо цутгаад, тэрэг нь шарваад явахгүй.

Юмс үзэгдэл жил жилээр өөр л дөө. Одоо хүмүүс мэдэхгүй, мэдэх нь мартсан нь юув гэвэл, 1967 он бол Аугаа их Октябрийн социалист хувьсгалын 50 жилийн ойн жил. Хятадууд болохоор "Зөвлөлт, Монголын муусайн урвагч оппортунист ревизионистууд их ойн баяр хийнэ гэвэл горьдсоны гарз, бут ниргэнэ” гэж заналхийлжээ. (Энэ оппортунист, ревизионист гэдгийг тайлбарлахын тулд улстөрийн онолын бүхэл бүтэн лекц хэрэгтэй болно.) Тиймээс 1945 оноос хойш БНМАУ анх удаа Ардын армийн ангийг улсын хилд ойртуулан байрлуулах шаардлагатай болжээ. Тэр анги нь Маршал Х. Чойбалсангийн нэрэмжит мото-буудлагын тусгай бригадын мото-буудлагын тусгай 2-р батальон байснаар бидний шинэ цэрэг бүл нэмэж буй хэрэг. Мэдээж, зуны лагерь угтлаа. Хуаран байр гэх юм огт алга. Карантин гэх аймаар юмнаас ангидаа ирсэн тул гайгүй байх гэж бид найдаж байлаа. Гэтэл ёстой чонын амнаас гарч, барын аманд оров гэгч болов. 1967 оны шинэ цэргийг 1965 оны бага дарга нар сурган хүмүүжүүлнэ шүү дээ. Гэтэл яагаад ч юм чухам тэр 1965 оны манай батальоны цэргүүд үхэхээс бусдыг үзсэн гэнэ. Намайг яаж сургасан бэ, чамайг би тэгж л сургана гэдэг бол аль ч армийн ёс. Зарчмын хувьд буруу юм огт байхгүй. Крантин шинээр эхэллээ. Дундговийн ямбиг хэмээх ахлах түрүүч Мөрдэлэгийн Баасанжав, Завханы түрүүч ногоон Базаррагчаа, мөн аймгийн ахлах байлдагч хар Гочоо гээд үргэлжлэнэ. Үхэхээс бусдыг үзсэн нөгөөдүүл чинь өөрийнхөө ээлжинд үгээ хэлэх нь тодорхой. 6-р сарын хагас, 7-р сар, 8-р сар, 9-р сар. Бид бүтэн нойртой хоноогүй. Дийлэнхидээ 2 цаг, 4 цаг л унтана. Ийм үед 15 минут унтахад л нойр ханадаг болдог юм. Дэлхийн түүхэнд орсон том хүмүүс хоногт 4 цагаас илүү унтдаггүй байжээ гэдэг. Өдөржин эцэс төгсгөлгүй жагсаал, элдэв сургууль. Халуун наранд хичнээн ч цаг зогсож болно. Ерөөс гэнэт зүгээр унаад өгье, эд нар алвал алаг, сэрэхгүй унтаад л дуусъя гэж бодогдох үе аль олон. Хамт ажиллаж байгаад цэрэгт бас хамт хуваарилагдан ирсэн Санжид нэг өдөр хэлж байна: Түрүүч нарын нэгийг алах юмсан, амархан алдаг ямар арга байдаг вэ гэх юм. Уншсан дуулснаа санаад, судсанд нь ус тарьчихдаг юм гэсэн гэж билээ, би. Муухай юм шүү.Дээхнэ үед Ганц худагт нэг айхтар харгис хэрцгий офицер байжээ. Шөнө ширээн дээрээ унтаж байхад нь тэндхийн харгалзагч нар шинельд нь бензин асгаад асаачихжээ. 

Мань хүн цонхоо бүлт цохиж үсэрч гараад шинелиэ тайлж амжсан гэдэг. Түүнээс болсон уу, яасан, хожим тэр бээр цагдаагийн маш шудрага сайн офицер болсон нь ухаалаг, угаас чадварлаг хүний чанар. Одоо Мөрдөн байцаахын урд талд түр баривчлах байр байх. Цонх нь шилгүй нэг давхар гараж маягийн юм байх. Баригдлаа, нэг хонолоо. Гадаа идэр ес тачигнаад хөлдөж үхэхнээ. Лав хориод хүн чихсэн тул дунд нь амь тээлээ. Өглөө нь дуудлаа. Дарга нь дээр дурдсан офицер болж таарав. Ойлгов уу гэж мань ахмад асууж байна. Ойлгосонгүй гэж хэрдээ бардам дуугаар хариуллаа. Хоёр дахь өдрийн өглөө бас дуудаад асуулаа. Ойлгосонгүй л гэлээ. Гурав дахь өдрийн өглөө түүх давтагдлаа. 4-дэх өдрийн өглөө шийдэж ядсан боловч ойлголоо гээд суллагдсан. Гурав хоноход нийтийн дунд өглөө оруулж өгдөг 8-ын хувинтай хүйтэн уснаас өөр юмгүй газар л даа.

Тусгай 2-р батальоны 1965 оны бага дарга нар, тэдний нухалж бэлтгэсэн 1967 оны цэрэг гэж Ардын армид олон жил яригдсан онцгой үзэгдэл. Өнөө би шинжлэх ухаанд Монголыг тэжээх хэрийн том үр дүнтэй сууж байгаа хүн. Үүний маш чухал нэг үндэс нь бие, сэтгэлийн тэрхүү бэлтгэл. Тийм бэлтгэлийн дараа хүнд хэцүүгээс айж бэргэх юм байхгүй болдог. Крантинаас хоёр цэрэг ачааллаа даахгүй ухаан солиорсон. Гэнэт жагсаалаас гарч суугаад нэг их сайхан шүлэг уншиж, мэлмэртэл уйлаад эхэлснийг санаж байна. Би олон хэлээр яруу найраг унших дуртай. Гэхдээ хэтэрхий уянгасаж гэнээртэх нь сэтгэхүйн хор холбогдолтой мэт. Арай гэж крантин дуусаад ротод иртэл цулгүй газар хуаран байр, батальоны бас бусыг барих нүсэр ажил эхлэв. Зөвлөлтийн угсармал модон казарм төмөр замаар буулаа. 

Тэндээс ачихад би гол төлөв явах. Нэг угсармал байшинд 84 нэр төрлийн эд анги ордог юм. Нарийн ажил. Зочид буудал, офицерын орон сууц зэрэг төлөвлөөгүй юм бас барина, аль болохоор их юм хулгай хийж ир гэж дарга нар тушаана. Тушаал бол тушаал. Нэг удаа нилээн хэдэн хаалга, цонх илүү аччихаад байтал орос хүүхэн, энд байсан хаалга цонх алга болчиж, та нар хулгайлсан, адилхан хээр хонохдоо тулж байхад ямар муухай юм бэ, энэ монгол цэргүүд энэ тэр болоод шуугиан тарив. Манай машин нилээд холдсон байгаа. Чи очоод үзэхгүй юү, чи өөрөө Чойбалсангийн хулгайч нарт зарчихаад мөнгийг нь авснаас гарцаагүй энэ тэр гэж би дайрлаа. Хоёр орос цэрэг 69-өө асаагаад давхисан боловч манай машиныг гүйцэлгүй унтарчихав гэх мэт эцэс төгсгөлгүй их ажил.

Зөвлөлтийн анги нэгтгэлүүд үер мэт нөмрөн орж ирж байв. Гэнэт түгшүүрийн дохиогоор ачигдаад буучихсан тул чухам хаана ирснээ мэдэхгүй. Аль алины маань хувьд Хятадтай дайн зайлшгүй гэсэн ганц ойлголттой. Гэтэл азаар тэр намар, өвлийн хүйтэн гэж чигтэйхэн. Ер халуун зунаар хүйтэрчихсэн. Орос цэргүүд 8-р сард дулаан хувцсандаа ороод бөөнийсөн юмнууд явах. Монгол цэргүүд биднийгээ дарга нар мэдээж гүрийлгэчихсэн. Хуучин цэргүүд майк энэ тэр давхарлаж өмсөх боловч жагсаалын үзлэг хаачихав. Карантин дээр Гэлэгбаатар нүхэнд нүцгэн суухаар, би дээр нь хувцастай манахаар шийтгүүллээ. Тэр шөнийн Хэрлэнгийн чийгтэй жавар гэж юүхэв. 

Ер хөлдөх нь ээ. Би гал тогоо руу явлаа. Тэр нь гадаа хээр талд л даа. Оны хоёр цэрэг хонины толгой чанаад гаргаж байна. Хуйхыг нь хуу татаж зумлаж аваад бид хоёр халуун юм үмхэлж амь ороод өглөө болтол тэслээ. Намайг явсан хооронд түрүүч нар нэг цэргийг нүх рүү явуулжээ. Нөгөө нөхөр маань очоод, Эрдэнэ нь алга, гал зуух руу явсан гэж Гэлэгбаатар нь хэлж байна гэж ховложээ. Хэрэв тэгэж ховлоогүй бол түрүүч нар бид хоёрыг осгож үхнэ гэж айгаад нүхнээс гаргах байсан байх. (Тэр намар Улаанбаатар гарнизоны Комендантын сахилгад нэг цэрэг осгож үхэхдээ өглөө болтол хангинатал дуулсан гэдэг, хөөрхий). Хожим тэр ховчийг манай оны нэг цэрэг ална гээд байдаг байсан. Бүүр хожим мань эр яльгүй хэргээр 1 жилийн ял авч Хар Айргийн шоронд байхдаа бас хов зөөгөөд хоригдлуудад алуулсан байдаг. Цэрэг, шорон хоёрт ялигүй хов амины үнэтэй нь ганц Монголын ёс биш. Дашрамд, америк цэргүүд дургүй хүрсэн түрүүч нараа хорлох, алах олон аргатай байдаг. Наад зах нь гуталд нь юм хийнэ. Тиймээс бага дарга нар нь өглөө гутлаа сэгсэрч үзэх заншилтай. АНУ-ын тэнгисийн явган цэргийн бэлтгэлийн тухай номыг ЗХУ-д орчуулсныг олж уншсан. Орчуулсан нь америк цэргийг ямар муухай харгис аргаар бэлтгэдгийг харуулах гэсэн үзэл суртлын арга хэмжээ. Гэвч бид тэднээс дутуугүй бэлтгэлтэй байв. Одоо манай онцгойнхон тэднээс ба биднээс илүү бэлтгэгдсэн байх ёстой.

1967 оны зун, намар, өвлийн ер бусын хүйтэн нь чухамхүү Дээр Тэнгэр Хятад-Монголын зэвсэгт мөргөлдөөнөөс аварсан явдал гэж одоо ч бодож байна. Октябрийн 50 жилийн ойгоор манай батальоны баярын парад Чойбалсан хотод болов. Өглөөнөөс нүүр нүдгүй цасан шуурга тавив. Хүйтэн нь гэж онцгой. Бид хуаран байраа барьж арай дуусаагүй тул хөлдүү майхандаа байж, өлчрийн туйл болсон боловч тэр өдрийн хүйтэнд чичирч байлаа. 1941 оны өвөл Москва орчимд ер бусын их хүйтэрсэн нь германчуудыг зэвсэг техниктэй нь хөлдөөж Москваг аварсан гэдэг. 1968 оны өвөл Даманы арлын тулгаралт болсон бөгөөд хятад цэргүүд цасан дээр дэвсэх сүрлэн дэвсгэртэй байжээ. Манай батальон өндөржүүлсэн бэлэн байдалд орж, Хэрлэнгийн хөвөөний ганга жалгуудын гүн цасан хунгарын доогуур нүх ухаж байрлаж байв. Одоо БНХАУ цэргээ цасан дотор нүцгэн хэвтүүлж чийрэгжүүлж байна. Хаашаа байлдах бэлтгэл вэ гэмээр.

Чингээд байтал манай ротын дарга Гээдгэр хэмээх Намсрай Улаанбаатарт Төрийн Хүндэт харуулын захирлаар томилогдов. Хожим тэндээ нэг алдаа гаргаад халагдсан боловч ер гялалзсан офицер байв. Шинэ тогтолцооны эхэнд намайг багагүй дарга болсныг сонсоод орж ирсэн. Нэг муу Москвичтай, бензин хийх арга байна уу гэсэн. Бензин хамгийн ховор тэр жилүүдэд бензинтэй ганц хүн нь би байлаа л даа. Мөнөөх хав хэмээх ахлах дэслэгч Чимид манай ротын даргаар ирнэ гэсэн сураг сонсдов. Үүнийг сонсонгуут ротын хал цэргүүд, түргэхэн ирээсэй, дарж өгнөө гэж төлөвлөөд байв. Тэдэнд үхэхээс бусдыг үзүүлсэн нь мань хүн юмсанж. Яах нь вэ, харж л байя гэсэн спортын сонирхол шинэ цэрэг бидэнд байлаа. Тэгээд үнэхээр дарчихсан юм шүү. Ердөө л бослого байсан. Ротын захирагчийн эсрэг хал цэргүүдийн бослого. 

Ямар ч команд, тушаал биелүүлэхгүй болчихсон. Жишээ нь, нэг хал цэргийн үсийг авахуулна гэж хэдэн өдрийн дайн болно. Зодолдлоо гээд хэдэн хүнтэй хичнээн хугацаанд зодолдох юм. Сахилгад хийнэ гэхээр сахилга чинь жаргалын ордон байхгүй юу. Тэр үеийн Болгар янжуур татаж, орос вафли идье гэвэл сахилгад сууна. Онжавууд яаж ийгээд л хамгийн ховор зэврийг олоод сахилгад нэвтрүүлнэ. 6 төгрөгийн цалинтай бид яаж олдог байсан юм, бүү мэд. Тэр үед ар гэрээс эргэлт ирнэ гэж огт мэддэггүй байсан. 3 жил болоход Дорнодын партизан өвгөн л хүүгээ эргэж ирсэн нь батальон даяархи ганц тохиолдол. 1970-аад оны үед л эрүү өвдөг нь нийлэх шахсан хөгшчүүл Зүүнбаян луу шуудайтай юм чирээд явдаг болсон. Манай батальоны дарга гэвэл, хоер дайнд оролцсон, Байтагт байлдсан дэд хурандаа Сэнгээ. Цэргүүд бид эцгээ гэж үнэн санаанаасаа хэлдэг байсан. Цэргээ өмөөрөхдөө Батлан хамгаалахын сайд Ж.Лхагвасүрэн генералтай ч үзчихдэг хүн байв. Манай батальонд зөвлөлтийн цэргийн зөвлөх дэд хурандаа Соловьев байх. Батальон дарга болохоор, энэ муу орос манай хоол идэж байж "танай анги” тэглээ ингэлээ гэж ярьдаг хог байгаа юм гэдэгсэн.

Одоо манай офицерууд гадаадад үүрэг гүйцэтгэхдээ очсон анги салбараа манайх гэдэг үгээр илэрхийлж байдаг биз. Монголд даргаа эцэг гэдэг өөр тийм тохиолдол би мэдэхгүй. Штабын дарга хошууч Доржсүрэн их хатуу яхир хүн байв. Батальон захирагч амралтаа авсан хойгуур штабын дарга сахилгын шинэ шорон бүтээн байгуулав. Газар ухаж битүү цемент цутгаад дангинасан төмөр хаалга хийлгэсэн. Гестапо ч тийм шорон хийлгээгүй байх. Амьд амьтанд арай ахадсан зүйл байв. Сэнгээ дэд хурандаа мэдээж дургүйцсэн боловч цэргүүд нэг арга олох биз гэж бодсон байх. Хэсэг хугацааны дараа манай ротын харуулын ээлж ирлээ. Сахилга маань харуулын объектуудын нэг л дээ. Нэг онжаваа зориуд сахилгад суулгалаа. Сахилгын харуул нь бас онжавууд байх юм. Төмрийн хөрөө энэ тэрийг бэлтгэлээ. Суусан хүн маань шөнөдөө хаалганы олон нугасыг тас хөрөөдөж унагах ёстой. Маш хүнд, бараг боломжгүй ажил байв. Гэхдээ амжсан. Маргааш нь бөөн асуудал босох нь мэдээж. Гэхдээ сахилгад суусан хүн сууж л байсан, гараад алга болчихоогүй. Харуул цаг цагаар солигдохдоо шоронгоос нүд салгаагүй. Хаалга эвдэрсэн нь хүний хийж чадах ажил биш нь илт. Сахилгыг гүйдэлтэй газар барьснаас чөтгөр л ажилласан байх гэхээс өөр яалтай.

Тэр шинэд биш, хуучин сахилгад бидний гурван цэрэг сууж таарсан удаатай. Би гэхэд Доржсүрэн хошуучтай барилцаж авсан хэрэг. Хотоос Машлай тэргүүтэй концерт Чойбалсанд ирэх сурагтай байв. Нэг өдөр нөгөө хоёр маань хэлж байна: Өвгөөн, бид хоёр өнөө орой гараад ирье, тэр концертыг үзмээр байна, чи маргааш болохгүй юү, тамхитай ирнээ хөө гэж. Өглөө босоход ирчихсэн л байсан. Тэгээд өдөр нь намайг сахилгаас гаргалаа. Сайдын шалгалт ойртсон тул тасгаа шалгалтад бэлтгэ гэв. Гэтэл Л.Аюуш Баатрын орны бүтээлэг алга болсон тухай бөөн сенсаац дэгджээ. Манай батальонд БНМАУ-ын Баатар Лувсанцэрэнгийн Аюушийн дурсгал мөнх хадгалагдаж, түүний ор 1-р ротод байх ба нэр нь оройн тоонд дурдагдана. Манай хоёр л туучихгүй юу даа. Бодвол, айлд 35 төгрөгөөр зарчихсан хэрэг. Нэг нь онжав палиг Чинбат гэх хүнд гар (Д.Сүхбаатарын Галсангийн нууц хүү гэж жилийн дараа мэдсэн хоёр хүний нэг нь би), нөгөөх нь нэг оноор ах цэрэг Алтанманиад гэж бас л хүнд гар. Батальоны бүх цэргүүдийг нэг бүрчлэн сэжиглэлээ гэхэд бид гурав л найдвартай алибитай байхгүй юү.

Тэгсээр манай батальон Зүүнбаянд нүүж шилжин байрлах болов. Нүсэр ажил шүү дээ. 350 мотор хөдөлж байгаа юм. Замгүй газраар даялан явах тул усны сав хэрэгтэй. Айлуудын 40-ийн бидоныг хуу хамав. Би лав хоёрыг айлын гаднаас хуссан. Батальон ачаалаад эхлэх байранд гарлаа. Тэгтэл ямар нэг үйл явдал болж удаашраад замд гарч өгдөггүй. Юу болсон бэ гэвэл, гурван цэрэг Чойбалсангийн төвд хүнсний дэлгүүрт ортол худалдагч, кассчин нь байдаггүй, харин касс нь юмуу, сейф нь онгорхой байжээ. Мөнгийг шуртхийж хамаад л гарсан байна. 25000 төгрөг. Цагдан сэргийлэх тэр чигээрээ хөдлөх нь мэдээж. Мань нөхдүүд гараад мөнгөө багцаагаар тоолж үзсэн байх ба түүнийг нэг хүн харснаар хэргийн эзэн нь тэр өдөр замдаа гарах манай батальон болох нь илэрхий юм. Нэгэнт нүүж буй учраас мөнгөө аваад явж таарна. Чингээд эхлэх байранд гарсан батальоныг зогсоож нэгжлэг мөрдлөг явуулснаар мөнгийг тээврийн салааны жолооч Чулууны машины кабины хаалганы завсраас олжээ. Чулуун бол хосгүй гайхамшигтай хөгжимчин цэрэг. Таван зэмсэг дээр зэрэг тоглоно шүү дээ. Одооны авъастнууд гэж юу ч биш.

Залуучуудын ордны гол саксофончин манай батальонд байлаа. Саяхан болтол салбартаа тэргүүлж байсан 7-р гуанзны ахлах тогооч Биндэръя бид онжавууд. Хүний нөөцийн хувьд манай батальонд дутуу юм ерөөс байгаагүй. Хулгайлсан мөнгийг нуухад тусалсан хэргээрээ Чулуун дөрвөн жилийн ял авсан. Бид хоёр нилээд дотно харилцаатай хүмүүс байв. Өвгөн чинь хорихын даргын тэрэг барьж байгаа гээд хожим давхиж явсан. Хэргийн тухайд түүхнээ том хэрэг. Хурандаа генерал Ж. Лхагвасүрэн БХЯ-ны сайдаас буусан нэг шалтгаан энэ. Хожим миний бие "Монгол Улс” сэтгүүлийг эрхэлж байхдаа жанжны дурдатгал номоос оросоор орчуулж нийтэлсэн удаатай. 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын армийн давшилтыг холбоотон гүрнүүдийн гэрээгээр Хятадын Цагаан хэрмээр хязгаарлан зогсоосныг ихэд харамсангүй өнгөөр дурдсан бий. Бээжин хүртэл ганц өдрийн морин марш л үлдээд байсандаа гэж санаашран дурссан "Залуу жанжин” Ж.Лхагвасүрэн генерал манай ангид олон ирсэн. 

Жижигхэн онгоцоор ирнэ. Би нэг удаа тэр онгоцны манаанд гарсан. Нэрт генерал Б.Цог манай батальонд бараг долоон хоног дутам ирдэг тийм хүнд үе түүхэнд байв.
Зүүнбаянд байрласан анхны анги нь манай батальон. Наадмын өмнөхөн юм. Оройхон буудаллаад майхан саваа босгож, нэг их сайхан ор засаад яг оронгуут хорвоо орвонгоороо эргээд явчихав. Элсэн шуурганд хийсэн унаж болох бүхэн уналаа. Яаж ийж хувцлаад мөлхөж гартал ерөөс нүд нээх арга алга. Агаар байхгүй, тасралтгүй хөвөлзөх элсний өтгөн урсгал. Унасан асрынхаа доогуур шургаад унтаад өгцгөөсөн. Над мэт Алтайн хүнд Дорнодын тал гэж дасахад мөн ч хэцүү. Тэгээд дараа нь Говийн угалз угтаж байдаг. Батальон дахиад л бүхнийг эхнээс нь барьж байгуулах ажил эхлэв. Элсээр шуурах нь долоон хоног алгасахгүй. Одоо харин цаг уур нь өөрчлөгдсөн байдалтай. Гэтэл 10.000 цэрэг бүхий дивизээс ор мөр үлдээгүйг би хэдэн жилийн өмнө харсан. Ротын дарга хар Чимид тэнд буйг дуулаад очиж золгосон юм. Манай батальоны штаб хаана байна гэсэн чинь овгор элс зааж байх юм.
Батлан хамгаалахын шинэ сайд армийн генерал Батын Дорж ирэх гэнэ. Манай рот тэргүүний рот тул хүндэт харуулд жагсах үүрэг үргэлж ногдоно. 

Тэр өдөр би гайтай юм шиг батальон жижүүрийн туслах байж таарав. Сайд нь яг хэзээ юугаар яаж ирэхийг хэн мэдлээ. Үдийн хоол өнгөрч байтал тэнгэрт гэнэт моторын дуу гарсанд харвал нисдэг тэрэг ойртон ирж байна. Нөгөө сайд нь гэж сэтгэлээ. Штаб мэдээгүй байдаг яачихсан улс вэ гэж хараалаа. Бүх юм миний толгой дээр ирж байгаа байхгүй юү. Хав Чимэд хал цэргүүдэд дарагдаад явсны дараа манай салаан дарга хар хэмээх Чимэд ротын даргаар дэвшсэн юм. Ротын дарга элдвийг үзсэн хашир хүн ашгүй ойр байж. Рот хам хум жагсаж амжлаа. Ангийн удирдлага бахардсан юмнууд штаб гэх нүхэн байрнаас гүйцгээж ирэв бололтой. Сайд дээрээс харав бололтой ангийн байрлал болох асар майхнуудын хажууд буулаа. Асар том онгоц. Бөгс нь онгойгоод 69 гарч ирж байх юм. Монголын цэргийн домогт дарга Б.Дорж сайдаар томилогдохдоо армийн тэргүүн шугамын ганц анги болох манай батальонд зориуд сүрийг үзүүлэх бодлого барьсан юм. Ж.Лхагвасүрэн генералын дараа тэгэх хэрэгцээ байсан байх. Цэрэг бидэнд хэн юу байх нь падлийгүй. Харин тэр үед батальон дарга, улс төрийн орлогч бөглөө хэмээх Санжаа дэд хурандаа нар чинь адилхан хоёр дайнд оролцсон армийн ахмадууд тул угтаа хилийн цэргийн хүн Б.Доржийг тоогоо ч уу, үгүй ч үү сэтгэгдэл байсан байх. Сайд өдөртөө буцсан. Ж.Лхагвасүрэн сайд заавал хоноглодог, цэргүүдтэй уулздаг, хурал хуй хийдэг байсан.

Армийн генерал Б.Дорж тэр жилийн намар дахин ирдэг юм. Лайтай тэргүүний манай рот л хүндэт харуулд жагсана. Бригад эхлэн эмхлэгдээд Бригадын орлогч даргаар Монгол Улсын Гарамгай Баатар хурандаа Лодонгийн Дандар ирсэн юм. Угтаа хот хоорондын тээврийн хөгшин жолоочийг л дайчилсан хэрэг шүү дээ. Тийм тулгамдсан үе бас байсан юм шүү. Л.Дандар Баатарын команд ч бас чанга, сүртэй сайхан. Орой бүрэнхийн үе. Ротыг жагсааж гүйгээд команд өглөө. Ангиас нилээд хойно гарч зогслоо. Шөнө боллоо. Жагсаал тарах команд өгдөггүй. Ротын өмнө хурандаа Л.Дандар Баатар, манай батальоны шинэ дарга шуудай хэмээх дэд хурандаа Дандар хоёр л дүүхэлзээд байдаг. Тэд байн байн цагаа харах боловч сайдын бараа байдаггүй. Эд нар одоо сайд хэзээ юугаар яаж ирэхийг мэдэж л байдаг байгаадаа гэж би нөгөө зуны гашуун туршлагаараа бодож зогсов. Шөнө дундаа орлоо. Хоёр Дандар ч уйдав бололтой. Хүндэт харуулын захирал сэлэмтэй, хоёр Дандар ч сэлэмтэй байв. Сайдад бас сүр үзүүлэмз гэсэн бололтой. Цаг нөгцөөхийн тулд хоёр Дандар сэлэм эргүүлж үзүүллээ. Машины гэрлүүд асаалттай. Монголын морин цэргийн домогт дарга нарын хосгүй гайхамшигтай үзүүлбэр байлаа.

Батальон дарга шуудай Дандар чинь Чөлөөлөх дайн эхлэхэд хожмын Байтагийн Баатрууд Тэгшээ, Лхагвадорж нартай толгойн тагнуулын группээр хамгийн түрүүнд хил давж, Өвөр Монгол дахь манай тагнуултай анх уулзсан хүн. Тагнуулын албанаас зааж өгсөн тосгоны заасан хашааг шөнө давж ороод Тэгшээ нь, за та хоёр ор, японууд ирвэл би хусчихна гээд Дегтяровын (бас Олзвой Баатарын ч гэдэг) дугуй магазинтай пулемётаа агсаад зогсож байв гэж нүдэнд харагдтал ярьдагсан. Хоёр Дандарын сэлэм эргүүлэх шиг сүртэй сайхан юм би урьд хожид үзээгүй. Зүгээр ертөнцийн салхи хүнгэнээд явчихдаг юм. Түүнээс хойш би ямар ч циркийг тоохоо больсон. Дандар Баатар сэлэм эргүүлж сум хаадаг гэсэн домог хоосон газар үүсээгүй юм билээ. Шөнө дундаасаа өнгөрлөө. Хойноос Сайншандын зүгээс машины гэрлүүд гялалзлаа. Бэлтгэл командууд өгөгдлөө. БХ-ын сайд Армийн генерал Батын Дорж хүрэлцэн ирлээ. Ямар байдлаар нэг нь ирж, нөгөө нь угтах нөхцлүүдийг аль аль талаасаа ихэд бодолцсон хэрэг. Л.Дандар Баатар Хүндэт харуултайгаа хээр талд угтан авах ёслол түүхэнд ганцхан л тохиолдоно. Сайдад тэр удаа их сайхан сэтгэгдэл төрсөн нь илт байв.

Хотоос зарим анги, салбар шилжин ирж Зүүнбаянд бригад, хожмын дивиз байгуулагдаж эхлэв. Хурандаа Сэрээнэн гэх согтуу буриад Бригадын даргаар ирэв. Бидний хэдэн цэрэг ангийн ногоо авахаар Төв, Сэлэнгийн САА-нуудаар армийн арын албаны офицер ахлах дэслэгч Бээжингийн хамт баахан явав. Хожим улсын аврага бөх Бээжин л дээ. Ажил, аялалын элдвийг орхие. Сайншандын хар ууланд машины бензин дуусаад би нэг шинэ цэргийг дагуулаад анги руу алхлаа. Оройхон айл таарлаа. Хонь гаргаж байна. Гэдэс идэж гэдэс гараад шөнө алхлаа. 34 км алхсан байдаг. Шөнө дөлөөр ангид ирээд шинэ цэргээ штабт очиж мэдэгд гээд явууллаа. Маргааш нь манайхны ярих нь, бригадын штабын даргаар хурандаа Туваанжав гэх аймаар хүн ирсэн гэнэ. Яасан айхтар хурандаа вэ, турших юм хуна гэж бодлоо. Нөгөөдөр өглөө нь би боссонгүй. Лагерьт л даа. Батальон ч боссонгүй шахам байсан бололтой. Тээр дороос нэг айхтар дуу хадаад босгож эхэлж буй бололтой. Эвлэлийн үүрийн дарга марсаан Тогоо, ротын бичээч би тусдаа майханд ширээ сандалтай, сейф шүүгээтэй байх. Ротын дарга хар Чимид сүр сар хийж орж ирээд босооч гэж хашгиран ширээн дээр байсан хоолны цагааныг минь майхны хаяа руу ширвээд шидчих юм. Би гайхлаа, ротын даргын түвшинд гэхэд насаар ахмад талдаа, орон шоронгоор явахдаа их юм үзсэн хүн тэгж сүрхий сандарч тэвдэнэ гэхэд үнэмшимгүй байв. Би боссонгүй. Ротын дарга гарлаа. Доороос чимээ шуугиан хадаад л байгаа. Айхтар чанга дуутан ойртсоор ороод ирлээ. Урьд огт үзээгүй аймаар түнтгэр улаан хурандаа, бос чи гэж цочиж, огло үсэртэл хашгирч байна. Олон хоног ажилд яваад ирсэн, амарнаа гэлээ. Хал цэргийн догь мэддэггүй хаагуур явсан хурандаа вэ гэж эгдүү хөдөллөө. Мань хүн улаан дээрээ улаан болоод учиргүй дайрч миний муу одеялыг хуу татахаар тэмцэв. Би зориуд хэсэг чаргууцалдаад босов. Хурандаа буцаж гараад батальон жагсаад команд өгөв. Пижигнээд явчихлаа. Би гараад жагсаалд орлоо. Саяын тэр танхайг жагсаалаас гарга гэж ротын даргад хэлж байна. 

Би батальоны жагсаалын өмнө гарлаа. Хурандаа бээр армид 30 жил болохдоо ийм танхай балмад цэргийг үзээгүй гэнэ. Батальоны жижүүрийн офицерыг дуудаад, үүнийг сахилгад 20 хоног хий, болохгүй бол дахиад 20 хоног хий, ясыг нь цайтал хий, нохой тавьж махыг нь уруул гэх юм. Би яг үгчлэн ишлэж байна. Манай батальонд нохой байхгүй нь сайхан гэж бодогдож байна шүү. Байлаа ч таньдаг цэргээ урах нохой яаж байх юм. Хал цэрэг иймэрхүү шоу зориуд зохиохоор батальоны хэдэн зуун цэрэг кайф авдаг байхгүй юу. Өөр үзэх юм, зугаа цэнгэл байхгүй шүү дээ. Гурван жил гэдэг чинь маш урт хугацаа. Идэр насны бидэнд үнэхээр уйдах мөч байдаг юм. Зүүнбаянд бид хааяа кино үзнэ. Тэр болгонд хурандаа Туваанжав миний хажууд ирээд суучихна. Бүр ёс юм шиг тэгнэ. Хамгийн аюултай цэрэг гэж үнэхээр итгэсэн хэрэг байх. Ардын дуу бүжгийн чуулга нэг удаа очсон юм. Концертын билет нь 3 төгрөг гэнэ. Би нэг хоосон цаасны тасархай олж бариад дайрчихлаа. Чуулгын бололтой билет шалгагч хүүхнүүд хөндөлсөж зуураад авч байна. Тэгтэл миний түрүүнд орсон огт танихгүй нэг цэрэг, билет нь энэ байхгүй юү гээд өөрийнхөө тасалсан билетийг хүүхнүүдийн нүдний өмнүүр савчуулах зуур би ороод явчихалгүй яахав. Шинэ ирсэн ангийн хал цэрэг байсан биз. Сайхан концерт байсан. Сүглэгмаа дуулдаг юм. Хэд дахиуллаа. Дахиад дахиулах гэтэл гарч ирдэггүй. 

Нэг цэрэг, хөөе, Сүглэгмаа, гараад ирээч ээ, найз аа гэж орилох юм. Бусад нь бас Сүглэгмаа гэж дуудан шуугих юм. Энэ балай байдал явж явж Ю.Цэдэнбалын чихэнд хүрээд, тэр нөхдүүдэд жилийн турш урлаг соёлын зүйл бүү үзүүл гэж зарлигдсан гэдэг. Үнэхээр үзүү­лээгүй. Гэхдээ би ротын дарга, батальоны 10 цэргийн хамт Халхын голын ялалтын 30 жилийн ойг Сайншандын зөвлөлтийн цэргийн гарнизонд тэмдэглэх баярт хүндэт зочноор оролцохоор шагнуулсан (дандаа сахилга амлуулдаг цэрэг биш байхгүй юү) ба тэнд Москвагийн нэрт жүжигчдийн концерт үзсэн. Ёстой сонгодог түвшний концерт байв. Орос ангийн хийлсэн клуб том боловч хороо, дивиз хэрхэн багтах. Ялгаагүй, цэргүүд над шиг дайраад л, офицерууд нь хүч хүрэхтэй үгүйтэй харагдсан. Баярын хурлын илтгэлийг 1939 онд Сайншандын бригадад байсан цэрэг, хожим Берлины тулалдаанд ЗХУ-ын Баатар цол хүртсэн генерал Морозов тавьсан. Тэрбээр хэлэхдээ: "Үе үеийн хүмүүст заавал нэг шалгуур тулгардаг. Бид тухайн үедээ Октябрийн хувьсгал, иргэний дайн өнгөрчихсөн болохоор гавъяа байгуулах боломжгүй азгүй үед амьдарч байгаа мэт боддог байлаа. Гэтэл Эх орны их дайн болсон, бидэнд түүхэн шалгуур давах ээлж ирсэн. Бид давсан. Танай үед ямар шалгуур тохиолдохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ тохиолдоно доо” гэсэн юм. Энэ санаагаа генерал Морозов хэд давтаж хэлсэн нь санаанаас гардаггүй.

 Бодвол, манай үеийнхний шалгуур нь социализмаас капитализмд шилжих явдал биз. Баянцагааны алдарт тулалдаан яагаад тийм хүнд болсон юм гэхээр чухам Зөвлөлтийн цэргийн Сайншандын бригад замдаа төөрөөд хожимдсоноос болсон гэж генерал Морозов ярьсан нь түүхэнд тэмдэглэгдээгүй түүхэн үнэн байх. Ер утга зохиолд түүхэн үнэн орхигддог, худал гоёчлогддог. Харин дайнд оролцсон хүмүүс цэргүүдтэй ярьж байхдаа л яг үнэнийг хэлдэг. Дэд хурандаа шуудай Дандарын ярьснаар, Чөлөөлөх дайны Баатар С.Дампилын окопонд тунасан борооны ус час улаан болжээ, учир нь мань хүн дизенте­рийтээд цу­саар суулгах тул өмдөө шувталчихаад японы олон галын цэгүүдийг устгаж байжээ.Аяны цэрэгт шалбааг уухаас өөр аргагүй үе тохиолдож байснаас тийм явдал цөөнгүй байсан гэнэ. Дандар Баатар нэг удаа буудлагын дараа бидний хэдэн цэрэгт ярьсан нь: "Дурандаад хэвтэж байгаа японы тагнуулыг алсаас харсан. Морио бариулж, гутлаа тайлаад гэтэж очлоо. Дараад автал ганцхан холбироод дээр гарчихсан. Би бас холбироод хоёулаа босч ирээд нүдэлдчихсэн. Ташаанд буу бий боловч тийшээ гар явах зав байхгүй. Нэг мөчид улаан нүүр нь гялсхийхэд өгчихсөн. Ар тийшээ тэрий хадаад сэлэм нь хуйнаасаа сугарсан, би шүүрч аваад цавь руу нь дүрчихсэн” гэж. Утгазохиолд баатрууд цусаар суулгаад юмуу, хүний цавь руу дүрээд байхгүй шүү дээ.

Түргэн авах, түгшүүр зарлах бол цэргийн ердийн амьрал. Шинэ цэргүүд тэр дайн нь түргэхэн болоод өнгөрөхийн төлөө сэтгэлзүйтэй.Харин хал цэргүүдийг шаналгая гэвэл, за даа, хятадууд та нарыг халуулахгүй янзтай мэдээ сонсдож байна энэ тэр гэж давслана. Цэргүүд надаас юм их асууна. Зөвлөлт-Америкийн дайн болох уу гэж асууна. Би болохгүй гэж баттай хэлдэг байсан. Учир нь хоёр хэт гү­рэн аль аль нь алдах юмтай. Мэ­дээж, хятад-зөвлөлт-монголын дайн гарах эсэх нь амин чухал асуулт байв. Би мэдээлэлтэй цэрэг байв. Зөвлөлтийн нисэх анги хажууд байх. Цулгүй талд бүх юмаа барих үед нь бид тийшээ очиж ажиллах явдал байв. Офицер, түрүүч нар нь намайг тойрч шалгаана, Монголын тухай мэдээлэл авна. Орос цэргүүд жа нараасаа үнэхээр айдаг. Ер нь бол манайд ч, тэднийд ч жагсаалын дарга нар нь улирсан ахлагч нар байв. Нэг өдөр тэдний хэдэн бага даргатай ярилцаад сууж байтал цэргийн цол формтой хэдэн орос хүүхэн гарч орж гүйлдээд байх юм. Нэг түрүүчид, чи намайг тэдэнтэй танилцуулаадхаач гэтэл, анд аа, чи тэдний салхин доогуур ч гарах хэрэггүй гэдэг байгаа. Нисэх хороо хогоо хаяна. 

Тэнд нь зөвлөлтийн бүх хэвлэл, нэртэй том сэтгүүлүүд бүрэн байна. Би явж тэр бүхнийг авчраад унших тул тухайн үедээ Монголд хамгийн мэдээлэлтэй хүний нэг би байв. Жинхэнэ 20-р зууны романч бол япон Абэ Кобо. Нобелийн шагналд нэр дэвшиж байсан зохиолч.Түүний романуудыг би тэгж л уншсан. Тиймээс дайн болох эсэх тухайд анализ хийх боломж надад байсан. Тэр үеийн Хятадад алдах юм байгаагүй нь дайн гарах магадлалыг өсгөж байв. Гэхдээ судлаад байхул арай өөр дүр зураг илрэнэ. Том дайн өдөөхүл нэгмөсөн ялагдахаа маоист Хятад мэдэж байв. Оператив урлагийг тэд одоо ч гавьтай мэдэхгүй. Би хувьдаа ах нартай найраад Бээжингийн цэргийн комендант болж болмоор боддог байв. Ротын дарга хар Чимэдийн толгойд ч тиймэрхүү юм бас орсон бололтой. Бодвол, мань хүн комендатурын арын албаны дарга мөрөөдсөн биз. Тэгээд нэг удаа, чи хятад хэл сурмаар юм гэж билээ.

Гэтэл нэг удаа их сонин юм болов. Ер нь бол анги нэгтгэл хэзээ яаж түргэн авахыг цэргүүд бид үнэрлэж мэдээд байдаг юм. Дотоодын тагнуулын сувгууд байна. Огт санамсаргүй нэг шөнө түгшүүрийн дохио хангиналаа. 1969-1970 оны өвөл. Эхлэх байранд гарлаа. Хөлдсөн хуягтуудыг асаана гэж маш бэрх. Гэхдээ минутын дотор асаадаг цэрэг бас байдаг. Монголчууд гэж их сонин хүмүүс. Бригад эхлэх байранд гармагц офицеруудыг дуулаа. Нилээд удаан үүрэг тавигдаад тэд эргэж ирэхдээ хачин царайтай болчихсон байв. Хятадууд Сулинхээр, Замын Үүдээр довтолсон гэнэ. Сайншандын орос ангиуд хөдөлсөн гэнэ. Манай бригад бүх бүрэлдэхүүнээрээ одоо хөдлөх тушаал Жанжин штабаас ирсэн гэнэ. Ийм л өгөгдөл байв. Гэрбүлтэй офицеруудын царай барайв. Хал цэргүүд бид дуугаа хураав. Гайхал шинэ цэргүүдийн нүд сэргэж байх юм. Би ротын даргын холбооны станцийг үүрэх ба түүний доёгор антенна нь түвэгтэй тул авч хаячихаад төмөр утсаар орлуулдаг байв. Бодохнээ нь, тэр антенн аминд орохыг хэн байг гэхэв. Байранд буцаж очиж авлаа. Бригад бүх бүрэлдэхүүнээр жигдэрсэн боловч хөдлөх тушаал хараахан ирэхгүй байв. Үүр цайж өглөө болов. Тэр хооронд дарга цэрэг, хуучин шинэгүй нийтдээ тайвшраад шийдсэн царайтай болчихдог юм билээ. Тэртэй тэргүй л хүлээж байсан зүйл. Офицерууд дахиад дуудагдав. Эргэж ирээд, түгшүүрийг буулга гэсэн тушаал сая Жанжин штабаас иржээ. Түрүүчийн өгөгдөл Жанжин штабаас ирсэн, Бригадын командлал ч урьдчилан мэдээгүй гэж байна гэв. Ихэнхи цэргүүд нэг сум халаасандаа хийсэн байж билээ.

Санамсаргүй сонин явдал. Түүнээс нилээд хожим, гэхдээ өнөөгөөс олон жилийн өмнө далд эх сурвалжаас миний олж мэдсэнээр дараахи юм. Тэр жилүүд бол олон улсын байдал нийтдээ эрс хурцадсан үе. Израиль-арабын дайн, Чехословакийн үймээн гэх мэт. Цөмийн зэвсгийн салбарт ЗХУ АНУ-тай тэнцүү нөхцөлд хүрсэн боловч америк хүн Саранд анх бууснаар сансарын өрсөлдөөнд анхны том ялагдал хүлээв. Энэ нь зөвлөлтийн том толгой зохион бүтээгчдийн хоорондын өрсөлдөөний уршиг байсан нь одоо түүхийн материалаар илэрч буй юм.Цэргийн эдийн засаг асар өссөн шалтгаанаар иргэний эдийн засаг хүнд байдалд орж эхлэв. Ерөнхийдөө иймэрхүү таагүй төлөвтэй нөхцөлд Хятадыг түрүүлээд цохичих сэтгэлзүй Зөвлөлтийн дээд удирдлагын хүрээнд нилээд газар авсан байна. Ямар боловч Зөвлөлт, Монгол даяар бэлэн байдлыг гэнэт шалгах шийдвэр гарчээ. Тиймээс түгшүүрийн дохио хойноос ирсэн бөгөөд Ю. Цэдэнбал ч урьдчилан мэдээгүй байна. Гэтэл ийм өрнөлийг АНУ-ын ТТГ түншиж мэдээд Хятадад сэрэмжлүүлснээс гадна хэрэв ЗХУ дайн эхэлвээс АНУ төвийг сахих эсэхээ нээлттэй үлдээнэ гэж ЗХУ-д анхааруулсан дүр зурагтай. Өөрөөр хэлбэл, АНУ хятадын талд үйлчлээд миний комендант болох зүүд, манай ротын даргын комендатурын арын албаар хөлжих мөрөөдлийг хаажээ гэлтэй.

Хэрэв энэ бүхэн үнэн бол түүхийн үргэлжлэлийн асуудал их эгзэгтэй сонин болж ирнэ. Хятад-Оросын стратегийн түншлэл байна уу, байна. Орос нилээд газраа, түүний дотор мөнөөх домогт Даманы арлыг Хятадад өгсөн. Гэтэл Хятад-Америкийн харилцаа нь гүндээ үүнээс ч илүү итгэмжит үндэслэлтэй байхгүй гэх газаргүй байна. ЗХУ танайд довтлох санаархал агуулжээ, худал гэвэл Монголыгоо оролцуулаад бүх зэвсэгт хүчнийхээ бэлэн байдлыг шалгасан баримт байна гэж ТТГ Хятадад мэдээлсэн нь мартагдашгүй маш том дипломат алхам. Энэ нөхцөлд Монгол Улсын гуравдахь хөршийн асуудал бодууштай юмны нэг болно. АНУ маань Монголын төлөө Хятадын зах зээлийн ашиг сонирхлоо золиослох уу. Ерөөс АНУ-ын бодлогын мөн чанарын судалгаа чухал болов. Горбачев, Ельцин хоёр Оросын байдаг бүхнийг АНУ-д өгсөн.

За, ямар боловч халагдах цаг ирлээ. 1965 оны цэрэг 3 сар илүү хаасан. Тэр оны өвөл татагдсан жолооч цэргүүд 8 сар илүү хаасан. Бид хугацаандаа халагдах уу, үгүй юү. Хугацаандаа гэвэл 6-р сарын 12-нд. Хугацаат цэргийн албаны хугацаа нь нийгмийн амьдралын маш чухал хүчин зүйл. Хаант Орост 15, 25 жил байгаад Зөвлөлтийн үед армид 3, флотод 4 жил болсон. Гэвч 1967 онд 2 жил болсон. Ингээд манайд 2 жил болох уу, үгүй юү гэж лайтай надаас их асуух. Би болохгүй гэж шууд хэлдэг байв. Яагаад гэж мэдээж асууна. Хариултыг хэлвээс нам засгийн эсрэг үг хэл гаргасан ялд унах тул хэлэхэд хэцүү. Манай нам засаг мэдрэмжгүй, үйл явцаас ямагт хожимддог, хөшүүн хойрго, 2 ба 3 жилийн нийгмийн амьдралын ялгааг зөв тооцож чадахгүй гэлтэй биш. Цэргийн газар оны ялгаа байдаг, байх ёстой. Цэрэг арми байх нэг нөхцөл нь энэ. Оны ялгаа муугаар эргэсэн нь миний үеийн дараахи үзэгдэл. Энэ нь, нэгд, чухам хугацаат албаны 3 жилээс эхтэй. 

Уйдаж гүйцсэн хал цэрэгт зугаа хэрэгтэй. Би гэхэд нэг ухаандаа хурандаа нар, дээд тушаалын офицеруудын эрлэг шахам юм байв. Туваанжав хурандаатай харгалдсан нь ганц жишээ. Сургууль төгсөж ирсэн, учир мэдэхгүй мөртөө их зантай офицеруудаар ч тоглоно. Хоёрт, шоронгоор дамжигсад цэрэгт олноор шилжсэн явдал. Манай ротод шоронгоос ирсэн хоёр хал цэрэг байсан. Шоронжсон хүмүүс уур амьсгалыг эвдэх талдаа ажиллагаатай. Шоронгоос хэзээ ч сайн туршлага авдаггүй, муу туршлага авдаг, тэр нь цэргийн хуарангийн нөхцөлд илрэхдээ хялбар. Маниас хойш тэдний тоо цэргийн эгнээнд олширсон. Энэ нь Монгол шоронжсоны гай байв.Яагаад шоронжсон бэ гэвэл, эдийн засгийн зарим салбарт өртөг зардалгүй хүний нөөц хэрэгтэй болсон. Энэ нь ерөөс Сталины зарчим.

Нөгөө талаар, цэрэг 3 жил цэрэг байж л цэрэг болдог гэх нь ор мөргүй биш үнэн. Цэрэг болох, цэргийн ямар нэг бэлтгэлтэй болох нь чанарын өөр зүйл.Гэвч заавал дайн хийх зорилго байж болохгүй учраас заавал цэрэг болгох хэрэггүй. хүнээ ба нийгмээ бодолцохгүй бол болохгүй. 2 жил гэвэл дундаж нөхцөл. 1 жилийн цэрэг бол шинэ цэрэг. Дан шинэ цэргээр байлдаж болдоггүй нь дэлхийн түүхэн туршлага. Тиймээс гэрээт буюу мэргэжлийн цэргийн асуудал үүснэ. Энэ мэргэжлийн цэрэг нь орчин үеийн өндөр технологийн шинэ зэвсэг техник сурч эзэмшсэн байж л мэргэжлийн цэрэг байна. Манай цэргийн зэвсэглэл хэр шинэчлэгдэж байгаа бол. Энэ салбар дахь шинэчлэлгүйгээр батлан хамгаалах салбарын тухай яриад ч хэрэггүй тийм цаг үе.

Чойбалсан, Зүүнбаян. Манай ангийн хүүхэд шинэ цэргээр ирээд Бригадын штабын бичээч болдог юм. Том албан тушаал. Тамгагүй чөлөөний хуудас түүнд байх. Бидний үед албан ёсны чөлөөгөөр явах явдал огт байхгүй шахам. Миний чөлөөгөөр шагнуулсан хоногийн тоо 30 хүрсэн байсан. Тэгээд тэртэй тэргүй хал цэрэг Зүүнбаянгаас хаашаа юу хийж явах юм. Манай ангийн хүүхэд Сайншандад байхтай тааралдтал, чи чөлөө аваад ирж хэд хонохгүй гэв. Ротод ирээд хэлтэл онжавууд дургүй байна. Биднээс уйдсан биш, үлийгээ хийх юм гэлээ. Гэхдээ чөлөөгүй яваад ирэхийг сонирхогчид мэдээж байна. Би тэр зун намар хэд хэдэн цэргийг тамгатай чөлөөний хуудсаар хот явлууллаа. Тамгагүйг ангийн хүүхэд буюу штабын бичээч Гонгоржаваас авна. Ангийн тамгыг би үйлдэж дарна. Сүлдтэй тамга шүү дээ. Нарийн ажил. Нэг удаа ротын хоёр цэрэг явлаа. Бид арыг нь дааж аргална гэгч болно. Хэлцсэн ёсоор долоо хоноод нэг нь ирлээ. Нөгөө нь вокзал дээрээс комендантын эргүүлд баригдсан гэнэ. Комендант тамгыг нарийн үзэх нь мэдээж. За, ингээд төрийн тамга хуурамчаар үйлдсэн хэргээр…гэж бодогдлоо. Хоёр хоноод нөгөөх маань ирлээ. Яав гэтэл, тамганд сэжиг төрөөгүй, хувцасны зөрчилтэй гээд хоёр хоног суучихлаа гэв.

Чингээд халагдах цаг туллаа. БХ-ын сайд Б.Дорж Зүүнбаянд хүрэлцэн ирлээ. Дорнодын партизан өвгөн хүүгээ авна гээд бас иржээ. Энэ өвгөн тухайн цагтаа хурандаа генералын дарга нь байсан

скачать dle 12.0

Санал болгох