Богд уул, Туул голын эрэг дагуу тохижилт хийж ийм болгоно

🕔 2021/04/05 11:31
Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ зуны цагт хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгосон байна.


15 байршлаас 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдсан. Мөн таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршилд тохижилтын ажлыг хийсэн. Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17.8 км дугуйн замын тохижилт хийж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Шуурхай ажиллаж, хурдан төлөвлө. Солонгосын Хан мөрний эрэг шиг иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Богино хугацаанд зохион байгуул. Ирэх даваа гарагаас ажилдаа шуурхай ор. Гэхдээ хоёрын хооронд юм хийж болохгүй. Хүндээ хүрсэн, хүүхдэд зориулсан, аюулгүй, эрүүл байхад анхаар” хэмээн үүрэг өгсөн. 



Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалтын тохижилтыг ихэвчлэн сагс, хөл бөмбөгийн талбай, тоглоомын талбай, машины зогсоол, дугуйн болон явган хүний замтай байхаар төлөвлөжээ. БОАЖЯ-ны зөвшөөрлөөр газар олгогдсон байсныг хүчингүй болгуулж, тохижилт хийхээр болсон газар ч байв. 
Богд уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэг нь “Энигма” ХХК-ийн мэдэлд байдаг. Гэвч “Энигма” компани нь тохижилтод анхаарал хандуулалгүй өнөөг хүртэл явж ирсэн тул холбогдох албаны хүмүүсийг анхааралдаа авч, шаардлагатай бол Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахыг Хотын дарга үүрэг болгосон юм. Мөн компани болон БОАЖЯ-нд мэдэгдэл хүргүүлэх, арга хэмжээ авах, шаардлагатай бол Засгийн газар, Улсын их хурлаар оруулахыг даалгав. 

Түүнчлэн Богд уулын Баруун ширээт рүү гарах замд тав, Зүүн ширээт рүү гарах замд зургаан амралтын цэг байгуулахаар төлөвлөжээ. Дугуй цагаан буюу амралтын талбайг ч мөн тохижуулахаар төлөвлөсөн байна.Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Явган замыг байгалийн материал ашиглаж хийнэ. Гэхдээ бүх газар зам тавихгүй. Халтиргаа, гулгаа үүсдэг гол хэсгүүдэд чулуу, модоор зам хийнэ. Горхи урсдаг учраас ус уух цэгүүд байгуулна. Нэгдсэн хогийн цэгийг доор байгуулна. Эс бөгөөс дээрээс хог буулгах хүндрэлтэй” гэлээ.


















скачать dle 12.0

Санал болгох