ҮЦХ-д хүүхдүүд осолдсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Даваа гарагт болно

Тэгвэл энэ хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газар хяналт тавьж, 2020 оны арванхоёрдугаар сард тус компанийн захирал Ш.Бат-Энхэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг болох байсан боловч энэ сарын 29-ний өдрийн 14:00 цагт хуралдахаар хойшлуулаад байна. Учир нь яллагдагчийн өмгөөлөгч нарын нэг болох Г.Оюунцэцэг хөл хорионд байсан тул шүүх хуралдаанд онлайнаар оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг эхлүүлсэн ч өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүх хуралдаанд цахимаар холбогдож чадаагүй байна. Иймд БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өмгөөлөгчийг шүүх хуралдаанд заавал оролцох хүсэлт гаргасныг харгалзан үзэж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулаад байгаа юм.
Сануулахад, “Хан талст” компани нь Ш.Бат-Энхийн нэр дээр байдаг бөгөөд тэрбээр мөн "Хурдны зам" компанийн үүсгэн байгуулагч, захирал нь аж. Түүний эхнэр И.Нарантуяа Хүүхдийн төлөө газар /ХТГ/-ын даргаар ажиллаж байхдаа Хан талст, Хурдны зам зэрэг компанийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсан байдаг юм.