Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хасагдсан хэсгийг УИХ-ын гишүүний захиалгаар Б.Хурц хакердаж олон нийтэд цацжээ
Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдлээс Тагнуулийн Ерөнхий газрын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүний захиалгаар Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан хэсгийг хакердаж олон нийтэд цацах ажлыг зохион байгуулсан гэх шинэ баримтыг дэлгэсэн байна.
Мөн 2017 оны долдугаар сар. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нар тэр жилийн баяр наадмын өмнө утсаар ярьсан бичлэгийг тагнуулын ажилтан хуулбарлаж Б.Хурцад өгсөн тухай баримтыг ил болгожээ
Эрэн сурвалжлагч нэгдлийн ил болгосон мэдээлэлд энэ талаар, “2014 оны арванхоёрдугаар сарын 8. Тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нь УИХ-ын нэгэн гишүүнтэй уулзаж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн талаар ярилцсан.
2014 оны арванхоёрдугаар сарын 10-15. ТЕГ-ын дарга Б.Хурц “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Н.Энхбаяр оролцсон дугаарын хасагдсан хэсгийг олж ирэх үүргийг тусгай мэргэжлийн албан хаагч нартаа өгчээ.
2014 оны арванхоёрдугаар сарын 23-25. ТЕГ-ын тусгай мэргэжлийн алба хаагч нар нь “Hero entertainment” студийн ажлын байранд тусгай ажиллагаа явуулж, дээрх хасагдсан бичлэгийг хакердаж авсан.
2015 оны нэгдүгээр сарын 6. Тусгай мэргэжлийн ажилтнууд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэгийг ТЕГ-ын дарга Б.Хурцад хүлээлгэж өгсөн.
2016 оны нэгдүгээр сарын 9. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
2016 оны нэгдүгээр сарын 11. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар алдагдсан бичлэгийн талаар хэвлэлийн хурал хийв.
2017 оны долдугаар сар. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нар тэр жилийн баяр наадмын өмнө утсаар ярьсан.
Энэ бичлэгийг ТЕГ-ын ажилтан М гэгч нь хуулбарлаж, тус газрын дарга Б.Хурцад өгсөн.
2017 оны наймдугаар сарын 16. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн” гэжээ.
Харин бичлэг захиалсан УИХ-ын гишүүн хэн байсан талаар, “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар ТЕГ-т хандаж, тус газраас болоод хууль хяналтын байгууллагаас ажлын хэсэг байгуулагдаж, удаан хугацааны туршид шалгалтын үйл ажиллагаа явуулсны дараа ийм “хариу” гарчээ. Хэн гэдгийг нь сонсоод Б.Баатар “шок”-д орсон гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.
Гэхдээ Б.Хурц гүйцэтгэгч юм бол захиалагч нь хэн байсан бэ гэдэг нь тодорхой бус байна.
Тодруулбал, 2014 онд Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хасагдсан хэсгийг захиалсан УИХ-ын гишүүн хэн байв гэдэг анхаарал татаж байна.
Мөн тэр “гишүүн” нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө М.Энхболдын өрөөнд болсон явдлын бичлэг, УИХ-ын гишүүн Г.Уянга Л.Эрдэнэчимэг нарын “алдагдсан” бичлэгтэй ч холбогдож болзошгүй болсон байна” хэмээн мэдээлжээ.
https://www.newstv.mn/a/954