ОУАЭА: "Фүкүшима" АЦС орчмын далайн уснаас дээж авч шинжилнэ
Олон улсын атомын энергийн агентлагийн эрдэмтдийн баг Японы "Фүкүшима Даийчи" атомын цахилгаан станцын ойролцоох эргийн ус болон загасанд шинжилгээ хийхээр дээж авсан байна.
"Фүкүшима" атомын цахилгаан станцын цацраг идэвхээр бохирдсон усыг шүүж, өнгөрсөн наймдугаар сараас эхэлж далайд цутгаж байгаа юм. Ингэж цутгаж эхэлснээс хойш анх удаа олон улсын байгууллагаас шинжилгээ хийх гэж байгаа нь энэ юм байна.
Япон улс "Фүкүшима"-гийн хаягдал усыг далайд цутгах ажиллагаа анхнаасаа олон улсын болон дотоодын загасчлалын аж ахуй эрхлэгчдийн дургүйцлийг хүргэж эхэлсэн.
Үйл ажиллагаа яг эхлэх үеэс Хятад улс Японоос далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоосон. Тэгвэл уснаас дээж авах ажиллагааг өчигдөр Хятад, Өмнөд Солонгос, Канадын эрдэмтэд ажиглаж, газар дээр нь байлцжээ.
2011 онд цунамид өртөж сүйдсэн "Фүкүшима" станцаас өмнө зүгт 50 орчим км-ийн зайд орших "Хисано Хама" боомтод дээж цуглуулах ажил болсон байна. Дээжийг ажиглагч улсуудын лаборатори руу илгээж, хараат бус байдлаар шинжлүүлнэ гэж Олон улсын атомын энергийн агентлагаас мэдээлсэн байна.
Тус байгууллагын судлаач, эрдэмтдийн хэлж байгаагаар Японы Засгийн газар далайн бүтээгдэхүүндээ итгэх олон улсын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд энэ шинжилгээг хийх хүсэлт гаргасан байна. Анх энэ станцад осол гарах үед станцын цөмийг хөргөдөг нэг сая гаруй тонн ус цацраг идэвхээр хордож, станцын бүх хадгалах зай талбайг дүүргэсэн байсан. Үүнийг гадагшлуулах арга олохгүй бол станцын хүчин чадал хүрэхгүй гэдэг үндэслэлээр усыг шүүж цэвэрлэн далайд цутгахаар болсон юм.
Цацраг идэвхээс нь шүүсэн усыг далайд цутгаж дуусахад ойролцоогоор 30 жил шаардлагатай гэж хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагаас мэдээлсэн. Юуны түрүүн уснаас цацраг идэвхт изотопуудыг шүүж салгаад, зөвхөн трит гэх элементийг үлдээж, далайд цутгаж байгаа юм. Олон улсын зүгээс сэрэмжилж байгаа зүйл нь шүүсэн усан дахь тритийн хэмжээ стандарт түвшнээс их байх эрсдэл аж.
Тиймээс ихэнх орон дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. Трит нь стандарт хэмжээндээ байхдаа биед ямар нэгэн хор нөлөө учруулдаггүй. Харин хэвийн хэмжээнээс хэтэрвэл хорт хавдар үүсгэх аюултай юм байна.