Хүмүүнлэгийн цуваа Газын зурваст хүрч чаджээ
Бямба гарагийн өглөө Египеттэй хиллэдэг Рафах шалган нэвтрүүлэх боомт нээгдлээ. Газын зурваст хүмүүнлэгийн тусламж ачсан ачааны машинууд Палестиныг зорьж эхэллээ.
Одоогийн байдлаар Израиль эм, хоол хүнс тээвэрлэсэн 20 ачааны машиныг Газын зурвас руу нэвтрүүлэхийг зөвшөөрөөд байгаа боловч шатахуун тээвэрлэгээгүй байна. Тэднийг хилээр гарсан даруйд шалган нэвтрүүлэх боомтыг дахин хаажээ.
Тус нутгийн хоёр сая хүн ам болон эмнэлгүүдэд генератор ажиллуулах, цэвэр ус, түлш зэрэг хүмүүнлэгийн тусламж яаралтай авах шаардлагатай байгааг НҮБ мэдэгдэв. Энэ нь одоо байгаагаас тав дахин их хэмжээгээр шаардлагатай байна.
10-р сарын 7-нд Хамас бүлэглэлийн халдлагын дараа Израиль Газын зурвасын цахилгаан эрчим хүчийг тасалж, усны хангамжийг хэсэгчлэн зогсоож, хоол хүнс, эм тарианы хангамжаа зогсоожээ.
Ачааны 20 машинтай цувааг өнгөрсөн бямба гаригт явуулах шийдвэр гаргасан нь НҮБ-ын холбогдох талуудтай хэдэн өдрийн турш хэлэлцээ хийсний үр дүн юм.
Рафах хилийн боомт дээр зайлшгүй шаардлагатай эм тариа, хоол хүнс, ус ачсан нийт 175 ачааны машин гацсан байдалтай байгаа бөгөөд нэвтрэх зөвшөөрлийг хүлээж байна.
Израилийн эрх баригчид хүмүүнлэгийн тусламжийг Газад илгээсний дараа Хамас хурааж авахгүй байгаа гэдгийг нотолж тогтоосны дараа цаашдын хангамжийг зөвшөөрнө.
НҮБ-ын төлөөлөгч бямба гаригт "Баталгаажуулах журмын талаар хэлэлцэж байна" гэж мэдэгдэв. Тусламжийн агентлагууд мөн хүмүүнлэгийн цуваагаар түлш тээвэрлэхийг зөвшөөрөх талаар Израильтай хэлэлцээр хийж байна.
Рафах гарц нь Газын өмнөд хэсэг болон Египетийн хооронд байрладаг. Энэ бол Палестины бүслэлтэд орсон бүс нутагт тусламж үзүүлэхийг Израильчууд зөвшөөрсөн цорын ганц гарц юм.
Газын зурвас болон Израилийн хоорондох Эрез болон Керем Шалом дахь бусад шалган нэвтрүүлэх цэгүүдийг Израилийн цэргүүд хаагаад байна.
Эх сурвалж: ВВС