Сурвалжлага: Сурагчид тамхинд "дурлахад" эцэг эхчүүд нөлөөлж байна

🕔 2023/10/19 15:03

Дэлхий дахинаа 1.1 тэрбум хүн янжуур тамхи хэрэглэж, жил бүр найман сая хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас барж байна. Энэ дунд Монгол Улс ч багтаж байгаа гэсэн үг. Хэдийгээр манай улсын хувьд тамхины хэрэглээг багасгах зорилт тавьж, тодорхой хууль дүрмийг баталсан ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Бүр цаашлаад насанд хүрэгчдээс гадна бага насны хүүхэд, тэр дундаа ЕБС-ийн сурагчдын дунд тамхины хэрэглээ нэмэгдсээр байгаа гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Тэгвэл энэ удаагийн сурвалжлагаараа ЕБС-ийн сурагчдын тамхины хэрэглээний асуудлыг хөндлөө.
Өдрийн 11.00 цаг. Иргэдийн мэдэхээр Дашчойлин хийдийн дунд зам. Энэ хэсэгт АШУҮИС-ийн лицей сургууль, нийслэлийн ерөнхий боловсролын хоёр сургууль бий. Өглөөний ээлжийн сурагчид хичээлтэй тул сургууль орчим хөл хөдөлгөөн багатай. Гэхдээ өдрийн ээлжийн хичээл эхлэх дөхсөнтэй зэрэгцээд сурагчид нэг, хоёроор цуглаж, нааш цааш зам хөндлөн гарч цайны газар, дэлгүүр зүглэнэ.
Энэ үеэр хүүхэд багачуул дунд буй асуудал, шалтгааныг хүүхэд өөрөө л мэдэх тул .. дугаар сургуулийн хашаанд зогсох хоёр сурагчтай яриа өрнүүллээ. Ингэхэд тэдний нэг нь тус сургуулийг төгссөн. Одоо II курсийн оюутан. Харин нөгөөх нь IX ангийн сурагч, мөн тэд ах дүүс. 
IX ангийн сурагч "Манай ангид тамхи татдаг хүүхэд бараг байхгүй. Надаас нуугдаж татдаггүй л бол байхгүй. Харин дээд ангиудад байгаа" гэсэн бол түүний ах "Намайг төгсөхөд байж л байсан, одоо ч татдаг хүүхдүүд байгаа. Манай доод үеийн хүүхдүүд болохоор ер нь ихэнхийг нь танина. Тамхийг ихэвчлэн ТҮЦ-ээс авдаг. Тэр цаана байгаа ТҮЦ-т зардаг юм. Харин татахдаа зам гараад байрнуудын дунд эсхүл саравчинд татдаг" гэлээ.
Сурвалжлага: Сурагчид тамхинд "дурлахад" эцэг эхчүүд нөлөөлж байна
Тэдний хэлж буй ТҮЦ-ийг зоривол замын гарц дээр зам тээврийн осол аваараас хамгаалах зорилгоор эцэг эхчүүдийн төлөөлөл "School police" хийж, хүүхдүүдэд зам гарахад нь тусалж байв. Харамсалтай нь, "School police" нь дан ганц хүүхдийг зам гаргах төдий санаачилга бус тэднийг сургуулийн орчинд анхаарч, зүй зохисгүй үйлдэл, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг олон зүйлд хяналт тавьж, багасгах зорилготой ч зөвхөн замын хөдөлгөөнд нь анхаарах аж. Түүнчлэн, сурагчдын тамхидалт дээр ч анхаарал хандуулах ёстой. Сурагчдын заасан түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-ээс тамхи зардаг эсэхийг асуухад зардаг хэмээв. Уг нь, 2012 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14-т Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны ойр 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон байдаг. Гэвч тус ТҮЦ нь сургуулиас 500 байтугай таван метрийн зайд буюу хуулиар тамхи худалдаалахыг хориглосон байршилд байлаа. Хэдийгээр тамхийг насанд хүрээгүй бол худалдаалах боломжгүй хэмээн тайвширч болох ч сурагчдын хэлснээр тэд ТҮЦ-ээс авч сурсан, ТҮЦ тэдэнд зарж заншсан нь харагдана.
Сурвалжлага: Сурагчид тамхинд "дурлахад" эцэг эхчүүд нөлөөлж байна
Гэхдээ энэ байдал зөвхөн эдгээр сургуулийн ойр орчимд л байгаа зүйл биш. Дан ганц энэхүү ТҮЦ-ийг ч буруутгах боломжгүй. Бусад сургуулийн бүсэд ч бий. Тиймээс өөр сургуулийн орчимд ижил нөхцөл байгаа эсэхийг ажиглахаар иргэдийн нэрлэж заншсанаар Монгол гуравдугаар сургуулийг зорилоо. Биднийг очиход тус сургуулийн дэргэд ч ТҮЦ-үүд эгнээтэй байх аж. Тухайлбал, гуравдугаар сургуулийн автобусны буудал дээр нийт зургаан ТҮЦ байна. 
Тэдгээрийн нэгээс нь орж асуухад худалдагч "Манайд тамхи худалдаалдаг. Гэхдээ сурагчдад зардаггүй. Зарах гэсэн ч хүүхдүүд манайхаас орж ирж асуудаггүй. Учир нь, хорооны хэсгийн төлөөлөгчид автобусны буудал дээр хянаад байж байдаг. Тэнд ч зогсож байна. Ихэвчлэн энгийн хувцастай хяналтыг хийгээд явж байдаг юм. Бид нар зарах боломжгүй болохоор хүүхдүүд сургуулиас хойш байгаа дэлгүүрүүдээс авдаг байх. Сургуулийн орчинд тамхи зарлаа гэж байгаа бол бүгд л бараг зарж байгаа. Удаан ТҮЦ ажиллуулсан хүмүүс л зөвшөөрөлтэй зарж байна гэж хэлж магад. Бүх ТҮЦ-т зөвшөөрөл гэж байхгүй. Бид тамхи зараад овойж, оцойтол олоод байдаггүй. Хайрцаг тамхи дээр 500 төгрөгийн ашгаа нэмээд л зардаг. Миний хувьд энэ ТҮЦ-д суугаад удаагүй байна. Хэдийгээр тамхи зарж байгаа ч гэсэн хүнээ харна, хүнээсээ асууна, насанд хүрсэн эсэхийг нь шалгаж өгдөг. Гэхдээ хэн нэгэн зарахгүй байсан ч өөр газраас татах гэсэн хүн бол очоод, олоод авна шүү дээ" гэлээ.
Сурвалжлага: Сурагчид тамхинд "дурлахад" эцэг эхчүүд нөлөөлж байна
Энэ бол үнэн. Татахыг хүссэн нэгэн тамхийг хаанаас ч, яаж ч авч болно. Гэхдээ хүн бол даган дуурайх инстинкттэй, нийгмээс тусгаарлагдах тун дургүй амьтан. Нэг нь хийвэл, нөгөө нь даган дуурайдаг. Тэгэхээр сурагчид ганцаараа байхаас илүүтэй анги хамт олон, найзуудтайгаа байхдаа, хэн нэгний ятгалгаар тамхийг хэрэглэх магадлалтай. Иймдээ ч өдөр хичээл тарах үеэр тус сургуулийн орчимд байх хүнсний дэлгүүрүүдээс сурагчид бөөндөө орж ирж тамхи асуух нь элбэг байдаг аж. Гэхдээ тус дэлгүүрийн худалдагчийн зүгээс "Тамхи байхгүй, зарахгүй" хэмээн гаргадаг ч хаанаас ч юм олоод татаж байдаг талаар дурдаж байв. Жишээлбэл, өчигдөр гэхэд тус дэлгүүрийн хажуу байрны үүдэнд сурагчид тамхи татаж, шүлсээ хаяж байгаад оршин суугчдад загнуулсан гэх.
Энэ мэтчилэн сургуулийн орчинд болон бусад газар сурагчид тамхийг хэрэглэсээр байна. Манай улсад хийсэн 2019 оны судалгаагаар 13-15 насны сурагчдын 14 хувь нь тамхи хэрэглэдэг гэх дүн гарч байж. Харин одоо хэрхэн өөрчлөгдсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.
Тэгвэл өсвөр насны хүүхдүүд, сурагчид яагаад тамхийг хэрэглэж байна вэ.
"Бид хэдээс хоёр нь тамхи татдаг. Бид нар одоо арваннэгдүгээр ангид байх ёстой. Гэхдээ коллежид суралцдаг/16-17 настай/. Энэ сургуулийн хүүхэд биш. Сурагчид тэр хойд байрны мухарт татаад байдаг. Тамхи татаж байгаа шалтгаанаа яг яагаад гэдгийг нь хэлж мэдэхгүй. Анхандаа том хүн болох гэж, сонирхож, "сool" харагдах гэж үзэж байсан. Ах, аав нар уурласан, стресстэй үедээ тамхи татахаар тайвширлаа, сайхан боллоо гэдэг. Тэгээд л дуурайсан юм болов уу, сайн мэдэхгүй" гэв. Ийн өсвөр насныхан тамхийг зүгээр л догь харагдах гэж, хэн нэгний, тэр дундаа томчуудын сайхан, гоё гэх дуурайллаас үүдэн хэрэглэх болсон талаараа ярьж байна.
Гэтэл 2019 онд гаргасан өвчний дарамтын судалгаагаар Монгол Улсад тамхинаас шалтгаалж жилд 4300 орчим хүн нас бардаг гэх дүн гарсан. Хэрэв энэ маягаар өсвөр насныхны тамхидалт удаан үргэлжилбэл жинхэнэ аюулын харанга дэлдэх нь. Яагаад өсвөр насныхан гэх шалтгаан нь АНУ-ын Хүүхэд залуусыг тамхидалтаас хамгаалах нийгэмлэгээс гаргасан судалгаатай холбоотой. Тухайлбал, тамхи татдаг хүмүүсийн 90 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө татаж эхэлсэн байдаг гэсэн дүгнэлт бий. Ингэхдээ 25 наснаас хойш тамхинд ороод байх нь ховор гэдгийг ч гаргажээ.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангаж, хүүхэд залуус болон эцэг эхчүүдэд сургалт судалгааг хийж, нийгмээ хүүхдээ хамгаалах цаг нэгэнт болжээ. Үгүй бол үзэмж дагасан хийрхэлээс үүдэн хэчнээн хүүхдийг янжуур зуусан байдалтай харах бол. Магад таны хүү, охин ч байж болох юм.
Сурвалжлага: Сурагчид тамхинд "дурлахад" эцэг эхчүүд нөлөөлж байна
Сурагчид болон бизнес эрхлэгчдийн эрх ашгийн үүднээс нэр, царайг гаргаагүй болно.







скачать dle 12.0

Санал болгох