AIRAG DAY I Нутгийн иргэд ХАГАС ТЭРБУМ төгрөгийн орлого олжээ
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил, Булган аймаг “Аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Намрын ногоон өдрүүд“ намрын нээлттэй үйл ажиллагааг Улаанбаатар хотноо 2023 оны аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Сүхбаатар талбайд зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Намрын ногоон өдрүүд, AIRAGDAY” намрын үзэсгэлэн, худалдааны арга хэмжээг жил бүр Д.Сүхбаатарын талбайд аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгч болон ногоочид, малчдын борлуулалтыг дэмжиж, нийслэлийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоо, айраг цагаан идээгээр хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор та бүхэндээ хүргэж ирсэн билээ.
Энэ өдрүүдэд Булган аймгийн 16 сум, 1 тосгоноос хүрэлцэн ирсэн 70 гаруй иргэд намрын шинэ ургац, айраг цагаан идээ, жимс жимсгэнэ, үхрийн шинэ мах, Тэшиг сумын буриад талх,масло, ааруул хурууд зэрэг бүхий л эко бүтээгдэхүүнээ ченжийн гар дамжуулалгүй өөрсдөө Нийслэлчүүдэд хүргэж, нийт 55 тн гаруй айраг, бүтээгдэхүүнээ борлуулан 500 гаруй сая төгрөг буюу хагас тэрбум төгрөгийн орлого олсон дүн мэдээ гараад байна.
Иймд анхдагч алдартны нутгийн шимт хөрснөө сэтгэл зүрхээ шингээн тариалсан шинэ хүнсний ногоо, чимчигнэсэн айргийг амталсан налгар "Намрын үзэсгэлэн, худалдаа"-нд өргөнөөр оролцсон нийслэлчүүд, Булганхангай нутгийн иргэддээ талархал илэрхийлье.
Хамтран зохион байгуулагч:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим