Ирландын Килларни хот кофены нэг удаагийн аягыг хоригложээ
🕔 2023/10/16 12:56
Килларни хот кофены нэг удаагийн аягыг хэрэглээнээс гаргасан Ирландын анхны хот болжээ. Хогийн сав, зам талбай, цэцэрлэгт хүрээлэн гээд хаа сайгүй хөглөрч байдаг нэг удаагийн аягыг хориглох нь аялал жуулчлалын салбар төдийгүй байгаль орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж хотын захиргаа үзсэн байна.
Тус хотод долоо хоногт 23,000, жилд сая гаруй тооны нэг удаагийн аяга хэрэглэгдэж, 18,5 тн хог хаягдал бий болгодог аж. Килларни хотын кофе шоп, кафе, зочид буудлаас кофе худалдаж авахын тулд өөрийн аягатайгаа ирэх, аль эсхүл 2 еврогийн барьцаатайгаар дахин хэрэглэгдэх аяга авч, кофегоо ууж дууссаны дараа аягыг эргүүлэн өгөх журам үйлчилж байна.
Нэг удаагийн аягыг хэрэглээнээс гаргаснаар хотын хогийн сав, гудамж талбай мэдэгдэхүйц цэвэрхэн болсон тул Трали, Дингл зэрэг ойролцоох бусад хотуудад ч туршлагыг нь судалж, уг санааг хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа юм. Европын бусад улс орнуудад зарим хотууд хэдийнэ нэг удаагийн аяганаас татгалзсан бөгөөд кафе, кофе шопын бизнес эрхлэгчид нэг удаагийн аяганд зарцуулдаг 20-30 центийг хэмнэх болсон байна.
скачать dle 12.0