“Aditya-L1” станц Нарыг судлахад тохиромжтой цэгт ойртжээ
🕔 2023/09/19 03:44
ШИНЭ ДЕЛИ. /ISRO/. Энэтхэгийн “Aditya-L1” сансрын автомат станц тав дахь маневраа хийсний дараа Нарыг судлахад тохиромжтой байрлалд хүрэх зам руу оржээ.
Сансрын уг аппарат 110 орчим хоногийн дараа дахин маневр хийж, Лагранжийн L1 цэгт буюу дэлхийгээс 1.5 сая орчим км-ийн алсад байрлах юм. Энэ цэг дээр байгаа биет нь Дэлхийтэй хамт нэгэн зэрэг ижил хэмнэлээр Нарыг тойрох учир сансрын станцтай холбоо тогтоож мэдээлэл авахад хялбар байх юм.
"Aditya-L1" аппарат Нарны талаарх мэдээллийг хэдийнэ цуглуулж эхэлсэн гэж Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллага /ISRO/ даваа гарагт мэдээлжээ. Нарыг судлах зорилгоор сансарт байрлуулах Энэтхэгийн анхны ажиглалтын аппарат болох “Aditya-L1”-ийг есдүгээр сарын 2-ны өдөр “PSLV XL” зөөгч пуужингаар Андра-Прадеш мужийн Шрихарикота арал дахь сансрын буудлаас хөөргөсөн билээ.
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0