Эртний Иерихо хотын балгасыг Дэлхийн өвд бүртгэжээ

🕔 2023/09/18 01:59

ИЕРУСАЛИМ. /CNN/. 
 НҮБ-ын Дэлхийн өвийн хороо ням гарагт хуралдаж, Иерихо дахь Тел-эс-Султан археологийн дурсгалт газрыг “Палестин дахь Дэлхийн өв”-ийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэлээ. 
 
Эр-Рияд хотноо болсон бага хурлын үеэр ийм шийдвэр гаргасан тухайгаа ЮНЕСКО “Х” сүлжээн дэх /хуучнаар твиттер/ албан ёсны хуудсандаа мэдээлжээ. Палестины эрх баригчид уг шийдвэрийг сайшаан хүлээж авсан бол Израил дургүйцлээ илэрхийлжээ.
 
 
Израилийн эзлэн авсан Баруун эрэг дэх Иерихо хотод байдаг шинээр Дэлхийн өвд  бүртгэгдсэн энэ газарт МЭӨ IX мянганы үеийн балгасууд байдаг. Иерихо бол хүн ам тасралтгүй оршин суусаар буй дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм.
 
 
Палестины Гадаад харилцааны яам энэ шийдвэрийг сайшааж “хүний хөгжлийн 10 мянган жилийг гэрчилж буй Иерихо хотын соёл, эдийн засаг, улс төрийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг мөн" гэж ням гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ. Палестины Аялал жуулчлал, эртний эд өлгийн сайд Рула Маая энэ шийдвэрийн ач холбогдлыг онцолж, уг газрыг Палестины олон янз өвийн салшгүй үнэт бүрэлдэхүүн хэсэг гэж нэрлэжээ.
 
 
Харин Израилийн Гадаад хэргийн яам уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж "энэ үйлдэл бол палестинчууд ЮНЕСКО-г улс төржүүлж байгаагийн бас нэгэн илрэл" гэж дүгнэжээ. Иорданы хөндийд байрладаг Иерихо хот зүүн талаараа Иордан гол, баруун талаараа Иерусалимаар хүрээлэгдэн оршдог. 2010 онд тус хотыг шинэ чулуун зэвсгийн үеэс хойших дэлхийн хамгийн эртний хэрэм бүхий хот хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.  
 
 
Д.ОдонЭх сурвалж: "Монцамэ"  агентлаг
скачать dle 12.0

Санал болгох