Фүкүшимагийн цэвэршүүлсэн усыг далайд асгах ажиллагааны эхний хэсэг өндөрлөлөө
Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын реакторуудыг ослын үеэр хөргөхөд ашигласан усыг Номхон далайд асгах ажиллагааны эхний үе шат өчигдөр буюу Даваа гарагт өндөрлөжээ.
Энэ шатанд цацраг идэвхт бодисыг нь шүүж цэвэрлэсэн 7,800 тонн усыг асгасан тухай Tokyo Electric Power (TEPCO) компани мэдээлсэн байна.
Асгасан хэсгийн далайн усны дээжийг шинжлэхэд ямар нэг хэвийн биш зүйл илрээгүйг бас мэдээлжээ.
Хоёр дахь үе шат аравдугаар сарын эхээр эхлэх юм байна.
Япон улсын засгийн газар Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад хадгалагдаж буй нэг сая гаруй тонн усыг цэвэршүүлсний дараа далайд асгах ажлыг наймдугаар сарын 24-нд эхлүүлсэн юм.
Цэвэршүүлсэн усан дахь цацраг идэвхийн хэмжээ олон улсын стандартад нийцэж буйг НҮБ-ын дэргэдэх Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг баталсан ч Хятад, Өмнөд Солонгос зэрэг хөрш улсууд үүнд эргэлзэж байгаа.
Хятад улс усыг далайд асгаж эхэлсэн өдөр Японы далайн гаралтай хүнсний импортыг бүрэн зогсоосон юм. Өмнөд Солонгосын засгийн газар усны аюулгүй байдалд эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн ч иргэдийн зарим хэсэг нь эсэргүүцэж байв.
Өнгөрсөн хугацаанд усыг асгаж буй далайн хэсэгт өдөр бүр шинжилгээ явуулж, цацраг идэвхийн хэмжээг нь шалгаж байснаа TEPCO мэдээлсэн байна.
Тухайлбал наймдугаар сарын 31-ний өдөр авсан шинжилгээгээр далайн усан дахь тритиум (устөрөгчийн изотоп) цацраг идэвхт бодисын түвшин литр тутамд 10 беккерель байсан нь Японы ундны усны стандарт болох 60,000 беккерель, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ундны усны стандарт 10,000 беккерелиэс хамаагүй бага болохыг мэдээлжээ.
TEPCO компани реакторын хөргөлтөд ашигласан усыг Advanced Liquid Processing System хэмээх технологи ашиглан цэвэршүүлж байгаа юм.
Үүний үр дүнд тритиумээс бусад бүх цацраг идэвхт бодис шүүгддэг юм байна. Шүүхэд хэцүү тритиум хэмээх бодис бүрэн арилдаггүй ч хэмжээ нь аюулгүй байдлын стандартыг хангаж байгаа гэж Японы тал үздэг.
Цэвэршүүлсэн усыг асгахаасаа өмнө станцаас эрэг хүртэл нэг километр үргэлжилсэн газар доорх хоолойд далайн устай урьдчилан хольж, шингэлдэг юм байна.
Ирэх оны гуравдугаар сарыг дуустал дөрвөн үе шатаар 31,200 тонн усыг далайд асгахаар төлөвлөжээ.
Энэ нь Фүкүшимагийн нөөцийн саванд хуримтлагдсан нийт усны дөнгөж 2 орчим хувь юм. Цэвэршүүлсэн усыг далайд асгах ажиллагаа 2030 он хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Yomiuri