Колумби байгаль хамгаалагчдад хамгийн аюултай орон болжээ

🕔 2023/09/13 05:06

ЛОНДОН. /BBC/. 
Өнгөрсөн онд дэлхий даяар байгаль орчныг хамгаалагч 177 идэвхтэн бусдын гарт амиа алдсан тухай “Global Witness” төрийн бус байгууллагын тайланд мэдээлжээ. Тэдний 60 нь Колумбид амиа алдсан нь тус улсыг байгаль орчныг хамгаалагчдын хувьд хамгийн аюултай улс болгож байна. 
 
“Global Witness”-ийн мэдээлснээр, аллагад буруутай этгээдүүдийн маш цөөхөн хувь нь шүүхэд дуудагддаг бөгөөд тэдэнд шийтгэл хүлээлгэхгүй байгаа нь хүчирхийллийг улам өдөөж байна гэж тус байгууллага үзэж байна. 2022 онд Колумбийн байгаль орчныг хамгаалагчдын амь насанд халдсан хэргийн тоо ойролцоогоор хоёр дахин нэмэгджээ.
 
 
Байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдэд халдсан тухай мэдээллийг 2012 оноос бүртгэж эхэлснээс хойш Колумбид амиа алдсан хүмүүсийн нийт тоо 382-т хүрсэн байна. Энэ тоог дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад мөн л хамгийн өндөрт тооцогдож байгаа бөгөөд Латин Америкийн бусад орнуудад ч мөн ийм байдал ажиглагджээ. 2022 онд Бразилд 34 идэвхтэн, Мексикт 31 идэвхтэн, Хондураст 11 идэвхтэн амиа алджээ.
 
 
Түүнчлэн Амазоны бүсэд 39 хүн амиа алдсаны ихэнх нь уугуул иргэд байсан байна. Тайланд дурдсанаар, уугуул иргэд алт олборлох, мод бэлтгэх зэрэг үйл ажиллагаатай холбоотой олон аюул заналхийлэлтэй нүүр тулгардаг байна. Түүнчлэн Их Британи, Европын Холбоо, АНУ-д төвтэй хэд хэдэн компани хүний эрхийн зөрчлийн асуудалд нэр холбогджээ. 
 
 
“Уугуул иргэд бол ой модыг хамгийн сайн хамгаалагчид бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг нь судалгаагаар дахин дахин нотлогдож байна. Гэсэн хэдий ч Бразил, Перу, Венесуэл зэрэг орнуудад тэд дарамт шахалтад өртсөөр байна. Уугуул иргэд халдлагад өртсөн тухай мэдээлэл бидэнд өдөр бүр ирдэг” гэж “Global Witness” байгууллагын ахлах зөвлөх Лаура Фуронес ярилаа. Латин Америкийн орнуудаас гадна Филиппинд байгаль хамгаалагч 11 идэвхтэн амиа алджээ. Олон улс оронд бие даасан хяналт байхгүй, мөн чөлөөт хэвлэлийг хязгаарладаг байдал нь ийм хэргүүдийн талаар дутуу мэдээлэхэд хүргэж, улмаар амиа алдсан хүмүүсийн бодит тоо тодорхойгүй хэвээр байгааг “Global Witness” тайландаа дурджээ. Иймд дэлхийн улс орнуудын засгийн газруудад энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг уриалсан байна. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох