Б.Чимид: Мод ургуулна гэдэг газар руу хөрөнгө, хөлс, сэтгэл гурвыг хийнэ гэсэн үг
Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор Б.Чимидийг “Өглөөний зочин”-оор урилаа.
-Та “Тэрбумаар тоологдох мод Монголд ургуулахын учир” номоо дөнгөж хэвлэлтээс аваад байгаа юм байна. Таны хувьд энэ салбарт мэргэжлийн хүн. Тэгвэл Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс тэрбум мод тарихаа амласан. Бид энэ амлалтыг биелүүлж чадах болов уу гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Тэрбум мод гэдэг том тоо. Нэг үгээр хэлбэл, мянган саяыг тэрбум гэж байгаа юм. Тэгэхээр сая мод бүхий мянган мод үржүүлгийн газар байж үүнийг хэрэгжүүлж чадна. Гэхдээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн гээд бүх нийтийн хөдөлгөөн өрнөж байна. Үүнд Монголын бүх хүн оролцох ёстой. Зарим хүн өөрт нь хамаагүй юм шиг, оролцохгүй, тэр байтугай Ерөнхийлөгчийг хүртэл шүүмжилж байна. Тийм юм байж болохгүй. Нэгдүгээрт, мод тарих, орчноо сайхан болгох, цөлжилт, дулаарлын эсрэг, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцдэггүй, дэмждэггүй, санаа зовдоггүй хүн өнөөдөр Монголд ч байх ёсгүй, дэлхийд ч ер ийм хүн байхгүй байх. Сая манай улсад айлчлаад буцсан Ромын Пап хүртэл эх байгаль дэлхийгээ хайрлах тухай ярилаа шүү дээ. Тэгэхээр бид мод тарихаас хол хөндий байж болохгүй. Хүн өөрөө байгаль дэлхийн хамгийн том бохирдуулагч. Тухайн хүн би тэгдэггүй, бохирдуулдаггүй гэж бодож болно. Гэтэл үгүй юм. Хүн амьсгалдаг, нүүрсхүчил ялгаруулаад агаарт байгаа хүчилтөрөгчийг авдаг. Унгадаг, тэр бол хүхэрхүчлийн хий. Мал, амьтан бүгд унгадаг, амьсгалдаг. Энэ бол хүлэмжийн хий гаргаж байна гэсэн үг. Хүн ахуйгаараа бусад олон бохирдлыг үүсгэдэг. Тиймээс би цэвэрхэн гэж цэмцгэр хандаж ерөөсөө болохгүй. Тиймээс хүн бүр хүчин зүтгэж, тусалж дор бүрдээ мод тарих ёстой. Ингэж чадвал бид тэрбум мод тарьж ургуулж чадна.
-БОАЖЯ хэдэн жилийн өмнө “Нэг хүн-нэг мод” гэсэн санаачилгыг дэвшүүлж байсныг санаж байна. Энэ хэр бодитой дэмжлэг болох бол?
-“Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэдэг үгтэй. Ганц мод тарьдаггүй юм. Мод хамтдаа байж ургадаг юм шүү дээ. Тужийн нарс тужийн байж л ургасан болохоос удган мод шиг ганц мод тарьчихаад юм уу, адууны шон шиг ганц мод босгочихоод мод тарина гэдэг ойлголт байхгүй. Ер нь бол хүн насан туршдаа 18 мод тарьсан байвал насан туршийнхаа амьсгалах агаарыг үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр адаглаад 18 мод тарих тухай ярих хэрэгтэй. Тэгэхээр бодлогын яам “Нэг мод” гэсэн зорилт дэвшүүлэх бол хамгийн хариуцлагагүй зүйл. Мод олуулаа байж, хамтдаа ургадаг. Мод тарьдаг, арчилж ургуулдаг хүмүүс үүнийг хэлнэ. Бид энд тэнд ганц мод тариад хаячихсан юм байхгүй. Мод тарих хөдөлгөөн цаанаа ийм углуургатай, ач холбогдол нь өргөн цар хүрээг хамардаг учраас энэ хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс зарласан. Энэ бол шууд зарлаж байгаа юм л даа, амлалт биш. Нэгдүгээрт, Монгол бол эх газрын уур амьсгалтай орон, өнөөдөр цөлжилтийн байдал 76 хувьд хүрчихсэн байгаа. Эх газрын орон ийм болчихсон байхад өөр бусад орнууд яах болж байна вэ. Хоёрдугаарт, Монголын ой бол мөнх цэвдэг дээр ургадаг, их эмзэг ойд тооцогддог. Мөнх цэвдэг байгаа цагт ой мод ургаж байдаг Их Чингисийн үед урсаж байсан Онон, Хэрлэн өнөөдөр урсаж л байна., Энэ бол мөнх цэвдэг хайлж урсаж байгаа шүү дээ. Тэгэхээр ойн хувь заяа аюулын ирмэг дээр байгаа биз. Гуравдугаарт, эх газраар авч үзвэл Сибирийн урд талын ойг Монголын ой гэж үздэг. Богд уулаас урагшаа шилмүүст нарс, гацуур, шинэс байхгүй. Ийм эмзэг газартай, ийм ойн бүтэцтэй гэдгийг дуулгаад, хамгийн чухал нь Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс тэдэнд хандаж үг хэлсэн нь хөрөнгө оруулалт монголд шаардлагатай гэж харагдаж байгаа юм, цаад санаа нь. Дэлхийн эх газарт байрлаж байгаа Монгол ийм байхад бусад орнууд санаа зовноо доо.
-Бусад орнууд манайд ер нь хэрхэн хандаж байна даа?
-Жишээ нь, Солонгос улс манай оронд Ногоон хэрэм байгуулаад их олон жил болж байна. Нэг арваныг дуусгаад одоо хоёр дахь 10 жилдээ орж байна. Монголын шар шороон шуурга Солонгосын хойг, Япон тэнгис, Хятадын мужуудаар оччихсон байгаа шүү дээ. Тэд Монголын шар шороон шуурга гэдгийг аль эрт мэдчихсэн, сансрын зургаас харчихсан, судалчихсан байгаа учраас айж байгаа. Монголын шар шороон шуурга, говийн улаан түйрэн, угалз, хүчтэй салхи чинь бүгд урсаад тэнгэрт гарчихна. Бусад орнуудад нөлөөлнө. Энэ бүхнийг үндэслээд ингэж цөлжсөн, ийм байдалд хүрсэн орны хувьд манай улсын санаачилга маш чухал. Ерөнхийлөгч хэлэн юмаа олж ядсандаа хэлчихсэн юм биш шүү дээ. Энэ бол дэлхий нийтийн ач холбогдолтой том асуудал. Сайд дарга, баян тарган ч бай, гуйлгачин ядуу нь ч бай бүгд агаараар амьсгалдаг. Алтан наран адилхан ивээж цацраг нь сайд дээр ч тусна, саар дээр ч, сайран дээр ч тусна. Үүн шиг ойжуулах, цэцэрлэгжүүлэх ажил бол дэлхий нийтийн хөдөлгөөн, иймээс Монгол хамрагдаж таарна. Тийм биз дээ, ач холбогдол нь тийм л юм.
-Тэгэхээр та сая нэг хүн насан туршдаа 18 мод тарих ёстой гэлээ. Үүнийгээ дэлгэрүүлж яриач?
-Улаанбаатар хот дахь 50 настай нэг шинэс модны экологийн үнэлгээ нь 197,0 сая төгрөг. Экологийн үнэлгээгээр нэг мод 200 сая төгрөгт хүрч байна шүү дээ. Тэр бол 50 жилд хэчнээн их хүчилтөрөгч ялгаруулж, агаар цэвэршүүлсэн бэ, ямар их дуу чимээг шингээсэн, дулааныг хамгаалсан, ус барьсан, чийгшил бий болгосон, сүүдэрлэсэн, нарны тусгалыг хаасан гэхчлэн бүх юмыг нарийн тооцоод үзэхэд экологийн үнэлгээ нь тийм байна. Тэгээд бодохоор мод тарих ямар чухал ач холбогдолтой нь ойлгомжтой байгаа биз дээ.
-Гэхдээ мод тарих үндэсний хөдөлгөөнөөр ач холбогдлыг нь ойлгож авч, нийгмийн ухамсар сэргэж байгаа болов уу, энд тэнд лекц уншиж соён гэгээрүүлж яваа хүний хувьд та юу гэж харж байна?
-Нэг үеэ бодвол мод тарина гэдгийг улс маань хөдөлгөөн болгоод өрнүүлчихлээ. Гэхдээ л зарим хүн шаардаж шахуулж, циркийн амьтан шиг ам руу нь юм хийж өгөхөөр хөдөлдөг шиг аашилж аяглаж байна. Ингэж болохгүй. Хүн болгон санаачилж, өөрийн хийх ёстой нэг хөдөлмөр, үлдээх ёстой гэрэл гэгээтэй үйлс гэж бодож хөдлөх ёстой. Заавал шагнал урамшуулал авч байж мод тарьдаг юм биш. Гэхдээ мод тарьсан хүнийг өндөр урамшуулах хэрэгтэй. Олон га газрыг ойжуулсан иргэд, ийм хүмүүсийг сайн урамшуулах ёстой. Жишээ нь, нэг модны экологийн үнэлгээ нь 197 сая төгрөг байхад га-д 2000, түүнээс ч их мод тарьж ургуулсан хүмүүс байна шүү дээ. Тийм өндөр үнэлгээтэй модыг 10-хан сая төгрөгөөр үнэлж болох уу. БОАЖЯ тийм үнэлгээ гаргасан юм гэнэ лээ, тэр учир дутагдалтай. Хүний хөдөлмөрийг зөв үнэлж урамшуулахгүйгээр модыг ургуулж, ашиглах амаргүй. Модыг үхүүлж сурч байж угуулж сурна. Яагаад үхэж үхсэнээс сургамж авна. Түүнээс биш газар руу хийсэн болгон ургаад байдаггүй.
-Тэр нь юу билээ?
-Мод чинь амьд учраас үхнэ шүү дээ. Цөөхөн мод үхлээ гээд сүйд болж хашгираад байх явдал байхгүй. Би уулзалт хийж, лекц уншихдаа зарим хүмүүст хэлж байгаа, та нар ганц нэг мод үхсэний төлөө битгий хашгираад бай. Та нар том эмнэлгүүдийг морг дээр очоод үз. Хэчнээн хүн бурхан болж орчлонгоос одож байна вэ. Тэд чинь хүн шүү дээ. Өөрийнхөө төлөө тэмцдэг, эрүүл байхын төлөө зүтгэдэг хүн үхээд байхад газар дээр, агаар салхинд, бороо, цасанд, хотын чих дөрөм дуу чимээнд, шороонд дарагдаад, та нарын амьсгалах агаарыг ялгаруулах гэж өөрийгөө золин өндийж тэмцэж ургаж байгаа мод үхэхгүй яах юм бэ. Ургах гэж тэмцэж байгаа зулзган модод яаж тэр их ачааллыг даах юм бэ. Тиймээс мод үхдэггүй юм шиг аашилж авирлахаа болих ёстой. Үхсэн модыг Чимид хамгаалж байна гэж хэлж болохгүй, энэ бол хийх ёстой л ажил. Мод амьд, тийм учраас үхэж байгаа юм.
-Дээр нь Улаанбаатарын гоёлд модыг их ашиглах юм?
-Мод, цэцэг, зүлэг, ногоон ургамал бол дэлхийг аврахаас гадна өдрөөс өдөрт, жилээс жилд томорч, цэцэглэж, ногоорч, гоё болж байдаг. Бусад юм байшингийн дээвэр, хана туурга, цоокол бүгд муудаж, өнгөө алдаж, ногоон байсан нь цагаан болж, сэмэрч хуучирч, засвар, сэлбэлт шаардаж байдаг биз дээ. Ганцхан мод л ургаж, навч нь дэлгэрч гоё болж байдаг. Модноос өөр ямар ч гоёл Улаанбаатарт байхгүй. Сая Пап ламын айлчлалын хүрээнд ирсэн хүмүүс Улаанбаатар ямар гоё хөгжсөн юм бэ гэж ярьж байхыг сонссон. Өндөр байшин хараад хөгжсөн гэж яриагүй нь лавтай. Өндөр байшин бол ходоодон доторх ургацаг л гэсэн үг. Түүнээс ч өндөр нь дэлхийд байгаа. Хамгийн гол зүйл манай хотын төв бүхэлдээ ногоорсон, бас цэвэрхэн хот. Хотоор хөндлөн гулд яваад үзэх юм бол Удаанбаатар маань бүхэлдээ ногоон хот. Хотын зүүн цэгээс баруун зах Таваншар хүртэл урт гудамж, ийм гоё ногоон байгууламжтай хот тийм ч элбэг биш. Нэг хүнд оногдох цэцэрлэгжсэн талбай хоёр дахин бага байгаа ч манайд Богд уулын, ногоон бүсийн, Сэлбэ, Туул голын, хашаа хороо, амины, сургуулийн гээд ав үзвэл нэг хүнд оногдох цэцэрлэгжсэн талбай бололцоотой. Одоо хотод байгуулж байгаа үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дөрвөан улирлын цэцэрлэг зэргийг бүрэн утгаар нь байгуулчихвал нэг хүнд 10 метрквадрат цэцэрлэгжсэн талбайтай болчихно. Харин тэнд хөрөнгө оруулж яаралтай барьж байгуулах хэрэгтэй. Дээр нь нэг зүйлийг хэлэхэд хүмүүс тэрбум модыг зөвхөн Улаанбаатарт л тарьчих юм шиг сэтгээд, яриад байдаг. Улаанбаатар хот, миний модыг авахгүй байна, би нийслэлд мод тарина гээд яриад байдаг. Улаанбаатарт сая мод ч багтахгүй шүү дээ, жилдээ.
-Тэгэхээр моджуулалтыг яаж хийх вэ. Хятадын хойд зах руу дөнгөж ороход л модгүй байсан уулаа хүртэл ойжуулж байгаа харагдах юм билээ?
-Болдог газар нь тарина шүү дээ, модоо. Монголын ой бол нийт нутаг дэвсгэрийн 7.9 хувийг эзэлдэг. Тэнд түймэрт шатсан, хортон шавьжид идэгдсэн, хулгайлагдсан гэх зэргээр нөхөн сэргээх шаардлага үүссэн байгаа. Тэнд нөхөн төлжүүлэлтийг хийх ёстой. Мөнх цэвдэг дээрх ойгоо мөхөөж ер болохгүй. Дараа нь Монголын асар их хээр, цөл нутаг байна, тэнд ойжуулалт хийх хэрэгтэй. Дорнодоос эхлээд Ховд хүртэл урд талын бүх нутаг, говь, цөл, тал хээр өргөн уудам газар эзэнгүй байна. Зундаа ч ногоорохгүй байна. Мал тогтохгүй байна. Монголын ой эмзэг учраас хамгаалах, ургуулахад хөрөнгө их зарах учиртай. Яагаад гэвэл ой модыг тарьж ургуулъя гэж байгаа бол газар руу хөрөнгө хийнэ, хөлс хийнэ, сэтгэл хийнэ. Энэ гурвыг хамтад нь хийж байж ой ургана. Тэгэхээр хамгаалалтгүйгээр мод тарих ямар ч аргагүй. Зуд болоход бие биеийнхээ үс ноосыг идэж байгаа мал тэнд байгаа модыг шууд идчихнэ. Монголын говь дахь заган ойг л хар. Манай улсын ойн талбайн 23 хувийг эзэлдэг заган ой, эрт дээр үед тэмээн сүрэг дотор нь ороод харагдахгүй болдог байсан гэж ярьцгаадаг юм билээ. Одоо тийшээ орсон ямаа ч тоологдохоор сийрэг болсон. Ийм байхад ой гэж хэлэх аргагүй. Тиймээс заган ойгоо нөхөн сэргээх хэрэгтэй байна. Хашаа хамгаалалт хийж, мал идчихгүй болгох шаардлагатай. Худаг ус гаргахаас эхлээд хөрөнгө зарцуулах хэрэгтэй. Говьд мөн хайлаас их ургадаг. Говь, цөл, тал хээрт гойд сайхан ургаж байна, Монголын хайлаас. Миний номд “Хажуу газар ургадаг нь Хайлаас модны жам юм аа” гэж нийтлэл байгаа. Түүн шиг агуу мод байхгүй гэдгийг тэнд бичсэн. Хайлаас бол 150 насална, 15 метр өндөр ургана. Одоо бид гудамжинд дэлийг нь зассан юм шиг хэлбэржүүлээд тайраад байгаа тэр мод чинь Хайлаас шүү дээ, тэр тусмаа Хятад байлаас 90 хувь нь байгаа. Гадаадаас мод, суулгац материал, үр, үрслүүрийн импортлоход гаалийн болоод нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг байсан ойн хуулийн заалттай үед орж ирсэн мод. Хайлаасыг Гүюг хааны үед тарьж байсныг Ромын элч үзсэн харснаа бичсэн түүхтэй. Чингис хаан хүртэл намайг хайлаас модны дор оршуулаарай гэж захиж байсан ч гэлцдэг. Эрт цагт хайлаасыг бурхан тахил, сүм хийдийн газруудад ихээр тарьж байсан уламжлалтай юм. Хайлаасны хялгас шиг ганц мөчир ч хөлдөхгүй, мөхөхгүй. Хойтон жил нь нахиалж л байна.
-Та “Жижиг модны том зовлон” гэж номондоо бичсэн байсан, яагаад тэгж бичих болов?
-Тэр номд гацуур, нарс л гэхэд үзүүрийн нахиа нь хугарвал дээшээ ургахгүй байгаа талаар бичсэн.
2016 оноос Улаанбаатар хотын ерөнхий менежерээр Т.Гантөмөрийг ажиллах байх үед би зөвлөж, ой, байгалиас таримал ойг сийрэгжүүлэх замаар авчирч нийтдээ 15 мянган мод тарьсан. Тэр модны 98 хувь нь амьдарч ургаж хотоо чимж байна. Нисэх, Яармагийн замд ургасан нарс тэр. Хотын төвөөр ч зөндөө. Гэтэл тухайн үед зарим хүн гурван жил болоод үхчихнээ, хайран мод гэж орилсон. Намайг чинь “модны хулгайч” гэж ярьж, бичиж, зарим нь шүүх цагдаад хүртэл өгсөн. Гэтэл холбогдох байгууллагаас нь шат дамжлагын дагуу явж зөвшөөрөл авч, зохих газраас нь авч, хуулийн дагуу хийсэн ажил байсан. Нэг хүний эсрэг юм уу, ажил хийж буй хүнийг адлах явдал манайд их гардаг. Ойгоос мод авах гэдгийг зүгээр хулгаа, миний мод авахгүй байж, ойгоос аваад байна гэснээс л сэдэлтэй ажил шүү дээ. Жишээ нь талхны үйлдвэрийн талхыг Хотын захиргаа худалдаж авдаггүй юм. Ард иргэд л авдаг түүн шиг бүхний тарьсан модыг хот авна гэж юу байхав. Стандартын модоо л авна шүү дээ. Бас нэг нэмж хэлэхэд ойг сийрүүлэхээс гадна уурхай, өндөр хүчдэл, түймрийн халз, хилийн зурвас, авто болоод төмөр зам, уурхай гээд зайлшгүй огтолж хаях ёстой маш их эх сурвалж байна. түүнийг яагаад бохирдолтой Улаанбаатарт авч ирээд 98 хувь ургуулж болохгүй гэж. Би мэргэжлийн хүн шүү дээ. Шударга хүн хамгийн их адлагдаж, шулуун мод хамгийн түрүүн таслагддаг жамтай юм даа.
-Та ер нь энэ салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ, энэ чиглэлээр насаараа зүтгэж байгаа хүний нэг биз дээ?
-Би Улаанбаатар хотод энэ чиглэлээр 40-өөд жил ажилласан. Нийслэлийн 12 Засаг даргатай хамтран ажилласан. 10 ерөнхий менежертэй хамт ажилласан. Би мэргэжилтэн хүн, түүнээс дарга биш. Хэрэв ямар нэг юмны дарга байсан бол нам, улс төрийн хүмүүс нь албан тушаал булаацалдаад халаад, солиод авна. Нэг засаг гараад өөрчилнө, өөр нэг хүн тавина. Тийм л араншинтай явж ирсэн юм чинь, манай засаг төрийнхөн. Би сүрхийдээ биш мэргэжилдээ хайртай, мэргэшсэн мэргэжилтэн, судалгаа хийдэг эрдэмтэн, энэ чиглэлээр насаараа зүтгэсэн ойн аж ахуйн инженер хүний хувьд одоо ч мод тарих ажилд шамдаж явна. Өтөл хөгшин байтугай, өсөж байгаа жаахан хүүхдүүдээ ч бид мод тарих ажилд оролцуулах ёстой. Орчлонг бохирдуулдаггүй хүн гэж нэг ч байхгүйг би дээр хэлсэн. Тэрийгээ л ойлгох ёстой. Өнөөдөр хүмүүсийн экологийн боловсрол муу байна. Хэчнээн өндөр албан тушаалд очсон, хэчнээн мундаг баян тарган болсон ч гэсэн, хэчнээн хөрөнгөтэй болсон ч гэлээ байгаль, экологидоо хөрөнгө зарж, мод тарих ажлыг дэмжиж яваа хүн хэр олон байгаа юм бэ. Нөгөөтэйгүүр, мойл тарахаар монос их ургана, самар тарвал хуш мод ургана шүү дээ.
-Үр гэдэг зүйл маш чухал зүйл гэж та хэлж байна уу?
-Үр маш чухал. Үүнийг хүмүүс ойлгодоггүй. Гэтэл хачгийн талын чинээ үрнээс тэвэрт багтахгүй 20 метр өндөр шинэс мод ургаж байна. ямар их нарийн генетикийг тэнд хадгалж чадаж байна вэ. Өнөөдөр дэлхийн бүх хүний долоовор хурууны хээг судлахад бүгд өөр гарч байна шүү дээ. Хүн мундаг ч нэг навч бүтээж, хийж чадахгүй. Навч гэдэг ямар нарийн эд эстэй, генетиктэй байна вэ.
Энэ цаг үед, мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, тэрбум мод тарих ажлыг зарим нөхдүүд өмчлөх хийгээд, зарим нь өөрсдийн юмыг далимдуулж хийх, мөнгө олох арга мэт ойлгоод, бизнес гэж хараад байх юм. Миний хувьд би ганц хүнд ч хамаагүй очиж лекц уншаад явж байгаа. 10 гаруй аймагт очиж лекцээ уншлаа. Хүүхдүүдээр мод тариулаад явж байна. Хэн ч надад нэг төгрөг өгөхгүй. Ирэх жил хайлаасан төглийг бүх сургуульд бий болгоно гэж ярьж байгаа.
-Ямар арга замаар сургуулийн орчныг ногооруулах юм бэ?
-Сургуулийн дэргэдэх 30-хан м/кв газарт мод үрээр тариад байхад хэчнээн зуун хайлаасан төгөл үүснэ. Тэр сургуульд биологийн багш гэж байна, төгсөх ангийн насанд хүрэх гэж яваа сайхан залуус байна. яагаад мод тарьж болохгүй гэж. Миний үеийнхэн, дараагийн үеийнхэн хөдөлмөр зусланд явж, охид үнээ сааж, хөвгүүд малын хашаа хороо барьж, худаг ус гаргаж явлаа. Одоо хүүхэд юу ч хийж болохгүй, утсаа илээд буйдан дээр хэвтэж байг. Утсаараа тоглоод сууж бай. Ширээн дээр суугаад компьютер ухаад байж бай. Ажил хийж болохгүй, та нар хүүхдийг заржболохгүй, захирч болохгүй, зандарч болохгүй гээд байх юм. Хүнийг хүн хийнэ гэдэг эрхлүүлэхийн нэр огт биш шүү.
-Таны ярианаас ахмад хүний үг үнэртэж байна. Одоо хүнд үг хэлдэг, зөвлөдөг ахмад ч алга болчоод байх шиг?
-Хойч үеэ хүмүүжүүлэх нь бидний үүргэг. Уриалан дуудах нь ч бас үүрэг. Бэртэгчингүүд л шүүмжлээд хэвтэж байдаг, надад ер хамаагүй гэсэн шинжтэй өөрөөсөө зайлуулаад суудаг. Ер нь ард иргэдээ мод тарих аргад сургах, экологийн боловсролтой болгох нь Боловролын яам, Соёлын яам, Байгаль орчны яам, тэгээд бүх төрийн байгууллагын үүрэг шүү дээ. Шат шатандаа ажлаа хийхгүй болохоор самар тарихаар хуш мод ургадгийг, мойл тарихаар Монос мод ургадгийг мэддэггүй бүхэл бүтэн үетэй болчоод байгаам.
-Сүүлийн асуултад та хоёрхон жижиг зүйлд хариулт өгөөч. Нэг нь улиас мод. Цагаан хөвөн хаядаг гээд л зэвүүцэх нь элбэг. Гэтэл та өмөөрөөд байдаг. Та бүр номондоо “Өмдгүй байж өвдөг цоорхойтыг шоолох буюу Улиасыг өмөөрөхүй” гэж бичсэн байсан. Нөгөө нь оршуулгын газрыг ойжуулах яагаад чухал вэ гэдэг талаар юу хэлэх бол?
-Нэг нөхөр сошиалд хотыг улиасаар дүүргэсэн хүн чи гээд бичсэн байсан. “Өнөөдөр” сонин дээр “Хотын ерөнхий дендрологичийн ивээлд байдаг улиаснууд даварчээ” гэж бас бичсэн. Тэгж л байдаг юм. Сохор хүн чимээнээр, соотон халтар дүйвээнээр гэж нэг үг байдаг. Мэдэхгүй байж их мэдэмхийрэх нөхөд байдаг Би чинь мэргэжлийн хүн шүү дээ. Тэр улиаснаас унаж байгаа унгирал бол эм улиас үрээ л хаясан. Өөрөөр хэлбэл үр. Үр гэдэг ариун юм. Харин унгирал хаядаггүй эр улиас 2.7 хувийн харшил өгөх магадлалтай гэж судлаад тогтоосон нь бий. Тэгээд би хааяа ундууцахаараа “Хүү төрөөд аавдаа харшил өгсөн бил үү, үр гэдэг ариун юм” гэж хошигнодог. Тухайн үед хотод улиас элбэг байсан. Ногоон модны 70 хувь нь улиас байсан. Одоо шилмүүст модоор бараг тэтгэгдэж хот ногоорчээ.
Дараачийн асуулт маш чухал сэдвийг хөнджээ. Өнөөдөр Улаанбаатар хотыг тойрсон 20-оод оршуулгын газар, 2000 га талбайг эзэлж байна. Нэг булшнаас 20 орчим хорт хий бүрэн задартлаа 30-40 жил ялгардаг гэж эрдэмтэд тогтоожээ. Боомын завханцар 30 жил, тарваган тахлын нян 40 жил хөрсөнд байж орчноо хордуулж байдаг тухай судалгаа бий. Гэтэл Даландавхарыг цэцэрлэгт хүрээлэн болгоно гээд ажил явагдаж байна. Ийм орчинд үр хүүхдээ хөтлөөд, эсвэл янаг амрагтайгаа хөтлөлцөөд зугаална гэж байх уу. Зүгээр л битүү ногоон ой болох ёстой. Модноос питанцит гэж 2-3 секунтэд нянг устгадаг бодис ялгардаг. Тэр бодис л тэр хорт хийг устгаж байх ёстой юсм биш. Надад монголын бүх оршуулгын газрын кадастрын зураг байна. Нийслэл, аймаг, сум бүгд 2-3 талдаа ламын заасан сайн зүгт талийгааячид минь нойрсон байна. Жинхэнэ тэрбум модны хүрээнд хийх ажил бол энэ. Би нэг загварын төсөл хийсэн. Бас л сонирхож байгаа нэг ч Засаг дарга алга. Тэгээд бодохоор ажил хийх гэж төрд гарсан уу, яах гэж байгаа юм бэ гэж л асуумаар санагдаад байх юм. За, ингээд үг олдож үхэр холдох нь. Ахад нь сэтгэлээ нээгээд ярих юм маш их байна. Цаг зав, цаас болоод сонины зай талбай хэмжээтэй хойно яах билээ. Түр баяртай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН