Уур амьсгалын зууч: Абу Даби дулаарлын эсрэг тэмцэлд хувь нэмэр оруулна
НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлыг /СОР28/ зохион байгуулахаар бэлдэж буй Арабын Нэгдсэн Эмирт Улс эрчим хүчний шилжилтийн төлөвлөгөөг түүхий эд экспортлогчид болон эрчим хүчний шинэчлэл хийх санхүүгийн нөөц боломж муу хөгжиж буй орнуудад илүү таатай нөхцөлтэйгөөр боловсруулахыг эрмэлзэж байна.
Тиймээс ирэх арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 12-ны хооронд болох бага хуралд дэлхийн олон улс орон ихээхэн найдвар тавьж байна. СОР28 бага хурал уур амьсгалын өөрчлөлтийн тухай 2015 оны Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн үр дүнг эргэн харж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах шинэ арга хэмжээг танилцуулахаараа өмнөх бага хурлуудаас ялгаатай.
АНЭУ эл зорилгод хүрэх шинэ арга замыг сонгохыг эрмэлзэж байна. Тус улс жилд 2.5-3.5 сая баррель газрын тос олборлодог тул нүүрсустөрөгчийн хэрэглээг богино хугацаанд бууруулахад чиглэсэн өрнөдийн орнуудын төлөвлөгөө Эмирт Улсын эдийн засагт хохиролтой юм. Тэр тусмаа Абу Даби олборлолтоо нэмэгдүүлж буй үед энэ санаачилга ашиггүй. Тус улсын үндэсний “ADNOC” компани 2030 он гэхэд жилд олборлох газрын тосны хэмжээгээ таван сая баррель хүргэнэ гэж аль 2016 онд зарлаж байв. Сүүлд энэ хугацааг 2027 он болгон наашлуулсан билээ. Энэ хүрээнд тус улс дахь цооногийн тоо жил ирэх тусам огцом нэмэгдэж, гаднын компаниуд судлагдаагүй бүс нутгуудад хайгуул хийх эрх аваад байна.
Газрын тосны эрэлт удахгүй буурахыг ойлгосон АНЭУ шинэ ордуудад олборлолтоо шуурхай эхлүүлээд байна.
Дэлхийн дахин хуваарилалт
СОР28 ялангуяа газрын тос экспортлогч орнуудад туйлын чухал арга хэмжээ болно. Абу Даби бага хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтыг өөрт ашигтайгаар гаргах сонирхолтой байна. Эмирт Улс хоёр асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь нэгт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах санаачилга, эдийн засгийн өсөлт хоёрын хоорондын тэнцвэрийг олох, хоёрт хөгжиж буй орнуудад эрчим хүчний шилжилтийг санхүүжүүлэх асуудал юм. АНЭУ гол нь хөгжингүй орнуудын эрчим хүчний шилжилтийн технологид зориулсан зардлыг нэмэгдүүлэх, нүүрсустөрөгчөөс эрт татгалзахаас сэргийлэхийг зорьж байна.
СОР28 бага хурлын дарга Султан Аль-Жаберын ярьснаар шинэ эрчим хүчний систем бий болгохоос нааш одоо ашиглаж байгаа системээс татгалзах боломжгүй.
АНЭУ дэлхийн дулаарлын үр дагаврыг бууруулахад чиглэсэн технологийг чухалчлахыг санал болгож байна. Тухайлбал, нүүрстөрөгчийг шингээгч технологийг нэвтрүүлэх, нүүрсустөрөгчийн түүхий эдээр ажилладаг цахилгаан станцаас ялгарах хийг бууруулахыг санал болгож байна.
Тус улсад газрын тос ДНБ-ий 30 орчим хувийг бүрдүүлсэн хэвээр байна. Тиймээс Глазго хотноо болсон СОР26 бага хурлын үеэр өрнөдийн орнуудын зүгээс дэвшүүлсэн зорилгууд тус улсын эдийн засагт төдийгүй, аюулгүй байдалд нь хохирол учруулах эрсдэлтэй. Глазгогийн Уур амьсгалын гэрээнд анх удаа олборлодог түлшинд зориулсан үр дүнгүй татаасыг үе шаттайгаар бууруулахыг уриалсан билээ.
Тийм ч учраас бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг Абу Дабигийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого хариуцсан албан тушаалтнууд хариуцан ажиллаж байна. СОР28 бага хурлын гол зохион байгуулагчаар Абу Дабигийн эмир бөгөөд АНУЭ-ын Ерөнхийлөгч Мохаммед бин Зайдын ойрын хүн болох Султан Аль-Жабер ажиллаж байна. Тэрбээр мөн АНЭУ-ын Аж үйлдвэр, дэвшилтэт технологийн сайдын албан тушаалыг хашихаас гадна Абу Дабигийн газрын тосны үндэсний “ADNOC” компанийг тэргүүлдэг. Түүнийг бага хурлын даргаар томилсон нь өрнөдийнхний зүгээс шүүмжлэл дагуулсан. Газрын тос, байгалийн хийн компанийн захирал дэлхийн дулааралтай хэрхэн тэмцэх вэ?
Түүний оронд СОР28 бага хурлын даргаар АНЭУ-ын уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сайд Марям Аль-Мухейри илүү сонголт байх байв. Гэвч тэр Дубайн гэр бүлээс гаралтай.
Үүнтэй зэрэгцэн Абу Даби нь эрчим хүчний шинэ эх үүсвэрийн хөгжлөөр тэргүүлж байгаа. Үндэсний “Mubadala” хөрөнгө оруулалтын сан, “Masdar” компани зэрэг компаниудаар дамжуулан Эмирт Улс 70 улсын сэргээгдэх эрчим хүчний төсөлд зориулан нийт 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. Эдгээр орнуудын 40 нь хөгжиж буй орнууд. Тиймээс АНЭУ ирэх бага хурлаар хөгжиж буй орнуудад гол найдвар тавьж байна.
“Бид 800 сая хүн гэрэл цахилгаанаар хангагдаагүй дэлхийн өмнөд хэсгийн нөөц боломжийг өргөжүүлэх ёстой. Бид эрчим хүчний ядуурлыг устгах ёстой” гэж Султан Аль-Жабер Энэтхэгийн эрчим хүчний долоо хоногийн үеэр мэдэгдэж байв. Түүний хэлснээр, АНЭУ нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амбицтай зорилго дэвшүүлсэн хөгжингүй орнууд болон элийн засгийн өсөлтийн асуудлаа тэргүүн зэрэгт тавьсан хөгжиж буй орнууд хооронд нэг ёсны гүүр, зуучлагч болохыг хүсэж байна. Үүнээс өмнө Аль-Жабер ядуу буурай орнуудын эрчим хүчний шилжилтэд зориулсан санхүүжилтийн хэмжээг тэрбумаас их наяд болгож нэмэгдүүлэхийг уриалж байв.
СОР28 бага хурлын үеэр Абу Даби уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хөгжиж буй орнуудад учирч буй хохиролд нөхөн төлбөр олгох зорилго бүхий сан байгуулах тухай яриа хэлэлцээг эцэслэхээр төлөвлөж байна. Тус сангийн үзэл санааг Шарм Эль-Шейх хотноо болсон СОР27 бага хурлын үеэр танилцуулж байв. Тухайн үед улс орнууд сан байгуулах, санхүүжилтийг хандиваар бүрдүүлэх тухай зарчмын тохиролцоонд хүрсэн ч нарийн асуудлуудыг ирэх бага хурлаар шийдэх ёстой.
Эмирт Улс хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах стратегиа тууштай баримталж буйг онцлох учиртай. Өнгөрсөн гуравдугаар сард болсон Олон улсын далайн байгууллагын уулзалт дээр АНЭУ Хятад, Энэтхэг, Бразилын хамтаар 2050 он гэхэд далайн тээврийн хэрэгслүүдийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн үзүүлэлтүүдийг өндөрсгөх, дунд хугацааны зорилгыг 2030 болон 2040 гэж тогтоохыг эсэргүүцсэн.
АНЭУ ирэх бага хурал дээр Энэтхэг, Хятад, Арабын орнуудад ихээхэн найдвар тавьж байна. Тэднийг хамгаалахад чиглэсэн байр суурийг баримтлахдаа Эмирт Улс мөн өрнөдийн улс төрийн дэмжлэгийг ч авахыг эрмэлзэж байна. Энэ хүрээнд Абу Даби 2022 оны арваннэгдүгээр сард Вашингтонтой цэвэр эрчим хүчид шилжих шилжилтийг түргэсгэх түншлэлийн хөтөлбөрийг /РАСЕ/ хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн. Хөтөлбөрийн хүрээнд АНУ, АНЭУ болон хэд хэдэн хөгжиж буй орнуудын эрчим хүчний төсөлд нийт 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 100 ГВт цэвэр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай дэд бүтэц байгуулах юм. РАСЕ хөтөлбөр эхний үр дүнгээ өгч эхэлсэн. Түншлэлийн хүрээнд наймдугаар сарын 1-нд “ADNOC” компани АНУ-ын “Occidental Petroleum” компанитай гэрээ байгуулсан. Үүний сацуу АНЭУ, Франц болон Энэтхэг улсууд нарны болон цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гурван талт платформыг бий болгоод байна. Энэ хүрээнд Францын компаниуд өөрийн технологи болон АНЭУ-ын санхүүгийн эх үүсвэрийг ашиглан Энэтхэгт цэвэр эрчим хүчний эх үүсвэр барих боломжтой болжээ.
Ногоон цөл
Түүнчлэн АНЭУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогод илүү их хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ харуулахыг хичээж байна. Өнгөрсөн долоодугаар сард тус улс үндэсний эрчим хүчний стратегиа шинэчилж, илүү амбицтай зорилтуудыг дэвшүүлсэн. Тухайлбал, 2031 он гэхэд тус улсад үйлдвэрлэгдэж буй эрчим хүчний 30 хувийг цэвэр эрчим хүч эзэлнэ.
Саяхан АНЭУ-ын газрын тосны 90 хувийг олборлодог Абу Даби эмират өөрийн гэсэн стратегиа мөн баталсан. Тус стратегийн дагуу, 2027 он гэхэд CO2 ялгарлын хэмжээг 135 саяас 105 сая тн болгож бууруулахаар зорьж байна.
АНЭУ үүнээс ч өмнө цэвэр эрчим хүчний салбарт томоохон зорилтуудыг дэвшүүлж байсан. 2006 онд Абу Даби орчим анхны нүүрстөрөгчгүй Масдар хотыг барьж эхэлсэн. Төлөвлөгөө ёсоор тус хотыг эрчим хүчний хэрэглээгээ өөрөө хангах ёстой байв. Гэвч 2016 он гэхэд хотын орон сууцны дүүргүүдийн таван хувийг барьж дуусгасан ч нарны эрчим хүчээр хэрэглээг бүрэн хангаж чадаагүй тул хотын энгийн цахилгаан дамжуулах сүлжээнд холбосон.
СОР28 бага хурлыг Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн /IRENA/ төв байр нээгдэж байсан Масдар хотод зохион байгуулах боломжтой гэж үзэж байсан. Харамсалтай нь энэ хот хий үзэгдэл хотыг санагдуулна. Энд одоогоор зөвхөн IRENA агентлагийн ажилтнууд, орон нутгийн их сургуулийн оюутнууд л амьдарч байна.