“Фүкүшима-1” АЦС-ын усыг далай руу асгаж эхэллээ

🕔 2023/08/25 05:17

Японы мэргэжилтнүүд “Фүкүшима-1” атомын цахилгаан станц дээр хуримтлагдаад буй цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг далай руу асгаж эхэлсэн тухай эрчим хүчний “Tokyo Electric Power (TEPCO)” компани мэдээлжээ.
Цэвэршүүлсэн усыг эргээс нэг км зайнаас тусгайлан байгуулсан хоолойгоор асгаж байна. Ингэхдээ хоногт 460 тн усыг далай руу цутгах аж. Төлөвлөгөө ёсоор, эхний үе шатанд 17 хоногийн турш нийт 7.8 мянган тонн цэвэршүүлсэн усыг далай руу асгана. 2023 оны санхүүгийн жилд атомын цахилгаан станцаас нийт 31.2 мянган тонн усыг далай руу асгахаар төлөвлөжээ.
Үүнтэй холбогдуулан БНХАУ эсэргүүцэл илэрхийлж, уг ажиллагааг зогсоохыг шаардав.
2011 оны гуравдугаар сард болсон асар хүчтэй цүнамигийн улмаас “Фүкүшима-1” атомын цахилгаан станц дээр осол гарч, эрчим хүчний хангамж, хөргүүрийн систем ашиглалтаас гарсан. Үүний улмаас цөмийн түлш хайлж, дэлбэрэлт болж, их хэмжээний газар нутаг цацрагаар бохирдож, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Реакторуудыг хөргөх зорилгоор ашигласан усны хэмжээ 1.25 сая тоннд хүрээд байна. 2021 оны дөрөвдүгээр сард Японы Засгийн газар далай руу цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн ч тритий буюу устөрөгчийн изотоп агуулагдаж буй усыг далай руу асгах шийдвэр гаргасан. “Tokyo Electric Power” компанийн мэдэгдсэнээр, усан дахь тритийн агууламж Цацрагаас хамгаалах олон улсын комисс болон Японы Засгийн газраас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээний 40/1, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээний 7/1-тэй тэнцэж байгаа аж. Токио атомын цахилгаан станцын усыг 30 жилийн хугацаанд үе шаттай далай руу асгахаар төлөвлөж байна. Энэ үйл явцад Олон улсын атомын энергийн агентлагийн мэргэжилтнүүд байнгын хяналт тавих юм.


скачать dle 12.0

Санал болгох