“Фүкүшима”-гийн цэвэрлэсэн усыг пүрэв гарагт далайд асгана

🕔 2023/08/22 12:36

ТОКИО. /Kyodo/. 
Япон улс “Фүкүшима” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан пүрэв гаргаас далайд асгаж эхэлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгджээ. Японы загасчид уг төлөвлөгөөнд санаа зовниж, Хятадын зүгээс эсэргүүцлээ илэрхийлж буйг үл харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна. 
 
 
2011 онд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас осол гарснаас хойш АЦС-д их хэмжээний ус хуримтлагдаад байгаа юм. Мягмар гаргийн өглөө болсон сайд нарын хурлаар маргаан дагуулсан дээрх шийдвэрийг гаргажээ.
 
 
 
Ингэснээр К.Фүмиогийн Засгийн газар загас агнуурын салбарын төлөөлөл болон цөмийн аюулыг эсрэг хөдөлгөөний идэвхтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарах төлөвтэй байна. Идэвхтнүүдийн хувьд уг төлөвлөгөөг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр, хангалттай тайлбар өгөхгүйгээр хэрэгжүүлж байна гэж үзжээ.
 
 
 
Ерөнхий сайдын ажлын өрөөнд болсон уулзалтын үеэр К.Фүмио цэвэрлэсэн усыг далайд асгаж, сүйдсэн станцыг аюулгүйгээр ашиглалтаас гаргахын тулд бүхий л хүчин чадлаа дайчилна хэмээгээд, Засгийн газар олон арван жилийн хугацаа шаардагдахыг үл харгалзан бүх хариуцлагыг хүлээнэ гэж мэдэгджээ.
 
 
 
К.Фүмио мэдэгдэл хийсний дараа АЦС-ын оператор “Tokyo Electric Power” компанийн захирал Кобаякава Томоаки усыг далайд асгах бэлтгэл ажлыг “шуурхай” эхлүүлэхийг ажилтнууддаа даалгасан байна.
2021 оны дөрөвдүгээр сард Японы өмнөх Ерөнхий сайд Сүга Ёшихидэ станцын усыг Номхон далайд асгах ажлыг “ойрын хоёр жилийн хугацаанд” эхлүүлэхийг зөвшөөрсөн юм. Улмаар энэ оны нэгдүгээр сард одоогийн Засгийн газар уг төлөвлөгөөг хавар, зунаас хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг /ОУАЭХА/ долоодугаар сард мэдэгдэхдээ, Японы төлөвлөгөө аюулгүй байдлын стандартад нийцэж байгаа бөгөөд “хүмүүс болон хүрээлэн буй орчинд цацраг идэвхт бодисын нөлөө багатай” гэж дүгнэснээр Фүмиогийн Засгийн газар усыг асгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлжээ.
Европын хэд хэдэн орон Японы хүнсний импортод хязгаарлалт тогтоосон бол Хятад улс далайн гаралтай бүтээгдэхүүнд цацраг идэвхт бодисын шинжилгээг нэвтрүүлснээс гадна дипломат маргааныг үүсгэж буй далайд ус асгах төлөвлөгөөгөө зогсоохыг Токиод уриалсаар байгаа юм.
Харин Өмнөд Солонгосын Засгийн газар Японы төлөвлөгөөнд хийсэн өөрийн дүн шинжилгээндээ үндэслэн ОУАЭХА-ийн шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн бол сөрөг хүчний намууд ус асгаснаас үүдэлтэй  сөрөг үр дагаварт санаа зовнисоор байна.
 
 
Э.Хулан 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох