Нелсон Мандела бол нэг үндэстэн, нэг улс, нэг тивээс хальсан дэлхийн хүн

🕔 2023/07/06 12:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Өмнөд Африкийн нэгдсэн улс (ӨАНУ)-ын Ерөнхийлөгч асан Нелсон Мандела хүний эрх, эрх чөлөө, тэр дундаа цагаан, хар арьст иргэдийн тэгш эрхийн төлөө урт хугацаанд тэмцэл өрнүүлжээ.

95 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тэрбээр насалсан насныхаа 27 жилийг шоронд өнгөрөөсөн байх юм. Байгаль эх түүнд урт нас, мятаршгүй тэмцэгч зан чанар заяажээ. Нелсон Мандела өөрт заяасан төрлөх чадвараа хувь хүний заяамал эрхийн төлөө зориулсан. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 7 дугаар сарын 18 (төрсөн өдөр нь)-ныг түүнийг 92 настай байхад (2010 он) нь “Нелсон Мандела олон улсын өдөр” болгон зарлажээ.


Ингэхдээ тухайн үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун "Мандела хүний эрх, нийгмийн шударга ёсны төлөө 67 жил зүтгэснийг тэмдэглэнэ. Ингэхийн тулд яг одоо (7 дугаар сарын 18) наанадаж 67 минут нийгэмд сайн дураараа үйлчлэхийг дэлхийн ард түмэнд уриалж байна" гэжээ. Төрсөн өдрийг нь олон улсын өдөр болгон зарласнаас хойш 3 жилийн дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 5-нд тэрбээр нас барсан (Йоханнесбургт) байна.

ӨАНУ-ын 1994 онд болсон анхны ардчилсан сонгуулиар Ерөнхийлөгчөөр Нелсон Мандела сонгогдон 1999 он хүртэл ажиллажээ. Улмаар 1993 онд Нобелийн Энхтайваны шагналын эзэн болсон аж. Харин түүнийг ӨАНУ-ын Ерөнхийлөгч Фредерик Биллем де Клерк 1990 оны 2 дугаар сарын 11-нд зарлиг гаргаж шоронгоос сулласан юм билээ. Нелсон Мандела нэг үндэстэн, нэг улс, нэг тивээс хальж дэлхийн хүн болсон болохыг эндээс харж болно. Дээр дурдсан хэсэг бол түүний урт амьдрал, тэмцлийнх нь өчүүхэн хэсэг нь.

Тэгвэл Нелсон Мандела Нобелийн энхтайвны шагнал, Төрийн тэргүүний суудалд хүрэх юу хийсэн хүн бэ? Энэ асуултад хариулт болох олон үйл явдал, тоо баримт дурдах боломжтой. Гэхдээ бүгдийг энд тоочих нь уншигчийг залхаасан хариуцлагагүй хэрэг болно. Ийм учраас түүний санаачилсан, эхлүүлсэн, оролцсон олон үйл явдал, тоо баримтаас цөөнийг эргэн сануулах хэрэгтэй болов уу? Тэрбээр эхээс мэндлэхдээ ийм нэртэй байгаагүй юм билээ.

Нелсон Мандела 1918 оны 7 дугаар сарын 18 өдөр тус улсын Мвезо хэмээх тосгонд мэндэлжээ. Түүний аав нь тосгоны дарга байсан. Тэр 7 настай сургуульд орж гэр бүлдээ 7 настай сургуульд орсон анхдагч болсон аж. Харин хүүг сурлага сайтай, сийрэг ухаантай гэж цагаан арьст багш нь магтаж байсан. Гэхдээ түүнийг төрөхөд аав, ээжийнх нь өгсөн Холилала Далибунгаа гэх нэрийг дуудах дургүй байсан гэнэ. Тэгээд ч тухайн үед ӨАНУ-д сурагчдад сургууль нь өөр нэр өгдөг шинэ соёл дэлгэрч байжээ. Тэр дагуу багш нь түүнд Нелсон Мандела гэх нэр өгсөн гэх баримт байна. Ингэж аав ээжийн өгсөн дуудах нэр бага ангийн багшийн хүсэл эрмэлзэл, тэр үед үүссэн шинэ соёлын дагуу өөрчлөгджээ. Нэрийн энэ өөрчлөлт тухайн үндэстэн, улс, тивд түүний хийх олон өөрчлөлтийн эхлэл байсан бололтой.


Нелсон мандела 16 наснаасаа эхлэн Кларкберийн тэнхимийн сургуульд сурч эхлэхээсээ баруун (шинэ)-ы соёлд суралцжээ. Форт Бофортийн Уэслигийн коллежийг төгсөөд, Форт Харе их сургуульд элсэн оров. Их сургуулийн оюутны зөвлөлийн бойкотод оролцсоноор Йоханнесбург руу ӨАНУ-ын Их сургуульд шилжих болжээ. Тэрбээр дээд боловсрол эзэмшсэн. Харин ажиллаж байхдаа эчнээгээр хуулийн боловсрол эзэмшжээ. Хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэхдээ энх тайвнаар зэрэгцэн орших тэмцлийн зөөлөн арга барилыг сонгон авсан гэж судлаачид бичиж байна.

Махатма Гандигийн ном зохиолыг Мелсон Мандела залуугаасаа уншиж, түүнээс маш их зүйлийг сурсан. Ийм учраас сайн сайханд хүрэх тэмцлээ зөөлөн аргаар явуулж байжээ. Гэвч тухайн үеийн ӨАНУ-ын эрх баригчид үл ойшоон 1956 оны 12 дугаар сарын 5-нд түүнийг өөр бусад 150 гаруй хүний хамтаар баривчилсан. Түүгээр зогсохгүй эх орноосоо урвасан, төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн ял тулгасан аж. Шүүх хурлууд нэг нэгийгээ дэрлэн 5 жил үргэлжлэн 1961 онд тэднийг буруугүй хэмээн цагаатгаснаар өндөрлөжээ.

Нельсон Мандела 1961 "Үндэстний Жад" нэртэй зэвсэглэсэн хөдөлгөөнийг нөхөдтэйгөө хамтран байгуулсан аж. Тэрбээр зэвсэгт хөдөлгөөн байгуулснаа “Олон жил энх тайван замаар тэмцлээ. Үр дүн гарсангүй. Арьс өнгөний үзэлт төрийн зүгээс ирж буй хавчлага, шахалт дарамт улам бүр нэмэгдлээ. Одоо зэвсэгт тэмцэл хийхээс өөр арга зам байхгүй болсон “ гэж тайлбар хийж байжээ. Шүүгч тэднийг дөрвөн удаа зэвсэгт халдлага үйлдсэн, дотоодын үймээн самуун дэгдээсэн, гадаадын тагнуул, туршуулаар ажилласан зэргээр буруутгаж, бүх насаар нь хорих ялаар 1964 онд шийтгэжээ.

Тэрбээр 1964 оны 4 дүгээр сарын 20-нд болсон шүүх хурлын нээлт дээр яагаад зэвсэгт тэмцэл өрнүүлэх болсон талаараа “Африкийн ард түмний тусын тулд өөрийн амьдралаа би зориулсаар ирсэн. Хүн бүхэн тэгш эрхтэй, бие биеэ хүндэлсэн, ардчилсан, чөлөөт нийгмийг би дээдэлдэг. Гэхдээ чөлөөт нийгмийн төлөө шаардлагатай бол би үхэхэд бэлэн байна” гэж хэлсэн ажээ. Нельсон Мандела ӨАНУ-ын Апартейд дэглэмийг халж, олон арьстны ардчилал руу шилжих, шилжилтийг удирдахад эвлэрэл, хэлэлцээг удаа дараа, олон шатанд өрнүүлэн үр дүнд хүргэж хувь нэмрээ оруулсан нэртэй эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч зүтгэлтэн юм.

Ер нь ӨАБНУ-аас түүний хамрагддаг бүлэглэлийг террорист хэмээн өмнө нь тодорхой хугацаанд зарласан. Ийм учраас АНУ, НҮБ-ын төв байранд тэднийг нэвтрэхийг зөвшөөрдөг. Харин тус улсын бусад бүс нутагт дэвсгэрт орохыг бүрэн хориглож байсан байна. АНУ энэ хоригийг 2008 оны 7 сард цуцалжээ.

Нельсон Манделаг босогч мэт ойлгогдсон тэр он жилүүдийн талаар “энх тайвны замаар хийсэн үр дүнгүй тэмцэл, арьс өнгөний ялгаварлан гадуурхах үзэлтэй төрийн зүгээс ирж байсан хавчлага шахалт, дарамт нэмэгдсэн нь түүний тэвчээрийн туйлыг эвдсэн” гэж судлаачид үздэг ажээ. 
скачать dle 12.0

Санал болгох