Мод, бут, сөөг тарих арга, технологийн цахим сургалт боллоо

🕔 2023/06/21 09:42

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын 300 гаруй алба хаагчдад мод, бут, сөөгийг арчлан хамгаалах мод үржүүлгийн газрын зохион байгуулалт, үрээр үрсэлгээ хийхэд анхаарах асуудал, усалгаа, арчилгааг хийх арга, технологи гэсэн 9 сэдвийн хүрээнд энэ сарын 16, 19-ний өдрүүдэд цахим сургалтыг явууллаа.
Цахим сургалтыг Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, Биологийн ухааны доктор, профессор, дендрологич Бадрахын Чимидээр заалгаж, зохион байгууллаа.
Цахим сургалтыг эхэнд “Тэрбум мод” тарихын ач холбогдол, Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, манай орны экологийн одоогийн нөхцөл байдал, цөлжилт, ойн фондын хомсдол, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдтэй холбогдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын 76 дугаар чуулганы индэр дээрээс уриалсан “Тэрбум мод”-ны талаарх танилцуулгыг хийлээ.
Сургалтаар хот суурин газрын ногоон байгууламж, тарималжуулах мод ургамлыг ойгоос болон мод үржүүлгийн газраас сонгох, ухаж авах, тээвэрлэх, тарималжуулах, суулгах, услах, арчлах арга ажиллагааны технологи, хашааг цэцэрлэгжүүлэхэд юунд анхаарах, экологид ээлтэй амьжиргаанд чанартай хашааны тухай, албан байгууллага орчны цэцэрлэгжилтийн стандарт, норм норматив, мод үржүүлгийн газрыг хаана хэрхэн байгуулах, түүний зохион байгуулалт, тэнд эхний ээлжид тарьж суулгах мод сөөгийг сонгох, Монгол оронд ургаж буй мод сөөг, түүний зүйлийн бүрэлдэхүүн, мод ургамал тус бүрийн шинж чанар, ургах орчин нөхцөл, хэрхэн сонгож тарьж суулгах арга ажиллагааны онцлог бүрийг зураг дээр тайлбарлан танилцуулсан юм.  
Мөн жимс, жимсгэнийг тариалах, чацаргана, үхрийн нүд болон бусад жимсний модны арчилгааны талаар нийт 9 төрлийн сэдвийн хүрээнд 16 цагийн сургалтыг анхны мэдэгдэхүүн, анхаарах зүйл, цаашид хэрэгжүүлэхэд анхаар зүйлсийг тайлбарлан таниуллаа.  
скачать dle 12.0

Санал болгох