Тарьсан модоо ургуулъя
![](/uploads/posts/2023-06/thumbs/1686204050_download.jpg)
Өнөөдөр бол “Дэлхийн байгаль орчны өдөр” билээ. Энэ өдөр НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар ирсэн. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг.
Манай улсын хувьд байгаль орчинд хамгийн их тулгамдаж буй асуудал нь цөлжилт. 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь доройтож, цөлжилтөд нэрвэгдсэн байна. Орон нутгаар шар шороон шуурга шуурч, мал хорогдож, малчид амь насаа алдах тохиолдол ч гарах болсон нь тун харамсалтай. Мэдээж цөлжилтийн эсрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хамгийн нүсэр том, цаг үеэ мэдэрсэн ажил нь Монгол Улсын ерөнхийлөгчийн "Тэрбум мод" хөдөлгөөн юм. Тийм дээ ч төр болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд нэгдэж мод эрчимтэй тарьж эхэлсэн.
Гэхдээ мод суулгалаа гээд нэг л өдөр сагсгар сүрлэг, сайхан мод болчихгүй. Мэдээж арчилгаа шаардлагатай. Мод тарих өдрөөр хэн хүнгүй л хүрз барьж гүйж, үндэс суулгадаг ч арчилж, тордоод хариуцлагатайгаар ургуулах нь ховор.
Тиймээс "Тэрбум мод" хөдөлгөөнд нэгдэгсэд зүгээр нэг арга хэмжээ гэсэн нүдээр харж, хуурмаг дүр эсгэж мод тарих биш сэтгэл гарган тарьсан модоо ургуулахыг хувь хүнийхээ ухамсарт шингээчих хэрэгтэй. Тэгж гэмээнэ байгаль эхийн таалалд нийцэж, цөлжилтөөс бид ангижирч чадна.