Номхон далайн гүнээс 5,000 гаруй амьтны шинэ төрөл зүйлийг илрүүлжээ
Номхон далайн алслагдсан хэсэгт явуулсан судалгааны үеэр эрдэмтэд далайн ёроолд амьдардаг 5,000 гаруй амьтны шинэ төрөл зүйлийг илрүүлжээ.Clarion-Clipperton Zone (CCZ) гэж нэрлэдэг энэ бүс нь Хавайн арлууд, Мексикийн эргийн хооронд байрлаж, 4.4 сая хавтгай дөрвөлжин километр талбай эзэлдэг юм.
Шинээр илэрсэн амьтдын төрөл зүйлсийн зургаагаас бусад нь давтагдашгүй буюу урьд өмнө нь шинжлэх ухаанд огт бүртгэгдэж байгаагүй амьтад байжээ.CCZ бүсэд далайн гүний эрдэс баялгийн хайгуул явуулах зөвшөөрлийг Их Британи, АНУ, Хятадын 17 компани өнгөрсөн онд авсан юм байна.Тэдгээр компаниуд кобальт, манган, никел зэрэг орчин үеийн технологид амин чухал түүхий эдийг эндээс олборлох зорилготой юм.Ямайка улсад төвлөрдөг НҮБ-ын дэргэдэх Олон Улсын Далайн Ёроолын Захиргаа хэмээх байгууллага дээрх зөвшөөрлүүдийг өнгөрсөн оны долдугаар сард өгсөн юм байна.
Олборлолт явуулах зөвшөөрөл өгөхөөс нь өмнө олон улсын хэсэг эрдэмтэд “CCZ checklist” нэрийн дор байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар судалгаа явуулжээ.Уг судалгааны тайлан “Current Biology” сэтгүүлд сая нийтлэгдсэн юм. Тайланд өгүүлснээр дээрх бүс нутагт 5,578 амьтны төрөл зүйл бүртгэгдсэнээс 88-92 орчим хувь нь шинжлэх ухаанд бүртгэгдээгүй цоо шинэ амьтад байжээ.Энэ мэдээллийг цуглуулахдаа эрдэмтэд усны мандлаас 4,000-6,000 метр хүртэл гүнд шумбах чадвартай алсын удирдлагатай техник ашигласан юм байна.Далайн ёроолын гүн харанхуй, хүйтэн нөхцөлд ийм олон төрөл зүйл амьдарч байсан нь эрдэмтдийг гайхшируулжээ.
Судалгааг ахалсан Их Британийн Байгалийн Түүхийн Музейн биологич Адриан Гловер “Бид бол эрдэмтэд, зөвхөн мэдээллээр хангах үүрэгтэй. Олборлолт явуулахыг зөвшөөрдөг нь бид биш. Бидний бэлдсэн мэдээллийг эрх баригчид, олон нийт уншиж, сонсоод дүгнэх ёстой. Олборлолт эхлэхээс өмнө бид ийм судалгаа явуулж, зохицуулалтад нөлөөлж байгаа нь нэг талаараа дэвшил юм. Газрын тос, байгалийн хий зэрэг бусад том салбаруудад олборлолтын дараа зохицуулалт яригддаг шүү дээ” гэж ярьжээ