Тэрбум мод тарих нь ганц Ерөнхийлөгчийн ажил биш
Улаан шороо хавар хавартаа харанхуйлсан бидний эх орон ургуулах зүлэгжүүлэх, хөрсжүүлэх нь Монголчуудын аминд тулсан асуудал. Ийм учраас Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн өмнө "Тэрбум мод" Үндэсний аянаа зарласан.
Мод тарьж хөрсөө бэхжүүлье. Мод тарьж хүнсний талбайгаа хамгаалъя. Мод тарьж тоосжилтоос хүн зоноо ангижруулъя. Мод тарьж Монголоо чийгшүүлье. Мод тарьж Монголоо ногооруулъя.
Ямар ч ухамсарт хүн уухайлан дэмжиж ургуулах уриалга. Монгол орон хуурайшилт, тоосжилт, цөлжилтөөрөө дэлхийд тэргүүлж байна. Монгол улсын газар нутаг 1,564,116 км2. Үүнээс усны эзлэх талбай (%) 0.67. Ойн сан бүхий газар дөнгөж л нийт нутаг дэвсгэрийнхээ 11.8 %-ийг эзэлж байна. Иргэн та өөрийн эзэмшил хашаагаа хараад үз таны хашаа хэдэн хувьд нь мод сөөг. Хэдэн хувьд нь улаан шороо байна вэ?
Мод тарих зөвхөн төрийн, ААНэгжийн ажил биш! Иргэн таны ч тулгамдсан асуудал. Хот суурин, аймаг сумын төвийн гэр хорооллууд улаан шороо босдог голомт цэг. Хаана суурин байна тэнд улаан шороо. Хаана тариан талбай байна тэнд нөгөөх л шороон хөшиг. Тэгэхээр энд л асуудал байна!
Иргэн таны хашаа, тариаланч таны талбайд хэн ч очиж мод суулгаж өгөхгүй! Та л эзэмшсэн, өмчилсөн газраа мод тарьж ногооруулах нь шороон шуурга цөлжилтийн эсрэг хийж буй том гавьяа. Хүрээлэн буй орчноо ногооруулах нь Хүрэлсүхийн ажил биш. Хүн зоноороо нэгдэж нийлж хүчин зүтгэх үйлс юм аа.
Нийтлэлч: О.Түвшиндэмбэрэл