“Тэрбумаар тоологдох мод Монголд ургуулахын учир”
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хийж байгаа ажлын талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Байгаль орчны гавьяат ажилтан Бадрахын Чимэдийн “Тэрбумаар тоологдох мод Монголд ургуулахын учир” ном худалдаанд гарсныг олон нийтэд мэдээлэв.
Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч, гавьяат хуульч Ц.Оюунбаатар “Монгол Улсын иргэн бүр аюулгүй орчинд амьдарч, эрүүл хүнс хэрэглэх эрхтэй. Гэвч энэ эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадахгүй байна. Тиймээс манай байгууллага хүнсний аюулгүй байдал, байгаль орчны асуудалд онцгой анхааран үйл ажиллагаа явуулдаг ТББ юм. Монгол орноо ойжуулах, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хашаатай айл болгоныг хүнсний ногооны хүлэмжтэй болгоход манайх өнгөрсөн жилээс эхлэн онцгой анхааран ажиллаж байна. Айл бүр зуны хүлэмжтэй болчихвол хүнсний хэрэгцээгээ бүрэн хангаж, илүүг нь худалдаалах боломжтой. Тиймээс өрх бүрийг зуны хүлэмжтэй болгоход нь дэмжлэг үзүүлэх зээлийн хөтөлбөр боловсруулах хүсэлтийг ЗГ, ХХААХҮЯ-нд өгсөн ч ямар нэгэн хариу ирээгүй. Гэсэн ч манай холбоо сум, аймаг бүрт хүлэмжинд хүнсний ногоо тарьдаг болгохын төлөө хичээнгүйлэн ажиллана” гэж ярилаа.
Ойжуулалтын гарын авлага хэвлүүлсэн тухайд...
Харин Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор, дендрологич Бадрахын Чимэд “Манай улсын ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарина гэсэн амлалтыг өгсөн.Энэ хөдөлгөөн өрнөж байгаа цаг үед ойжуулалтын гарын авлага болсон “Тэрбумаар тоологдох мод Монголд ургуулахын учир” номоо олны хүртээл болголоо.Экосистемийн доройтлоос үүдэн зуд, ган гачгийн тоо нэмэгдэж, цөлжилт эрчимжсэн. Үүнийг шийдвэрлэх арга зам нь мод тарьж, ургуулах юм гэдгийг дэлхий нийтээр дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бид нэг тэрбум мод тарихад бэлэн үү гээд бодоод үзэхээр бэлэн биш байна. Мод тарихын тулд хэрхэн, яаж тарих, яагаад тарих ёстой талаарх экологийн боловсрол бидэнд хэрэгтэй.Самар тарихаар хуш мод, мойлын яс тарихаар монос мод ургана гэсэн суурь ойлголтыг бид мэдсэн байх ёстой. Нарс, гацуур, хуш, хус моддыг ялгахгүйгээр тэрбум мод тарих боломжгүй.Сурагчдад биологийн хичээл дээр амёб, шаахай заахын оронд модыг хэрхэн тарьж ургуулах үйл явцын талаар талбай дээр нь очин заах ёстой байсан. Хэрэв ийм системтэй байсан бол экологийн боловсролтой иргэд төлөвших байлаа. Нэг хүн 18 мод тарьвал насан туршдаа амьсгалах агаараа “тарьж” байгаа гэсэн үг. Номондоо улиас, хайлаас, гацуур, нарс гэсэн манай улсад түгээмэл ургадаг моднуудын талаар дэлгэрэнгүй бичлээ. Хайлаас бол усалгаа шаардагдахгүйгээр ургадаг онцлогтой мод. Тиймээс говь, хангай, хээр гэсэн бүх газар ургадаг. Мөн нэг хайлааснаас нэг сая үр гардаг. Боловсорч муудсан нэг үрийг тарихад жилд 40 см өндөр ургадаг. Цөлжилтөөс сэргийлэхэд муу мод гэж байдаггүй. Бидний “цагаан хөвөн” гэж нэрлэдэг улиангар нь улиас модны үр нь юм. Тиймээс мод тарих их үйлсэд оролцоход тань миний гаргасан ном тус болно гэдэгт итгэлтэй байна” гэж ярилаа.
Мөн Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Мөнхчулуун “Залуучууд шударга ёсны төлөө жагсахаас гадна бодит үйлдэл хийх нь чухал.Манай байгууллага 21 аймаг 330 суманд салбартай 10 мянга гаруй гишүүнтэй. Хэрэглэгчид буюу иргэний эрх ашгийг хамгаалах үйлсэд нэгдээсэй гэж залуусаа уриалж байна. Манай байгууллага өнгөрсөн жилийг хуванцар хог хаягдлаас сэргийлэх жил болгон зарлаж, хуванцар хог боловсруулах үйлдвэр байгуулах үйлсэд нэгдсэн. Харин энэ удаа мод тарих гэж буй хүн бүрт зориулж “Тэрбумаар тоологдох мод Монголд ургуулахын учир” номыг хэвлүүллээ. Манай холбоотой холбогдож энэ номыг авах боломжтой” гэв.
Эх сурвалж:www.polit.mn