Манай орны ойн сан аюулд орлоо
![](/uploads/posts/2023-04/1680593249_bosque-natural.jpg)
Монгол орны газар нутгийн ердөө наймхан хувийг бүрхдэг ойн санд аюул нүүрлээд байна. Эрдэмтдийн хэлснээр хоёр тэрбум орчим мод хөнөөлт шавжид нэрвэгдэх эрсдэлд оржээ.
Одоогийн байдлаар нийт 11 аймагт хөнөөлт шавжийн голомт үүссэнийг судлаачид тогтоосон байна. Үүнээс Архангай, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ зэрэг аймагт илүү их талбайг хамарчээ. Хөнөөлт шавжийн дийлэнх нь модны шилмүүсээр хооллодог. Хамаг шим тэжээлээ ховх соруулсан ой доройтохдоо амархан.
Энэ байдал хоёр зун дараалан давтагдахад тэр ой дахин сэхэл авахааргүй мөхлийн ирмэгт ирдэг байна. Экологичид, ойн сангийн мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр манай оронд 468 зүйлийн хөнөөлт шавж танигджээ. Нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргадаг гээд бодохоор бүхэл бүтэн ойг түймэр шиг ядах юмгүй “хамна" гэсэн үг. Хавар дөнгөж нахиалж буй модны шилмүүсээр хооллодог шавж эргэн тойрондоо зуун км газарт нүүдэллэхдээ богино хугацаанд том талбайг хамарсан голомт үүсгэдэг онцлогтой юм байна.
Өнгөрсөн жилийн дүр зургаас харахад, Сибирийн хүр эрвээхэй болоод зарим төрлүүдийн хүрэнцэр Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай, Хэнтийн ойг нэлээдгүй идэж өгөршүүлжээ. Нийслэлд гэхэд Богдхан уулын Нүхтийн ам, Баянгол, Санзай, Гүнт зуслангийн ойролцоох ой модод якобсоны төөлүүр, сибирийн хүр эрвээхэйд цөлмүүлсэн байгаа юм.
Мөн Хөвсгөл, Булган, Завхан аймгийн ойд ч хөнөөлт шавжийн улмаас хатаж хорчийсон зэвэргэн модод нэмэгдэж байна. Ноднин намрын байдлаар 700 мянган га талбайн модыг ингэж сүйтгэжээ. Энэ бол Монгол орны ойн санд заналхийлсэн аюулын дохио юм. Ойд онцгой хөнөөл учруулагч хөнөөлт шавжийн нэг бол якобсоны төөлүүр эрвээхэй. Бие гүйцсэн эрвээхэй байгальд ямар ч хөнөөлгүй гэдэг. Харин модны холтосны зай завсарт шахаж үлдээсэн өндөгнүүд нь тав, зургаадугаар сард авгалдай болно. Ингэхдээ шүлснийхээ тусламжтайгаар салхины аясаар хийсэж идшилэх газартаа хүрдэг байна. Ийн авгалдай, хүрэнцэр байхдаа шилмүүсээр хооллон, эрвээхэй болохоор хувьсан гуужих явцдаа модыг асар их гэмтээдэг. Эмэгчин эрвээхэй зөвхөн өндгөө шахан, үржих зорилготой тул хэдэн жилдээ голомт үүсгэн өндөглөж, тоо толгойгоо нэмэн нэмсээр байдаг.
Ой модонд хөнөөлтэй өөр нэг амьтан бол Өрөөсгөл хүр эрвээхэй. Хангайн бүсийн ойд ургах навчит болон шилмүүст модны бараг бүх зүйлд үрждэгээрээ хортой. Энэ зүйлийн эрвээхэйн балгаар 2003-2004 онд улсын хэмжээнд нийт 370 мянган га талбай нэрвэгдсэн дүн бий. Ердөө ганцхан жилд бүхэл бүтэн хоёр сумын дайтай ой модоо алдсан гээд бодохоор үнэхээр харамсмаар.
Гол аюул нь маш том талбайг хамарч, хэд хэдэн жилийн давтамжтай сэргэж олширно. Амьдралынхаа ийм замналаар ойг зэрэмдэглэж, тархдаг хөнөөлт шавж юм байна. Ингэж доройтсон моддыг байгалийнхаа жамаар нөхөн сэргээхийг хүлээхэд асар их цаг хугацаа орно. Гэхдээ энэ нь нэг удаадаа эрвээхэй, шавжийн хүрэнцэрт идэгдсэн байгальд л хамаатай. Харин хоёр буюу түүнээс дээш хөнөөлт шавжид бариулсан ой буцаж хуучин хэвэндээ орох бараг л боломжгүй. Жилээс жилд доройтсоор үхэждэг гэж эрдэмтэд тайлбарлаж байгаа юм. Иймд манай улс хөнөөлт шавжтайгаа яаралтай тэмцэхгүй бол цаашид бүр ч том эрсдэл нүүрлэхэд ойрхон байна.
Хөнөөлт шавжийн идэшний улирал ирж байгаа өнөө үед төрийн зүгээс ямар арга хэмжээ авдаг талаар Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзоригоос тодруулахад "Ойн хөнөөлт шавжийн голомттой 737 мянган га талбайд ургаж буй мод эрсдэлд өртөж байна.
Өнөө жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ес орчим тэрбум төгрөгөөр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийгдэнэ. Ер нь түрүү түрүүчийн жилүүдэд хувийн аж ахуйн нэгжүүд өөрийнхөө эзэмшиж буй ойн сандаа багахан хэмжээний хөрөнгөөр хөнөөлт шавжтай тэмцэж ирсэн. Мэргэжлийн байгууллагын зүгээс шавжийн хөгжлийнх нь үе шат болгонд тохирсон тэмцлийн арга хэмжээг авдаг юм. Навчит, шилмүүст ой хөнөөлт шавжид гурван жил буюу түүнээс дээш хугацаанд нэрвэгдвэл тухайн ой мод доройтно. Дараа нь эх модлогоор нь хооллодог хөнөөлт шавжийн голомт Монгол орны үзэсгэлэнт байгалийг цогцлоодог ойн сан маань энэ янзаараа хөнөөлт шавжийн идэш болж дуусах нь байна. Гэтэл төрийн зүгээс хэрхэн анхаарч байгаа юм бол.
Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргийг улс даяараа шуугиж байгаа хэр нь ойн бүрэн бүтэн байдалдаа анхаарч байна уу. Гэтэл та бидний амьсгалах агаарыг цэвэрлэж байдаг ойн сан маань хэзээ мөдгүй сүйдэх эмгэнэлтэй дүр зураг хүлээж байна шүү дээ.
Энэ бол хөнөөлт шавжтай тэмцэх ажилд төрийн оролцоо зайлшгүй үгүйлэгдэж буйн нотолгоо. Ниргэсэн хойно нь хашхирах бус яаралтай арга хэмжээ авахгүй бол ойртож мэднэ. Үнэхээр төр засгийн зүгээс энэ ажлыг бие даан хийхэд төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа бол хувийн хэвшилтэй хамтраад ч болов хийх олон гарц шийдэл бий. Засгийн газрын зүгээс аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмждэг шиг хөнөөлт шавжийг устгах кампанит ажил өрнүүлэхэд буруудахгүй биз ээ.
Б.Цэлмэгhttps://sonin.mn/news/enews/136964