Цагаан тоосны дагтаршсан хаягдал дээр хөрс үүсгэж мод тарьжээ
Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйн цагаан тоос савнаасаа хальж олон жил иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр ирсэн. Уурхайн зүгээс цагаан тоосыг дарж аюулгүй болгох гэж олон арга технологийг туршсан хэдий ч үр дүн муу, өртөг зардал их гарсан байдаг. Тэгвэл цагаан тоосны дагтаршсан хаягдал дээр давхар хөрс бий болгож тойруулан мод тарьсан нь үр дүнгээ өгөөд байгаа талаар тус үйлдвэрийн дэргэд байгуулагдсан “Ойн генетик нөөц”-ийн төвийн дарга Я.Ариунзул ярьсан нь сонирхол татсан юм.
Үйлдвэрийн хаягдлын аж ахуйн цагаан тоостой хөрсний доройтол бүхий хэсэгт өнгөрсөн жил 2.1 сая мод тарьжээ. Өөрөөр хэлбэл, дагтаршсан хаягдал дээр өтөг бууц асгаж бордон хөрсөө бэлтгэж хайлаас модны үр суулгасан нь үр дүнгээ өгсөн байна. Тэрбээр “Өнгөрсөн жил бид хаягдлын аж ахуйн 30 га талбайд мод тарьсан. Үүний тулд газраа гурван удаа хагалсан.
Тэгээд цэвэрлэх байгууламжийн лаг хийгээд хагалсан. Дараа нь бууц завсаргүй асгаж байгаад хагалсан. Тэгээд ариутгаж байгаад, дахин бууц асгаж хагласан. Хөрс нь, ялзмаг нь сайжирч байгаа юм. Тэр 30 га газраас ядаж л шороо босохгүй. Монгол орны хөрс их сайхан, үржил шимтэй. Юу нь болдоггүй вэ гэхээр хатуу. Тэгэхээр заавал хагалах хэрэгтэй. Үндэс чөлөөтэй явах боломжийг олгох шаардлагатай. Дараагийн асуудал салхи. Салхи хялгасан судлыг тасалдаг. Модны ургах, амьдрах нөхцөлийг бууруулдаг. Гуравт, ялзмаг хэрэгтэй. Бид хоол, цаасны хаягдлаар ялзмаг хийдэг. Ялзмаг бол ургамлын үндсэн хоол гэсэн үг. Хөрс бэлтгэхгүйгээр ургамал тарина гэдэг хүнийг хоолгүй орхихтой адил. Үр дүнгүй ажил болно. Хайран хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө хөрс рүү зүгээр асгаад байна гэсэн үг. Ингэж байж л үр дүнгээ өгсөн” гэж ярьсан юм. Ямартаа ч олон жил боссон цагаан тоосыг ийнхүү дарсан тухай тэрээр бахархалтай ярьж байсан юм. Мөн хаягдлын аж ахуйн уурыг халиахгүй, тогтоон барьж байдаг далангуудын шилжилт, суулт, хөдөлгөөнийг зогсоохын тулд 30.4 га талбайд мод тарьж ургуулснаар цагаан тоос дэгдэх нь эрс багассан байна. Ингэснээр Эрдэнэтийн цагаан тоос бага, багаар ууршиж агаар цэвэршихэд нөлөөлөх үр дүнг өгчээ. Энэ үед сансрын зургаас харахад олон арван жил тоос татаж, цагаарч харагдах хаягдлын аж ахуйн амсар, тойроод хөрс, шорооны бор өнгөтэй болсон байлаа.
Мод тариад хаях биш нэг бүрийг мөнгө болгох бизнес Эрдэнэтэд цэцэглэнэ
"Ойн генетик нөөцийн төв"-ийн дарга Я.Ариунзул. 2023.03.14
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэгдэж, 2031 он хүртэл хугацаанд 100 сая мод тарих амлалт авч, хэрэгжүүлж эхэлсэн ажлын нэг хэсэг нь энэ юм. Энэ хүрээнд тус үйлдвэр “Ойн генетик нөөц”-ийн төвийг байгуулсан нь ийнхүү үр дүнгээ өгчээ. Зөвхөн 10 сая модыг хаягдлын аж ахуй, нөхөн сэргээлтийн хүрээнд тариална.
Нийт 100 сая мод тарихаар төлөвлөсний 30 саяыг хангайн бүсэд, 30 саяыг говийн бүсэд тарина. 10 саяыг нь хүн төвтэй ойжуулалт төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тиймээс иргэдэд экологийн боловсрол олгох нь туйлын чухал байгааг тус төвийнхөн ярьж байв. Үрээр мод тарих ажилд хорих ангийн 70 гаруй хүмүүжигчийг нарыг оролцуулж цалинжуулж ойжуулагчийн үнэмлэх олгосон байна.
Ингэснээр хорих ангиас гарсныхаа дараа ойн салбарын мэргэжилтнээр ажиллах боломж бүрдсэн нь энэ салбарт мэргэжилтэн дутмаг байгааг нөхөх ажил болжээ. Түүнчлэн уурхайн 100-н жилийн ойд зориулж “Уул уурхай-100” ланд арт байдлаар 3000 цэцэглэдэг мод тарьж ургуулжээ. Ийнхүү Ойн генетикийн төв нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн гол цөм болоод зогсохгүй иргэд, жуулчдын зорих цэг болно гэдгийг ч төвийн дарга тодотгосон.
Мөн мод бүрийн эдийн засгийн үр өгөөжийг тооцно гэсэн. Магадгүй уурхай хаагдах үед ч юм уу, тэрнээс наана Эрдэнэт ногоон хот болж ухдаг бизнесийг ургуулдаг бизнес болгох ирээдүй ойрхон байна.
Эрдэнэт бол мал аж ахуй, газар тариалан эрхлэлт бага. Энэ төрлийн амьжиргаа хомс. Гагцхүү Эрдэнэтийн овоо дагасан эдийн засагтай бүс нутаг. Тэгвэл уурхайчдын цалин хүлээхээс гадна хашаандаа баялгаа ургуулж, эдийн засгаа тэтгэх төслийг дээрх төвийнхөн хэрэгжүүлэхээр бэлтгэж буй. Тодруулбал, хашаанд жимсний мод тариална. Мөн ирэх намар Хангалын голын эрэг дагуу бургас тарихаар судалгааны ажлаа хийгээд дуусч буй. Түүнчлэн шилмүүст ойн төгөл үүсгэхээр зорьж байгааг дуулгасан.
"Эрдэнэт" ТӨҮГ-ын дэргэдэх "Ойн генетик нөөцийн төв"
Цэвэгдоржийн МЯГМАРБАЯРЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин