Ойн нөөцийг нөхөх бидний хувь нэмэр
Өнөөдөр дэлхийн ойн өдөр
2012 оноос дэлхий нийтээрээ тэмдэглэж эхэлсэн ойн өдрийг энэ жил “ой, эрүүл мэнд” уриан доор явуулахаар болсон. Хүн гэдэг хоёр хөлтэй хохимой толгойтой адгууснаас дор эх байгальтайгаа харьцдаг найман тэрбум гаруй амьтдыг тэжээхийн тулд бурханаас агуу их үнэгүй бэлэг илгээсний нэг нь ой мод болой.
Дэлхийн хуурай газрын гуравны нэг буюу дөрвөн тэрбум гаран га-г ой мод эзэлдэг. Ой хөвчид амьдардаг араатан жигүүртнийг тоолох гэснээс нүдэнд харагддагаар нь цэлмэг шөнө тэнгэрийн оддыг тоолох нь арай хялбар. Эрдэмтдийн тооцоогоор дэлхийн бөмбөрцгийн хойд хагасд амьдардаг сүүн тэжээлтнүүдийн гуравны нэг, жигүүртэн шувуудын гуравны хоёр нь их ойгоо бараадан амьдардаг. Ой мод үгүй бол наад зах нь сая сая ан амьтан, самар жимс үгүй, нүд баясгаж сэтгэл сэргэм шувуудын жиргээн байхгүй болох бизээ. Ойн хишиг буян агуу буюу.
Ой мод ялангуяа шилмүүст ойн нөөцөөрөө Орос орон дэлхийд тасархай. Дэлхийн банкнаас гаргасан судалгаанаас харахад энэ гаригийн ойн нөөцийн дөрөвний нэг нь Оросууд, хориод хувь нь Бразильчууд, үлдсэн хэсэг нь АНУ, Хятад гээд бусад улс оронд ногддог аж.
Тооны хэлээр илэрхийлбэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн 800 сая га талбайг Оросын ой бүрхэж, үүний нь бараг 80 хувийг нь Сибирийн шилмүүсэн ой эзэлдэг бөгөөд энэ их уужим газар нутгийн модны нөөц нь 80 тэрбум шоо метр хүрдэг. АНУ жилд ойн бүтээгдэхүүнээсээ 500 тэрбум долларын орлого олдог гээд бодохоор ойг эдийн засгийн эргэлтэнд оруулж зөв менежмент хийж чадвал асар их нөөц байгаа нь харагддаг.
Сибирийн их тайгатай адилтгахаар битүү хөвч ой манай оронд тун бага, 18 сая га хүрэхтэй үгүйтэй боловч зөв ашиглаж мөн нөхөн үржүүлж чадах аваас цөөхөн бидэндээ бол хэдэн зуу тэр бүү хэл мянган жилээр хэрэглэсэн ч хүрэлцэхүйц нөөц байгаа.
Манай гаригийг хучсан их мөстөлтийн дараа үеэс дэлхийн хуурай газар нэлэнхүйдээ ой модоор бүрхэгдэж, ан амьтад болон бидний өвөг дээдсийн орон гэр, орц өлгий нь болж байсан тухай эртний судруудад өгүүлсэн байдаг. Ой модны нөмөр нөөлөг дор хүн сүрэг, салхи шуурга бороо цас, дайсны довтолгоо, болзошгүй бусад аюулаас нуугдан хоргодож, ан гөрөө хийж, мөөг, жимс самраар нь хоолло амь зууж ирсэн. Иймээс хүмүүн төрөлхтөн төдийгүй дэлхий дээрх бүх амьд амьтдын амьдрал сая сая жилээр оршин тогтнож буйн эх үндсийг ой мод гэж үзэж болно.
Ургаж буй залуу ногоон модыг шөнө дөлөөр хөрөөдөн унагаж хулгайлан зөөх гэмт хэрэгтэй бид хичнээн жил тэмцээд зогсоож чадахгүй байгаагийн үндсэн нэг учир шалтгаан нь хүмүүсийн хэрэглээг тас хорьсон учир утгагүй хууль тогтоомж гаргаж, хэт чангалснаас байгаль эхээс бүтээсэн энэ их баялагийг зохистой хэмжээгээр амьдрал ахуйдаа ашигладаг, арвижуулж өсгөдөг, эрэлт нийлүүлэлтийг хангадаг тогтолцоо өнөө хүртэл бий болгож чадаагүйд байна. Энэ байдлыг өөрчлөхгүйгээр Хангай, Хэнтий, Хөвсгөлийн их уулсын ам бүрт байцаагч суулгаж, замын зөрлөг болгонд цагдаа зогсоогоод ч модны хулгай тасрахгүй...
Мод бол алт зэстэй адил ухаад шавхчихдаг биш нөхөн төлждөг байгалийн баялаг болох учир хэн хэнээсээ харамлаад хар дараад суух зүйл байхгүй. Харин ч эсрэгээрээ шатаж унасан, хорхой шавьжинд идүүлж үхмэл болсон, хөгширч хувхайрсан модыг авч цэвэрлэж байхгүй бол залуу ой ургах нөхцөл бүрдэхгүйгээр үл барам өмхөрч унан ойн түймрийн аюул дагуулж, өт хорхойн голомт болдог.
Түймэрт автаж, хорхойд идүүлэн ургах чадваргүй болсон модны нөөц судлаачдын тооцсоноор улсын хэмжээнд 70 сая шахам шоометр байгаа нь мөнгөн хэлбэрт шилжүүлбэл хэдэн триллион төгрөг болно. Энэ их нөөцийг зөв зүйтэй ашиглаж чадах аваас улсын эдийн засагт нэмэр хандив болох гэхээсээ илүүтэйгээр иргэдийн маань амь амьжиргаанд ихээхэн дэм болох нь мэдээж. Бид хэдий болтол бирдийн нүдээр ой руугаа харж, хөхөө өвлийн тэсгим хүйтэнд хог түлж гал алдах шахам суух билээ.
Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд ойн цэвэрлэгээ хийх хуулиар хориотой. Энэ хуулийг хэдэн жилийн өмнө Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа маний шахалтаар зоригтойгоор зөрчин захирамж гаргаж, Богд уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх ойн унанги модыг цэвэрлэсэн явдал байв. Уг шийдвэрийн дагуу Байгаль орчны С.Оюун сайд, Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулж, Богд уулын ноён оргил Цэцээ гүн рүү авирах явган аялагчдын зам дагуу 40 га ойн унанги модыг цэвэрлэснээр Төр хурхын аман дахь Хонхор тосгоны борчууд тэр өвөл хямд төсөр түлээ түлж, хамгийн гол нь өмхөрсөн унинга модноос цэвэршсэн талбайд залуу модод түрэн ургах нөхцөл бүрдсэн юм. Жил бүр 40 га талбайг унинга модноос цэвэрлэх энэ хурдаар цаашаа явбал Богд уулын 40 мянган га ойг цэвэрлэхэд дахиад 1000 жил шаардагдахаар байв.
Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын гуравны нэг нь ойн сан бүхий газар. Түүгээр дайраад нутаг явж байхад энэ их ойн 50 хувь нь 2002 оны ойн их түймэрт шатчихсан, харахад дотор харанхуйлмаар байдаг байлаа. Шатсан ойд тойм судалгаа хийж үзэхэд тэр орчимд 5 тэрбум төгрөгийн өртөг бүхий унанги мод байгааг судлаачид тогтоосон. Үүнтэй мөн адил Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт 2011 онд гарсан их түймэрт ойн сангийн 70 хувь нь шатаж тэнд хүн бүү хэл, ан араатан явах зайгүй болтол шатсан модод ширэлдэн унасан байгаа. Ийм газруудад цэвэрлэгээ хийснээр ойд хуримтлагдсан унинга мод багасч түймэр гарах эрсдэлийг бууруулна. Хортон шавьж үржих нөхцөлийг хааж, ойн цэвэрлэгээнээс гарах бүтээгдэхүүнээр мод, модон материалын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тодорхой хэсгийг зохицуулах замаар хууль бус мод бэлтгэлийг бууруулах ач холбогдолтой болох юм.
Тэртээ 60-70-аад оны үед модны үйлдвэрүүд олноор байгуулагдаж, Монгол улс ядуу төсвөө бүрдүүлэхийн тулд Увсын Цагаанхайрхан, Завханы Тосонцэнгэл, Сэлэнгийн Хялганат, Тужийн нарс гээд ой модоо хайр найргүй хядсан нь үнэн. Дараа нь залгуулаад ардчилсан гэх төрийн замбараагүйтлийн шуурганаар урьд хөрш рүү нарс модоо богоон богооноор нь ачуулсан. Эмх замбараагүй мод бэлтгэлийн түйрэн дахин сэргэх нь гэх айдас мэдээж олон хүний дотор байгаа.
Ойн цэвэрлэгээг хийх нь хэн дуртай нь шүүрч аваад бужигнуулчих ажил яавч биш. Наад зах нь орон нутагт хүн хүч, мөнгө төгрөг, орчин үеийн техник технологи шаардагдана. Энэ нүсэр ажлыг гарын хуруунд тоологдох цөөн хэдэн мэргэжлийн байгууллага яавч хүчрэхгүй учир орон нутгийн иргэдийн нөхөрлөлүүдээс авахуулаад хугацаат цэргийн албан хаагчдыг ч хүртэл тодорхой хугацаагаар татан оролцуулж болно Цаашдаа ойн болон, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиуддаа нэмэлт өөрчлөлт оруулах журмуудыг шинэчлэх ажил ч гарна.
Ойн цэвэрлэгээнээс гарсан хаягдлыг боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олсон ашгаараа ойг нөхөн сэргээж, тэрбум мод тарих ажлыг зохион байгуулж болно. Энэ талаар миний бие хэсэг нөхдийн хамт “Нэг хожуул, нэг мод” төсөл боловсруулан холбогдох газар нь хүргүүлсэн байгаа. Ойн цэвэрлэгээг тодорхой хуваарь төлөвлөгөөний дагуу аймаг орон нутаг, цагдаагийн байгууллага эхнээс нь хамтран шат шатандаа хатуу хяналтан дор явуулж эх орны их баялаг ойн хишгээс зохих хувь хүртэх нөөц боломж нь бидэнд байна.
Гагцхүү авснаа буцааж төлдөг байгалийн хуулийг хатуу сахиж, урьд их гүрний жишгээр ашигласан нэг модныхоо оронд хоёр мод ургуулж чадах юм бол Монгол нутгийн маань ойн баялаг хэзээ ч шавхагдан дундрах учиргүй юм шүү.
Ш.Пүрэвсүрэн
https://sonin.mn/news/peconomy/136628